ПСР шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн болон шинжилгээ өгөөгүй иргэд Казакстанаас Улаанбаатар руу ирэх гэж байсныг таслан зогсоосон байна. Энэ талаар "Хүннү эйр" компаниас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Дэлхий нийтээр тархаад байгаа "Covid-19" цар тахалд улс орон болгон тартагтаа тултлаа сөхөрч хүнд хэцүү цаг үеийг даван туулахын төлөө чадлаараа хичээж байхад ухамсар дорой хүмүүсийн арчаагүй үйлдлээс болж өөрсдийгөө болоод өрөөлийг хохироох үйлдэл гарч байгаад бидний зүгээс маш их харамсаж байна. Энэ хүнд хэцүү үед эх орондоо ирэх гэсэн иргэдээ авчрахын тулд манай компани бүхий л чадлаараа ажиллаж байна. Гэтэл БНКазУлстай агаарын хил нээгдээгүй учраас нэг нислэг үйлдэхийн тулд олон газар руу хүсэлт явуулж маш олон шат дамжлагаар УБ-Алматы-УБ чиглэлийн нислэгийн зөвшөөрөл товлосон өдөрт тулгаж ирдэг байхад ардаа маш олон хүний боломжийг хааж нислэгт бүртгүүлчихээд өөрийн буруутай үйлдлээс болж өөрөө ч, боломжоо хаалгасан олон хүнийг хохироож байгаад харамсаж байна.
Манай компанийн зургаадугаар сарын 30-ны өдрийн Алматы-УБ чиглэлийн нислэгт PCR- шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн, шинжилгээ өгөөгүй гэсэн зөрчилтэй 40-өөд тооны зорчигчид эх орондоо ирж чадсангүй. Эх орондоо гаднаас халдвар тээгээд оччихвий гээд хамгийн түрүүн PCR-ийн шинжилгээгээ хийлгэх байтал улс орноо хууран, өөрийг тань хүлээн суугаа ах дүү хамаатан саднаа аюулд оруулах эрсдэл тээн ирэх нь ухамсарт хүний үйлдэл мөн үү. Улс орон болгон гаднаас аюулыг нэвтрүүлэхгүй байх бүх л боломжийг эрэлхийн чадлаараа ажиллаж байгаа тул худал хуурмаг бүхнийг хамтын хүчээр олж илрүүлэн шаардлагатай арга хэмжээ авч байгаа гэдгийн илрэл өнөөдөр харагдаж байна гэж үзэж байна.
Иймд бусдыг хуурч өөрийгөө болоод өрөөлийг хохироох үйлдэл хийхгүй байхыг иргэд та бүхэнд анхааруулж байна" гэжээ.