"Eruul.gerege.mn"-ий төлбөрийн асуудлыг шийдэж чадаагүйгээс болж ПСР шинжилгээ авахаа түр зогсооно гэх мэдээлэл өчигдөр цацагдсан. Харин ОБЕГ-аас төлбөрөө өнөөдрийн дотор /2021.07.01/ шийднэ гэдгээ мэдэгдсэн ч одоо хүртэл төлбөрөө төлөөгүй байгаа аж. Тодруулбал, тус компани ажлын хөлсөө авч чадаагүй байгаа хэдий ч "Иргэдийн эрүүл мэнд, амь нас, цар тахалтай тэмцэж буй эмч, ажилтнуудын хичээл зүтгэлийг үнэгүйдүүлэхгүйн тулд системээ хэвийн ажиллагаанд оруулахаар боллоо" хэмээн мэдэгдээд байна.
Харин шинжилгээний цэгүүдийн нөхцөл байдал ямар байгааг тодруулахаар Сүхбаатар дүүргийн шинжилгээний цэг болох 143 дугаар цэцэрлэгт очиход шинжилгээ өгөхөөр дугаарлаж байгаа хүмүүс бөөгнөрөл үүсгэсэн байдалтай байлаа.
Шинжилгээ авч буй эмч А.Батмөнх "Шинжилгээнд хамрагдахаар ирж буй хүмүүсийн тоо маш их байна. Амралтын өдрүүдээр хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгддэг тул өнөөдөр очер дараалалтай байна. Өчигдөр gerege.mn ажиллаагүй ч манай дээр хүндрэл үүсээгүй. Сүүлийн үед хүүхдүүд шинжилгээ өгөх нь ихэссэн. 0-17 насны хүүхдүүдээс шинжилгээ авахгүй гэсэн Эрүүл мэндийн сайдын тушаал байдаг болов ч хүүхдүүд халдвар авах, тараах нь элбэг байгаа болохоор боломжоороо шинжилгээг авч байна.
Харин иргэдийн зүгээс "Очер дараалал маш их байна. Хоёр гурван цаг дугаарлах нь энүүхэнд байна" гэж байлаа.
Э.Мягмарнаран