Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НГБХЗХГ: “Засгийн газар хурдан морины уралдааныг цуцлавал бид шийдвэрийг нь дагана”

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 10 секунд

Жил бүрийн наадмаар унаач хүүхдийн эрх ашиг, аюулгүй байдлын асуудал сөхөгддөг. Халдварын нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед хурдан морины уралдааны зохион байгуулалт тэр дундаа унаач хүүхдүүдийн халдвар хамгааллын асуудал яригдаж эхэллээ. Тэгвэл хурдан морины уралдааны зохион байгуулалтын үед унаач хүүхдийг халдвар авхуулахгүй байх тал дээр хэрхэн ажиллах, ямар зохицуулалт хийх талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Х.Оюунтуяагаас тодрууллаа.

-Хурдан морины уралдааны үеэр хамгийн эрсдэлтэй бүлэг болох вакцингүй хүүхдүүд нэг дор цугларах цаашилбал тэд халдвар авах, тархах эрсдэл өндөр байна. Энэ жил унаач хүүхдүүдийн халдвар хамгааллын дэглэм, зохион байгуулалтын үйл явцад ямар зохицуулалтуудыг хийж ажиллах вэ?

-Энэ жилийн хурдан морины уралдааны зохион байгуулалтыг урьд жилүүдтэй харьцуулахад нэлээн онцлог байдлаар хангахад анхаарч байна. Ингэхдээ халдварын нөхцөл байдалтай холбогдуулан унаач хүүхдийн халдвар хамгаалал, эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах шаардлагатай болсон. Иймд тодорхой хэд хэдэн төлөвлөлтүүдийг хийж байгаа. Жишээлбэл, энэ жил унаач хүүхдүүдэд зориулан хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлнэ. Үүнд мэргэжлийн сэтгэл зүйч нар ажиллана. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах тал дээр ариутгалын бодис, шингэнийг зохих зааврын дагуу бүртгэлийн талбайд байршуулна. Унаач хүүхдүүдийг амны хаалт, бээлийгээр хангана. Түүнчлэн унаач хүүхэд бүрийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Эмнэлгийн багт эмч, сувилагч, сорьц авагч нийлсэн таван хүн ажиллана. Тухайн унаач хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд тусгаарлах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах арга хэмжээ авна. Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулдаг. Ингэхдээ тодорхой шалгууруудыг хангасан, гэрээлсэн даатгалын компаниудтай хамтран ажиллана. Унаач хүүхдийн амь насыг 20 сая хүртэлх төгрөгөөр даатгадаг. Бүртгэлийн талбайд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх зорилгоор орц, гарцыг нэг урсгалтай байлгана.

-Уяач нарт ямар шаардлагыг тавьж байгаа вэ?

-Хурдан морь уяачдыг вакцины хоёр тунд хамрагдах шаардлагыг тавьж байгаа. Вакцины хоёр тунгийн гэрчилгээ байхгүй, унаач хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд уралдаанд цаашид оролцуулахгүй. Энэ жилийн хувьд халдварын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан уяач, асран хамгаалагчтай байгуулах гэрээнд өөрчлөлт оруулж өгсөн. Уяачдын галуудаар явж сануулга, зөвлөмжийг өгч байгаа бөгөөд энэ үеэр үүсч болзошгүй эрсдлийг хариуцлагажуулах тал дээр гэрээнд оруулсан өөрчлөлтөө мэдээлж байгаа. Хэрвээ асуумжинд буруу хариулах, унаач хүүхдэд халдварын шинж тэмдэг илэрснийг мэдсээр байж уралдааны талбайд ирүүлснээс гарах эрсдлийг асран хамгаалагч, уяач хариуцах хэрэгтэй болно.

-Түргэвчилсэн шинжилгээ авах ажлын зохион байгуулалтыг хэрхэн хийх талаар нарийн мэдээлэл өгөхгүй юу?

-Түргэвчилсэн шинжилгээ нь 72 цагийн хүчинтэй байдаг. Унаач хүүхэд 72-оос дээш цагийн хугацаанд дахин өөр насны хурдан морины уралдаанд оролцох тохиолдолд давтан шинжилгээ өгөх зохицуулалтыг хийнэ. Өөрөөр хэлбэл, уралдааны давтамжаас шалтгаалан унаач хүүхэд хоёр удаа ч шинжилгээнд хамрагдана гэсэн үг юм.

-Унаач хүүхдүүдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Гараанаас гарахад унаач хүүхэд заавал амны хаалт зүүсэн байна. Морь уралдаж байх явцад хүүхэд амны хаалттай уралдана гэдэг асуудалтай. Энэ нь тухайн хүүхдийн сонголтын л асуудал. Гэхдээ барианд ирж, хүмүүстэй харилцаа үүсгэхдээ амны хаалтаа заавал зүүсэн байх шаардлагыг тавьж байгаа.

-Унаач хүүхдүүдийг болзошгүй эрсдлээс сэргийлж даатгалд хамруулдаг. Хэрвээ халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед Даатгалын компаниуд унаач хүүхдүүдийг даатгалд хамруулахаас татгалзаж эхэлбэл ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрвээ ийм асуудал үүсвэл шийдвэр гаргах төвшиний байгууллагууд ажиллаж, тохирсон шийдвэр гаргах байх.

-Хүний эрхийн үндэсний комиссоос хурдан морины уралдааныг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүллээ. ГБХЗХГ бол хүүхдийн эрх ашгийг хамгаалах тал дээр байр сууриа илэрхийлэх ЭРХТЭЙ байгууллагуудын нэг. Цар тахлын үед унаач хүүхдүүдийг олноор цуглуулж, халдварын эрсдлийг нэмэгдүүлж буй үйлдэлд танай байгууллага ямар байр суурьтай байна вэ?

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг. Иймээс төрөөс ямар шийдвэр гаргана бид түүнийг хэрэгжилтийг ханган ажиллана гэсэн үг шүү дээ. Одоогоор Засгийн Газрын зургадугаар сарын 23-ны өдрийн 171-р тоот тогтоолын хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Засгийн газар хурдан морины уралдааныг цуцлавал бид тухайн шийдвэрийг дагана.

-Унаач хүүхдийн хамгаалах хувцас хэрэгсэлд хэрхэн хяналт тавих вэ?

-Хүүхдийн хамгаалах хувцас хэрэгслийн стандартад Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана. Уяачид унаач хүүхдээ хамгаалах хувцас хэрэгслээр бүрэн хангасан байх ёстой.

Халдвараар эмчлүүлж буй 14 настай охин
Халдвараар эмчлүүлж буй 14 настай охин "Эмч хүчирхийлэхийг завдсан" гэж гомдол гаргажээ
 
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.