Тулгар төрийн 2230 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан Монгол наадмын онцлог болоод гарал үүсэл, хэлбэрийн талаар Монгол Улсын Их сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн докторант А.Цэнд-Аюуштай ярилцлаа.
-Үндэсний их баяр наадмын түүхийг хэзээнээс эхлэлтэй гэж үздэг вэ?
-Үндэсний их баяр наадмын талаар ярихын тулд тухайн улсын үндэсний өдрийн талаар ярих хэрэгтэй. Үндэсний өдөр нь тухайн улсын баяр наадам байдаг. Үндэсний өдөр гэдэг ойлголт нь улс орон бүрт тогтсон байдаг зүйл. Тиймээс нийгэм, аж байдал болоод бүхий л зүйлсийг багтаагаад үндэсний өдрийг тэмдэглэдэг. Манай Монгол Улсын хувьд энэ өдөр нь үндэсний их баяр наадам юм.
Аман эх сурвалжаас харахад Монголын баатарлаг туульд хамгийн эхний наадамтай холбоотой баримтууд туссан байдаг. Монгол ихэнх баатарлаг туульд хүргэн талбих буюу хүргэн жинжих ёс дүрслэгдсэн байдаг. Баатарлаг туулийн гол өгүүлэмжүүдийн нэг нь тухайн айлд хүргэн болон ирж буй хүргэнийг шинжихийн тулд унаж яваа хүлэг мориных нь шандсыг сорих, өөрийнх нь хүч бярыг нь сорих, мэргэн харвах чадварыг нь сорих гэсэн гурван шалгуураар туршиж үзэж байж охиноо өгөн хүргэнээ болгодог. Энэ нь аман зохиолд туссан байгаа юм.
Түүхийн талаас Хүннү улсын үеэс Монгол наадмыг эхэлсэн гэж бичдэг. Манай мэргэжлийн салбарын талаас харахад Монгол баатарлаг туульд дээрх өгүүлэмж байгаа учраас эндээс эхлэлтэй гэдэг талаас нь тайлбарлаж байгаа юм.
Хэлбэрийн хувьд Хүннү улсын үед цагаан тэмээ, морь уралдуулж байсан гэх мэтчилэн өгүүлбэрүүд эртний сударт цухас дурдагдсан байдаг. Төрт улс үүссэн үед эрийн хүчийг сорьж үзэх энэхүү үйл нь байсан гэсэн үг юм.
XIII зууны үед эрийн хүчийг сорихоосоо илүүтэйгээр Төрийн сүлдийг цэнгүүлэн тахих шинжтэй болж ирсэн. Энэ үед нум сум харвах, агт шалгаруулах, цэрэг эрийн хүчийг сорих наадам болгон хийдэг байжээ. Чингис хаанаас үүдэлтэй дөрвөн баяр байдаг. Гүүний хурим, Ураг үрсийн хурим, Цагаан сүргийн хурим, Мялаалгын хурим. Өвлийн сард болдог Мялаалгын хурим нь яван явсаар Цагаан сарын баяр болж хувирсан бол Үрсийн хурим, Цагаан сүргийн хурим нийлээд одоогийн Үндэсний их баяр наадмыг бүрдүүлсэн.
-Өнөөгийн наадмын хэлбэр хэзээнээс тогтсон бэ?
-Одоогийн үндэсний гэх тодотголтой наадам бол XIII зууны үед өнөөгийн дүр төрх шинжээ олчихсон байсан. Түүнийгээ Дэлгэр дүүрэн гурван зүйлийн наадам гэж нэрлэдэг байжээ. Чингис хаанаас хойш 37 хааны үед төр үндэсний их баяр наадмыг таслалгүйгээр тэмдэглэж байсан.
Дундад зууны үеэс хэлбэр нь нийгэм цаг үеийн байдлаас шалтгаалан өөрчлөгдсөн. Халхын долоо хошуу нийлэн Халхын долоон хошууны наадам гэж тэмдэглэж эхэлжээ. Учир нь энэхүү баяр нь зөвхөн Халхын долоон хошууны хүрээнд болдог байв. Ингэж явсаар Хүй долоон худагт Богдхан уулыг тахих иргэний ба шашны баяр болгон тахилга болсон юм. Долоон хошууны наадмын дараагийн хэлбэр нь уул овоо тахихад баяр наадмыг хамт хийдэг болсон. Үндэсний их баяр наадам хийх нь алдагдах гээд байсан учир монголчууд заавал хийх ёстой учраас том хэмжээтэй хайрхануудаа тахихдаа түүнтэй хамтатгаж баяр наадмаа хийдэг болжээ. Энэхүү хэлбэр нь цаашлаад Хэнтийхан уулыг тахих наадам хүртэл үргэлжлэн тэр цагаас эхлэн Арван засгийн наадам гэж нэрлэж эхэлсэн. Арван засгийн наадмаа Богд хааныг нас барах хүртэл буюу 1925 оныг хүртэл Ардын засгийн төрийн наадам болгон тэмдэглэсэн.
1922 онд Ардын хувьсгалын нэг жилийн ойг жанжин Д.Сүхбаатарын үүсгэл санаагаар Ардын хувьсгалт цэргийн наадам гэж хийсэн. Анхны Ардын хувьсгалын наадмыг жанжин Д.Сүхбаатар үүсгээд өөрийн биеэр морин цэргийн үзүүлбэрийг гарамгай хийж үзүүлсэн ба энэхүү үзүүлбэр нь морин дээрээс газарт байгаа зоосон мөнгийг шүүрэн авах үзүүлбэр байжээ.
1925 оны тавдугаар сарын 15-нд гарсан шийдвэрээр долдугаар сарын 11 гэх энэ өдрийн тов анх гарсан
Ардын хувьсгалт цэргийн наадам явсаар 1925 онд цэргийн наадмыг төрийн наадамтай нийлүүлэн хийх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. 1925 оны тавдугаар сарын 15-нд гарсан шийдвэрээр долдугаар сарын 11 гэх энэ өдрийн тов анх гарсан. Түүнийгээ Ардын төрийн наадам гэж нэрлэжээ.
Түүний дараагаар Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөс хойш буюу 1946 Ардын хувьсгал ялсны ой хэмээн давхар тэмдэглэдэг болсон. Сүүлд 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг баталсан. Энэхүү хуулиар Тулгар төрийн .... жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны .... жилийн ой, Ардын хувьсгалын .... жилийн ойн үндэсний их баяр наадам гэж заавал хэлэх болсон. Үндэсний их баяр наадмын заавал дурдах ёстой хэлбэрүүд нь эдгээр юм.
-Эрийн гурван наадам гэх хэллэгийн талаар болон шагай харвааны талаар?
-Шагайн харваа нь 2003 онд албан ёсоор Үндэсний их баяр наадмын нэг төрөл болсон. Шагайн харвааг үндэсний уламжлалт спортын нэг төрөл болгосноос хойш Үндэсний их баяр наадам гэж нэрлэх болсон. Шагайн харвааг оруулснаас болон хүйс заахаа больсон учраас Эрийн гурван наадам гэж нэрлэхээ больжээ.
Шагай харваа нь хүн болон байгаль эхийн шүтэлцээг харуулахаас гадна бага зардлаар олон хүнийг наадан цэнгүүлдгээрээ бусад гурван наадмаасаа онцлог юм.
-Цагаан сарын баярын цээрлэх ёсон байдаг. Үүнтэй адилаар Үндэсний их баяр наадмаар аливаа үйлийг цээрлэх ёс бий юу?
-Монгол үндэсний тодотголтой хоёр том баяр байдаг. Энэ нь биднийг бусад улс орноос ондоошуулж, өөрсдийг маань ижилсүүлж чаддаг хоёр том баярын нэг нь Цагаан сар, нөгөө нь Үндэсний их баяр наадам. Энэ хоёр баярын ялгаатай тал нь Цагаан сар нь илүү зан үйлийн шинжтэй. Шинэлэх ёсон, битүүлэх ёсон гээд маш олон зан үйлийн ёс жаягтай. Энэ баяр бол алхам тутамдаа маш том бэлгэдлийг агуулсан байдаг.
Монгол соёл иргэншлийн бүх зүйлийг багтаагаад Үндэсний их баяр наадам цогцлоодог
Харин Үндэсний их баяр наадам нь Монгол соёл иргэншлийн бүх зүйлийг багтаагаад Үндэсний их баяр наадам цогцлоодог. Түрүүн хэлсэнчлэн ураг хуримын өгүүлэмж, идээ ундаа, мал аж ахуйн соёл, үндэсний бүжиг, дуу хуур, үндэсний гэх тодотголтой бүх зүйл зөвхөн Үндэсний их баяр наадмаар цогцлон нэгдэж нийлдэг. Үндэсний өдөр гэх тодотголтой буюу зан үйлийн шинжтэй гэж хэлбэл өрөөсгөл. Тиймээс хорио цээр нь харьцангуй бага. Харин дотор нь байгаа төрлүүдээрээ буюу бөх, морь, сур, шагай гэсэн төрлүүдээр тухайлсан хориглох зүйлс бий.
-Бидний яриа өндөрлөх дөхөж байна. Энэ жилийн хувьд Засгийн газрын хуралдааны дүнд Үндэсний их баяр наадмыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх зайлшгүй шалтгаан бидэнд бий юу?
-Коронавирусийн халдвараас шалтгаалан бүх зүйл цахим болж Үндэсний их баяр наадам болох, болохгүй нь тодорхойгүй байсаар энд хүрлээ. Хамгийн чухал нь Үндэсний их баяр наадын гол агуулгаа бид ойлгох хэрэгтэй. Энэ нь юун түрүүнд үндэсний тусгаар тогтнолын асуудлыг хөнддөг. Үндэсний тусгаар тогтнол гэдэг бол бусад улс оронд бид баяр наадмаа хийж буйгаа харуулах нь бид тусгаар улс гэдгээ соёлын бодлогоороо харуулж байгаа хэлбэр юм.
Үндэсний их баяр наадмаа хийснээр соёлын хувьд засаглалаа зөв тогтоож байна гэж үздэг. Бид ковидоос шалтгаалж олон сар, жилийг алдсан хэдий ч гол зүйлдээ төвлөрөөгүйгээс болж ийм байдалд хүрсэн гэж миний хувьд үзэж байна. Сонгуулийг гол зүйлээ хэмээн харалгүйгээр Үндэсний их баяр наадхаа хэрхэн зохион байгуулах талаар анхаарах ёстой байсан. Иймээс Засгийн эрх барьж байгаа удирдлагуудын алсын хараагүй шийдвэрийн улмаас Үндэсний их баяр наадмаа хийж чадахгүй нөхцөлд хүрсэн гэж би харж байгаа.
Цахим орчинд үндэсний гэх тодотголтой томоохон контентууд хийж наадмаа авч үлдэх бүрэн боломжтой байсан. Хамгийн гол нь мөн чанар, агуулгыг нь ард түмэндээ мэдрүүлж байх нь чухал. Үндэсний их баяр наадам бол бидний ондоошил. Харин нэг жил морь уралдахгүй, бөх барилдахгүй байх, сур шагай харвахгүй байх нь Үндэсний их баяр наадмын мөн чанарыг мэдрүүлэхийн дэргэд ач холбогдол багатай. Эдгээр наадмууд нь ямар учиртай, нийлээд бидний үндэсний соёлыг тодотгож байгаа болохыг цахим байдлаар хүргэвэл илүү ач холбогдолтой.
-Ярилцсанд баярлалаа, сайхан наадаарай!