Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг бүтэн жилээр хойшлуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эсэргүүцсэн уяачид Сүхбаатарын талбайд морьт жагсаал хийж, "NoNaadam" хөдөлгөөнийхөнтэй мөргөлдөх шахам үйл явдлаар өндөрлөв. Цагийг нь тулгаж гаргасан шийдвэрээс болж, уяач, бөх, сур харваачид хэдэн сарын хөрөнгө, хөдөлмөрөө үнэгүйдүүлсэндээ гомдолтой байна гэдгээ хэлж байсан. Тиймээс "Хүй долоо худаг"-т нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.
Биднийг "Хүй долоо худаг"-аас "Цагаан хөтөл"-д байх уяачдын гал руу явах замд анир чимээгүй дүнсийх наадмын талбай, морьд нь үгүй уяаны шонгийн дүр зураг хөврөхийн сацуу урам нь хугарсан уяачид наадамд сойсон хүлгээ ачин буцаж байлаа. Тэдний дунд Увс аймгаас тойруугаар 4000 гаруй километр зам туулж ирсэн уяач ч таарлаа.Тэд туслах уяач, унаач, унаачдын ар гэрийнхэн, өвс хадлан бэлддэг хүмүүс гээд маш олон хүний бүрэлдэхүүнтэй "Хүй долоо худаг"-т ирж байрлаад байжээ.
"Наадам болохгүй ч унаач хүүхдүүдийн цалинг өгнө"
Увс аймгийн уяач С.Баттэгш "Миний аав Увс аймгийн алдарт уяач Сүхээ гэж хүн байсан. Тэнгэрт заларсан аавынхаа хүслийг гүйцээхээр тойруугаар 4000 гаруй километрыг туулан 100 жилийн ойд хүлэг морьдоо сойхоор зорин ирж, өнөөдрийг хүртэл /2021.07.02/ бэлтгэж ирсэн, наадам хойшлуулах шийдвэр гарсанд харамсалтай байна. Маш их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцууллаа. Бүтэн нэг жилийн хөдөлмөр зарцуулсан ажлыг маань төр засаг нэг л өдөр үгүй хийж байгаад гомдолтой байна. Миний хувьд л гэхэд нэг моринд жилд дунджаар сая гаран төгрөг зарцуулж байна. Хэрвээ төр засаг шийдвэрээ эртхэн гаргасан бол бид шийдвэрийг хүлээн авч, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирохгүй нутагтаа малаа маллаад явж байх байлаа. 4000 гаруй километрийг туулж ирчихээд үр дүнгүй, буцаад гэрээ ачаад зогсож байгаадаа үнэхээр сэтгэл дундуур байна. Уяа сойлго нь таараад эвлэсэн морьдоо буцаагаад тавина гэхээр сэтгэлд багтахгүй юм. Наадам болохгүй гэсэн чинь манай морины хүүхдүүд хүртэл дуугарахаа больсон. Хүүхдүүдээ асран хамгаалагч аав ээжтэй нь авч явж байгаа надад гэлтгүй бүх уяачдад гомдолтой зүйл болж байна. Гэхдээ наадам болоогүй ч гэсэн унаач хүүхдүүдийнхээ цалинг өгөх болно" гэв.
"Наадам болохгүйг сонсоод уйлсан"
Унаач хүүхдүүд Х.Содномцэрэн, Б.Цэнгүүн "Унадаг морь маань хурдан байхад наадам хойшилсонд нь сэтгэл дундуур байна. Морь унаж сурч байсан хүүхдүүдийг хөл хорио гээд л балласан. Нөгөө хүүхдүүд нь жаахан том болчихоор морь унах ирээдүйгүй болчихдог. Би л гэхэд 10 гаран жил хурдны морь унаж байна. Хамгийн анх таван настай байхдаа морь унаад уяа тойрохдоо уйлж байсан. Намайг ах маань битгий уйл уяан дээр уйлдаггүй юм хэмээн захиж байсан. Төд удалгүй би Яруу хээр азаргатай Сүхбаатарын наадамд түрүүлсэн.
Улсын наадам болохгүй гэсэн чинь уйлсан.Маш муухай санагдаж байсан. Хоол хоолойгоор давахгүй наадмын өмнөх шөнийг нойргүй догдлон хүлээж хонодог юмсан" гэлээ.
Цааш явтал морьд нь эзгүй шон, гэр бараагаа ачиж байгаа уяачидтай таарсан юм.
"Иргэдээ хүндэлдэггүй төр засгийг ойлгохгүй байна"
Нийслэлийн Алдарт уяач Л.Мөнх "Энэ жил зарим нутгаар хур бороо оролгүй гандуу байсан учраас хол явж морьдоо ногооллоо. Монгол өв соёл дархлаагаа гээж баяр наадмаа цуцалж байгаа нь маш буруу шийдвэр хэмээн үзэж байна. Халуунд халж хүйтэнд хөрж байж өдийг хүртэл ирэхэд иргэдээ хүндэлдэггүй төр засгийг би ойлгохгүй байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.
"Наадам хийхгүй шийдвэрээ эрт гаргасан бол уяачид хүндэтгэн хүлээн авах байсан"
Монгол Улсын тод манлай уяач Б.Бат-Өлзий "Засгийн газар наадам хийхгүй шийдвэрээ эрт гаргасан бол цар тахалтай холбоотойгоор уяачид шийдвэрийг нь хүндэтгэж хүлээн авах байсан. Хамгийн гол нь иргэд эсэргүүцээд байхад орон нутгийн баяр наадмыг хориглож, нийслэлд цахимаар хийнэ гэсэн шийдвэр гаргахаар нь бид бэлтгэлдээ гарахаар Улсын наадмаа зориод ирсэн. Баяр наадам болохоос ердөө 8, 9-хөн хоногийн өмнө шийдвэрээ дахин өөрчилсөнд л бухимдаж байна. Үүний цаана олон хүний ажлын байр, хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр яригдаж байна. Миний хувьд 10 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Өнөөдрийн болсон жагсаалыг харж байхад залуу үе Монгол ахуй соёл гэдэг зүйлээс холдсон байна. Малчин ардууд уяачдыг бүдүүлэг “орк” ууд гэсэн байдлаар хандаж, хашгирч доромжилж байгаа анзаарагдсан. Сүүлийн үеийн зарим залуус юмыг хайрлах сэтгэлгүй болж хүмүүжиж байгааг харлаа. Хөдөө өссөн хүүхдүүд аав ээжийгээ хайрлана, адуу малаа хайрлана, нутаг усаа хайрлана, үүнээс үүдэн эх орноо хүртэл хайрлах сэтгэхүй суудаг юм байна. Одоо тэгээд нэгэнт л ийм шийдвэр гарсан хойно морьдоо тавина шүү дээ. Манай төр засаг үнэхээрийн болчимгүй шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэртээ эзэн болж чадахгүй байна" хэмээлээ.
Төр засгийн эргэж буцсан шийдвэрээс болж олон зуун километрийг туулж ирсэн уяачид урам нь хугарсан, гал нь буурсан нүдээр дутуу дулимагхан инээмсэглэж “Дараа жилийн наадмаар ахаасаа ирж яриа аваарай, цар тахалгүй сайхан наадах өлзийтэй ерөөлийг амны бэлгээ бодон өргөе” хэмээн биднийг үдэж мордууллаа.
Гэрэл зургийг Г.Жавхаатөгөлдөр