Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Үнэ ханшид “дэвсүүлсэн“ ЭРҮҮЛ АХУЙ

Ангилал
Нийгэм Фото сурвалжилга Сурвалжлага
Огноо
Унших
10 минут 25 секунд

Үүр цайхтай зэрэгцэн нийслэлчүүдийн мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг “баздаг” Хүчит шонхор захыг зорилоо. Сүүлийн үед шуугиантай мэдээллээр чих дэлсэх болсон энэ захын ажилчдын цаг өглөө бус үүрээр эхэлдэг. Мах нийлүүлэх бөөний хэсэг хөдөө, орон нутгаас махаа нийлүүлэхээр ирсэн малчид, шинэхэн бөгөөд хямд махны эрэлд гарсан иргэд, худалдаачдын хөлд хэдийнээ дарагдсан байлаа. Махны цус, шүүс нь асгарсаар дагтаршиж харласан цементэн талбайг мах худалдаалах стандарт орчин гэж хэлэхэд тун хэцүү. Бүхээгтэй машин дотор гутландаа уут углаж, гулууз дээгүүр гишгэлэх ченжүүд, цус болсон шар даавуугаар тэргэн дээрх махаа бүтээсэн тэрэгчдийн зураглалд иргэд худалдаачид ч “дөжирчээ”.

Хэдэн арван гулуузаа хурдхан зөөгөөд, дараагийн рисээ хийх тэрэгчид хажуугаар дайрч унагаах шахам зөрнө. Ачсан гулуузаа өнөөх дагтаршсан цустай талбайн голд унагасан ч хээв нэгхэн ачаад цааш яаран гүйж байлаа. Хүний бөөгнөрөл ихтэй байгаагаас цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм Хүчит шонхор захад алдагдаж байгаа эрсдэл дагуулж буй юм.

Хүчит шонхор захыг тойрсон олон асуудлуудын дунд эрүүл ахуйн асуудал улиг болтлоо яригддаг. Улиг болсон асуудал өнөөдөр ч яригдсан хэвээр. Хуулийн өмнө торгууль авч, сануулга арга хэмжээ авахаас хэтэрдэггүй энэ газарт хариуцлага ярих цаг болсныг саяхны үйл явдал сануулсан. Тодруулбал, Хүчит шонхор захаас арчдасын шинжилгээ авахад 80 сорьцоос 62-т нь хүний ялгадаст байдаг нян илэрсэн талаар албаныхан мэдээлсэн. Иймд бид арчдасын шинжилгээ авснаас хойш захын мах худалдаалах, нийлүүлэлтийн цэгийн орчин болон нийлүүлэлтийн явцад нийтлэг ямар зөрчил гардаг болохыг тодруулсан юм.

“Мах зөөдөг тэргүүдэд ариутгал хийж, тавцангуудыг шинээр сольсон”

Мах нийлүүлэх хэсэгт хүний хөл хөдөлгөөнөөс гадна зайгүй шахам машинууд зогсжээ. Энд нийтлэг гарч буй зөрчил нь тээвэрлэлт аж. Ингэхдээ зориулалтын бус тээврийн хэрэгслээр мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэж ирэх тохиолдол гардаг ч сануулга өөрөөр арга хэмжээ авах боломжгүй гэдгийг Хүчит шонхор захын малын их эмч А.Энхбаатар хэлж байлаа. Тэрбээр “Хөдөө орон нутгаас ирж байгаа мах ачсан тээврийн хэрэгсэлтэй малчдаас гарал үүслийн бичгийг үндэслэж зах руу оруулдаг. Хоёрдугаарт, мах тээвэрлэлтийн эрүүл ахуйг анхаардаг. Ингэхдээ зориулалтын бус тээврийн хэрэгсэлд санамж зөвлөгөө зааврыг өгч ажилладаг. Тээвэрлэлтийн явцад махны чанар муудсан тохиолдолд шинжилгээ хийж, хурааж устгалд оруулах арга хэмжээ авдаг. НМХГ-аас ирж арчдасын шинжилгээг авсан. Мэргэжлийн хяналтын байцаагч нартай газар дээр нь зөрчлийг арилгах арга хэмжээ авсан. Тухайлбал, мах ачдаг тэрэгнээс арчдасын шинжилгээгээр нян илэрсэн. Мах зөөдөг тэргүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, тавцангуудыг шинээр сольсон.

Хувь хүмүүс аминыхаа машинд махаа тээвэрлээд ирж байгаа. Захын алба хаагчдын зүгээс ганцхан өнөөдөр шаардлага тавиад дуусах асуудал биш шүү дээ. Шат шатны удирдлагууд анхаарлаа хандуулж, мах ачсан зориулалтын бус тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхгүй байхад асуудал үүсэхгүй. Нэг үеэ бодоход мах нийлүүлэхээр ирж буй малчид, ченжүүд зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж ирдэг болсон. Тухайлбал, байнгын мах зөөдөг иргэд хөргүүртэй, бүхээгтэй машинаар махаа зөөдөг болсон” гэлээ. Харин зориулалтын бус тээврийн хэрэгслээр мах ачиж ирсэн машинуудад ямар арга хэмжээ авдаг талаар тодруулахад “Зуны улиралд махаа ачаад ирж байгаа машиныг буцаах арга байдаггүй. Тиймээс сануулга өгч, дараагийн удаа мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэхдээ анхаарахыг сануулдаг” гэсэн юм.

Мах ачсан машинууд гулууз, дайвар бүтээгдэхүүнээ нимгэн картон, ногоон цаасан дээр тавьсан байлаа. Өөрөөр хэлбэл, махыг тэвшнээс тусгаарлах хэсэгт ариун цэвэр мөрдөгдөхгүй байгааг эндээс харж болно. Налайхын бойн дээрээс шинэхэн мах авчирсан гэх малчин "Бид гарал үүсэл, мал эмнэлгийн 2-3 бичгийг бүрдүүлж байж ирдэг шүү дээ. Аль болох бөөний хямд үнээр махаа өгдөг. Гэхдээ ченжүүд үнээ нэмж худалдаачдад зардаг" хэмээв.

Шонхорынхны хэлдэг “ХЯМД” мах 16 мянган төгрөгийн үнэтэй

Махны жижиглэн худалдааны зааланд иргэдийн хөдөлгөөн өглөөний зургаан цагаас хойш нэмэгдэж байв. Худалдан авагч зөрөх төдийд “Шинэ хонины мах шүү” хэмээн өндөр дуугаар худалдаачид орилно. Мянган “цаас” ч гэсэн татуу үнэтэй мах худалдан авахаар хар үүрээр “ХҮЧИТ ШОНХОР”-ыг зорин ирсэн иргэд “80 сая малтай хэрнээ махныхаа үнийг дийлэхгүй” хэмээн бухимдахтай таарав. Иргэд мах худалдаалах заалд орчин нөхцөлийг харахаас илүүтэй махны үнэд анхаарлаа хандуулж, худалдан авалт хийсээр гарч одно. Энэ байдалд худалдаачид ч дассан нь илт. Учир нь эрүүл ахуй, стандарт орчин нөхцөлийн талаар яриа дэлгэх хүн тун ховор. Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангадаг томоохон худалдааны захаар Хүчит шонхор зах нэрлэгддэг. Гэвч хямд үнэтэй хэмээн цоллох дуртай ч бодит байдал дээр үнэ өндөр байгааг ХҮЧИТ ШОНХОР-ын нэг өглөөний нөхцөл байдлаас харж болно.

Ченж, малчдаас авсан махаа худалдаачид үндсэн бөөний өртгөөс 1-3 мянган төгрөгөөр нэмэгдэж, иргэдийн гар дээр очиж байна. Тухайлбал, хонины мах бөөний үнэ 8500 төгрөг. Харин жижиглэн худалдааны худалдаачид 9600 төгрөгийн ханштайгаар махаа зарж байлаа. Харин үхрийн махыг бөөний үнээс жижиглэнгийн хэсэгт 3-4 мянган төгрөгөөр ахиу худалдаалж байв.

·Адуу- 11500 төгрөг /бөөний үнэ/

-12000 төгрөг /жижиглэн худалдааны үнэ/

·Үхэр - 9800-10000 төгрөг /бөөний үнэ/

-16500 төгрөг /ястай махны жижиглэн худалдааны үнэ/

-14000-14500 төгрөг /цул махны жижиглэн худалдааны үнэ/

·Хонь- 8500 төгрөг /бөөний үнэ/

-9600 төгрөг /цул махны жижиглэнгийн үнэ/

-11000 төгрөг /ястай махны жижиглэнгийн үнэ/

·Ямаа- 7800 төгрөг /бөөний үнэ/

-9700 төгрөг /цул махны жижиглэнгийн үнэ/

-11300 төгрөг /ястай махны жижиглэнгийн үнэ/

“Хүний бөөгнөрөл ихтэй ч тоох хүн алга”

Худалдагчид махаа жижиглэнд бэлдээд завгүй. Энэ зуурт тэдний заримынх нь хувцас бохирдож, хоосон шахуу лангууны өнцөг буланд хэдийнээ дагтаршиж тогтсон цус ч харагдав. Гэхдээ нэг үеэ бодоход худалдаачид гартаа нэг удаагийн бээлий өмсөж, амны хаалтаа зүүх болсон гэдгийг иргэд хэлж байлаа. Махны заалаар үйлчлүүлж, худалдан авалт хийж буй иргэдээс захын худалдааны эрүүл ахуй, үнэ ханшийн өсөлт зэргийн талаар байр суурийг нь сонслоо.

Иргэн Б.Нарантуяа “Малчдын гар дээрээс мах авах гээд өглөө эрт босоод ирсэн. Гэтэл хөл тавих зай алга байна. Махны үнэ ч тэнгэрт хадсан байна. Үнэ өссөн ч худалдаж авахгүй гээд яахав дээ. Үнэтэй ч гэсэн махаа худалдаж авна даа. Эрүүл ахуй тал дээр өмнөхтэй харьцуулахад дээрдсэн гэж хардаг. Урьд нь орчин нөхцөл дэндүү гэмээр харагддаг байсан нь үнэн шүү дээ. Саяхан торгуулийн арга хэмжээ авахуулсан гэж сонссон. Хяналт шалгалт, шаардлагыг холбогдох байгууллагууд тавиад эхлэхээр дээрдсэн болов уу гэж харсан. Өнөөдөр махны үнэ хараад нүд орой дээр гарах дөхлөө” гэлээ.

Иргэн С.Цэнд “Сая мах худалдаалах хэсэг рүү орсон хүн ихтэй байна лээ. Жижиглэнгээр л худалдаж авлаа. Махны үнэ ч нэмэгдсэн харагдсан. Хүний бөөгнөрөл ихтэй учраас эрсдэл өндөр харагдаж байна” хэмээж байв.

Торгуулахаас нааш хөдөлдөггүй МОНГОЛ зан

Арчдасын шинжилгээ авснаас хойш даруй арван хоног өнгөрсөн. Тухайн үед захын удирдлага, лангуу түрээслэгчдэд торгуулийн арга хэмжээ авч, эрүүл ахуйн орчиндоо анхаарах албан шаардлагыг хүргүүлж ажилласан талаар НМХГ-аас мэдээлж байв. Энэ хугацаанд Хүчит шонхор захад ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн гэдгийг хэлж байна. Тэгвэл торгуулахаас нааш хөдөлдөггүй, сануулга өгөхөөс өөр үед эрүүл ахуйн орчинд анхаарал хандуулдаггүй хүчит шонхорынхон энэ удаа хаширсан эсэх нь эргэлзээтэй.

СУРВАЛЖИЛГА: Үнэ ханшид "дэвсүүлсэн" ЭРҮҮЛ АХУЙ
СУРВАЛЖИЛГА: Үнэ ханшид "дэвсүүлсэн" ЭРҮҮЛ АХУЙ
СУРВАЛЖИЛГА: Үнэ ханшид "дэвсүүлсэн" ЭРҮҮЛ АХУЙ
СУРВАЛЖИЛГА: Үнэ ханшид "дэвсүүлсэн" ЭРҮҮЛ АХУЙ
СУРВАЛЖИЛГА: Үнэ ханшид "дэвсүүлсэн" ЭРҮҮЛ АХУЙ
СУРВАЛЖИЛГА: Үнэ ханшид "дэвсүүлсэн" ЭРҮҮЛ АХУЙ
СУРВАЛЖИЛГА: Үнэ ханшид "дэвсүүлсэн" ЭРҮҮЛ АХУЙ
СУРВАЛЖИЛГА: Үнэ ханшид "дэвсүүлсэн" ЭРҮҮЛ АХУЙ
СУРВАЛЖИЛГА: Үнэ ханшид "дэвсүүлсэн" ЭРҮҮЛ АХУЙ

Шуурхай: Хүний амь хөнөөсөн этгээд амиа хорлосон байдалтай олджээ
Шуурхай: Хүний амь хөнөөсөн этгээд амиа хорлосон байдалтай олджээ
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.