Баяр, амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд 501 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага бүртгэгджээ. Мөн дөрвөн хүний амь эрсэдсэн харамсалтай явдал гарчээ. Тиймээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Баярын өдрүүдэд товчоодын ачаалал хэр байв?
-Нийслэлийн хэмжээнд зорчиж буй авто машиныг зуун хувь гэж үзэхэд 20-30 хувь нь хотдоо хөдөлгөөнд оролцлоо. Үлдсэн хувь нь хөдөө гадаа явах, зусландаа гарах зэргээр гадагш хөдөлгөөнд оролцож хот сийрэг байсан. Товчоодоор өдөрт дөрвөөс таван мянган машин баяр наадмын өдрүүдэд гарсан байна.
-Орон нутгийг зорьж буй иргэд ямар зөрчил их гаргаж байна вэ. Энэ чиглэлд урьдчилан сэргийлэх зорилгоор ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ?
-ЦЕГ-аас “Ирээдүйгээ хамгаалъя” уриатай “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2021” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байна. Энэ нь өнгөрсөн зургаадугаар сараас ирэх оны 10 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулагдана. Тээврийн цагдаагийн албаны даргын өгсөн үүргийн дагуу улсын хэмжээнд 64 байнгын пост байдагаас хар цэг буюу осол их бүртгэгддэг цэгүүдэд цагийн менежментийн дагуу хяналт шалгалтыг 24 цагаар 111 цэгт 184 албан хаагч явуулж байна.
Одоо орон нутгаас нийслэлийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэссэн тул олон цагаар автомашин жолоодож хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч нарын биеийн чилээг тайлах хөдөлгөөн хийлгэх, хүүхэд буруу тээвэрлэсэн зөрчлийг засуулж, хүүхдүүдэд бүс тэнцүүлэгч өгч, жолооч зорчигч нарын суудлын бүсийг зүүлгэн, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг анхааруулан санамж, зөвлөмж өгч жолооч бүрийг хариуцлагатай хөдөлгөөнд оролцохыг уриалж ажиллаж байна.
-Зам тээврийн осол гарч буй гол шалтгаан нөхцлүүд нь юу байна вэ?
-Нийт зам тээврийн осол гарч байгаа гол шалтгаануудын 60-70 хувь нь орон нутгийн замд үйлдэгддэг. Орон нутгийн замд үйлдэгдэж байгаа зам тээврийн ослуудыг хэлбэрээр нь авч үзвэл ихэнх нь онхолдож байна. Жолооч нар ихэвчлэн хурд хэтрүүлж байна, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил бас буурахгүй байна, хамгаалах бүс хэрэглэхгүй байна, хамгаалах бүс зорчигчийг 60-70 хувь эрсдлээс хамгаалдаг. Мөн хөдөө орон нутгийн замд явахдаа холын гэрлийг ойр дээр нь шилжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Гэрлийн гялбаанд орсон машин урд машинаа харахгүй араас нь орж осол аваар хийж байна. Үүн дээр анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдүүдийнхээ төлөө хөдөлгөөн эхлэхээс өмнө машинаа заавал тойрч харах хэрэгтэй байна. Энэ оны эхний улирлын байдлаар хөдөлгөөн эхлэхийн өмнө машины ойролцоо байсан долоон хүүхэд дайруулж харамсалтайгаар амь эрсэдсэн байна.
Гудамж, замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 167 зөрчлийг илрүүлж /нийслэл/ учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ
Тиймээс хөдөө орон нутаг хот суурин гэлтгүй шөнө оройн цагаар хөдөлгөөнд орохдоо тээврийн хэрэгслийн хурдыг зам орчны байдалд тааруулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.