Шинэ сар гарч байгаатай холбогдуулан энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв ямар байгаа талаар Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Орчил урсгал урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн Ерөнхий инженер Б.Жаргалантай ярилцлаа. Тэр тусмаа Үндэсний их баяр наадмын өдрүүдээр цаг агаар ямар байх урьдчилсан төлөв гарсныг хүргэж байна.
-Ирэх долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв ямар байх вэ?
-Ирэх долдугаар сард агаарын дундаж температур нутгийн өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгуудаар олон жилийн дунджаас дулаан, харин Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджаас хол зөрөөгүй байх төлөв гарсан байна.
-НИЙТ НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУНДАЖ ОРЧИМ БАЙНА-
-Долдугаар сарын дундаж температур өмнө жилийн дундажтай харьцуулахад ямар байгаа вэ?
-Ер нь долдугаар сарын агаарын дундаж температур сүүлийн жилүүдэд, ялангуяа 1999-2017 оны хооронд хамгийн дулаан буюу олон жилийн дунджаас 2–3°С–аар дулаарч өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 34–39°С хүрч халж байв. Харин өнгөрөгч онуудад буюу 2018-2020 онуудад нийт нутгаар олон жилийн дундаж орчим байсан ба энэ жил ч мөн адил байна.
-Наадмын өдрүүдээр цаг агаар ямар байх төлөвтэй вэ?
-Одоогийн байдлаар баяр наадмын өдрүүдэд зүүн аймгуудын нутгуудаар бороо хуртай, сэрүүхэн байх төлөвтэй байгаа бол бусад нутгаар дулаарч, өдөртөө 28-32 градус хүрч халах магадлалтай байна. Мөн зарим газраар ялангуяа төвийн бүс нутгаар халалтаас үүсэх дуу цахилгаантай ус ихтэй аадар бороо орж болзошгүй байгаа хэдий ч тав хоногийн нарийвчилсан урьдчилсан мэдээг тухай бүрт нь авч ашиглахыг анхааруулж байна.
-ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГУУДААР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ИЛҮҮ БОРООТОЙ-
-Энэ зун их бороо орж байна. Өмнө жилүүдийн дундажтай харьцуулахад ямар байгаа вэ?
-Өнгөрөгч зургаадугаар сарын хувьд Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгуудаар болон Дундговь, Дорноговийн хойд, Хэнтийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, харин Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгуудаар болон Төв аймгийн өмнөд хэсгээр харьцангуй бага тунадас орсон бол ирэх долдугаар сард нутгийн өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас бага, харин газар тариалангийн бүс нутгаар буюу Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгууд болон Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.
-Хөдөө орон нутгийн малчдад сэрэмжлүүлэх мэдээ бий юу? Жишээ нь хэт халах, ган болох эсвэл үер буух гэх мэт үзэгдэл болох уу?
-Долдугаар сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна. Харин нутгийн өмнөд хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа нь дээрх бүс нутгуудаар хуурай гандуу байх нөхцөл бүрдэж болзошгүй байгаа тул малчид ард иргэд цаг агаарын мэдээг тухай бүрт авч ашиглах нь зүйтэй байна.