Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ургамлын харшилтай бол мана 4, норов 7 танг хэрэглэхгүй байх ёстой”

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 16 секунд

“Ковид-19” ба харшлыг хэрхэн ялгах боломжтой талаар Арьсны Өвчин Судлалын үндэсний төвийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Батцэцэг мэдээлэл өглөө.

-Сүүлийн үед харшлын шалтгаант өвчлөл хүмүүсийн дунд элбэг болсон. Ер нь энэ төрлийн өвчлөл нь дотроо олон төрөл байдаг уу?

-Арьс салст бол хүний биеийн хамгийн том эрхтэн юм. Иймдээ харшлын шалтгаант өвчлөл нь дотроо олон янз байдаг. Тухайлбал, хавьтал харшлын дерматит буюу арьсны үрэвсэл, атопийн дерматит, чонон хөрвөс, намарс, хордлого харшлын дерматит хамар, нүд, судасны үрэвслүүд гэх мэт харшил манай оронд элбэг тохиолддог. Эдгээрийг олон нийт харшил гэсэн ерөнхий ойлголтод хамаатуулан авч үздэг.

-Харшлын үед нийтлэг илэрдэг шинж тэмдэг юу вэ?

-Харшлын үеийн олон шинж тэмдэг бий. Үүний дотор хүн амын дунд нийтлэг илэрдэг шинж тэмдгүүд байна. Тухайлбал, нулимс гоожих, тууралт, нус гоожих, ханиаж найтаах, нүд улайх, загатнах гэх мэт ерөнхий зовуур илэрдэг.

-Урин дулааны улиралд тоосны харшил хүмүүсийг зовоодог. Ургамлын тоосны харшил сэдрэх шалтгаан нь юу байдаг вэ?

-5-6 сард хус, улиас, бургас мод, харин 6-7 саруудад биелэг, согоовор, ерхөг гэх мэт ургамал тоосоо гөвдөг. Түүнчлэн 7-8 сард шарилж, лууль, хамхуул зэрэг хөл газрын ургамлууд тоосоо унагаснаар ургамлын тоосны харшил сэдрэх үндэс болдог. Манай орны хувьд ургамлын тоосны харшил элбэг тохиолддог.

-Харшлын үед илэрдэг шинж тэмдгүүд ковид 19-тэй төстэй байна. Иймд харшлыг ковид 19-өөс хэрхэн ялгах талаар зөвлөгөө өгөөч?

-Ургамлын тоосны харшил нь ковид 19-тэй төстэй шинж тэмдгүүдээр илэрч байгаа. Үүнээс шалтгаалан харшлаа ковид 19-тэй андуурах тохиолдол гарч байна. Ковид-19 болон харшил нь найтаах, хамар битүүрэх, ханиалгах гэсэн шинж тэмдгүүдээр төстэй. Иймд харшил болон ковид 19-ийн шинж тэмдгүүдийг хооронд нь ялгах хэрэгтэй. Тухайлбал, харшлын үед нүд улайх, нулимс гоожих, хамар, тагнай загатнах, нус гоожих, бачуурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Харин ковид-19 халдварын үед халуурах, толгой өвдөх, амт үнэр мэдрэхгүй байх, цээж, үе мөчөөр өвдөх, ядарч сульдах, суулгах гэх мэт шинж тэмдэг илэрдгээрээ харшлаас ялгаатай. Ковид 19-ийн шинж тэмдэг ихэвчлэн 7-25 хоног илэрдэг бол ханиад 14 хоног хүртэл үргэлжилдэг. Харин харшил эдгээрээс удаан хугацаагаар үргэлжилдэг гэж хэлж болно. Хамгийн гол нь ургамлын тоосны харшлын үед амьсгаадах, халуурах, булчин өвдөх, суулгах гэсэн шинж тэмдгүүд илэрдэггүй. Харшлын үед илрэх шинж тэмдгээ мэдэж байгаа тохиолдолд халдвар илрүүлэх шинжилгээ өгч, нэмэлт хөл хөдөлгөөн хийх шаардлагагүй.

-Ургамлын тоосны шалтгаант харшлын үед ямар зөвлөмжийг дагах хэрэгтэй вэ?

-Малгай маск нүдний шил зэрэг хувийн хамгаалалтын хэрэгслийг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Эдгээр нь энгийн хэдий ч ач тус ихтэй. Өглөөний 04-10 цаг, оройны 17-20 цагуудад ургамлын тоос ихээр агаарт цацагдах тул хаалга цонхоо хаах болон гадуур явахдаа амны хаалтыг зүүнэ. Мөн өөрийн харшилтай ургамлын тоосжилтын үеэр хөдөө орон нутаг явахгүй байх, ургамал ногоо ургасан газраас аль болох хол явах хэрэгтэй байдаг. Түүнчлэн ургамлын гаралтай эм, тан хэрэглэхгүй байвал зохистой. Ковид-19 халдварын эмчилгээнд мана 4, норов 7 танг хэрэглэж байгаа. Хэрвээ ургамлын тоосны харшилтай бол эдгээр тангуудыг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Энэ жилийн хувьд бороо хур ихтэй жил байна. Бороо орсны дараа ургамал тоосоо гөвөх байдал нь нэмэгддэг. Энэ үед энгийн бөгөөд үр дүнтэй арга бол цонхондоо хаалт хийх юм.

-Өөрийн харшилтай ургамал ургасан газраас аль болох хол явах хэрэгтэй гэлээ. Тэгвэл өөрийн харшилтай ургамлаа хэрхэн мэдэх вэ?

-Ямар ургамлын харшилтай гэдгээ мэдэхийн тулд Арьсны өвчин судлалын үндэсний төвд дээр ирж, харшлын сорил тавиулж болно. Ингэхдээ төрөл бүрийн ургамлуудаас бэлдсэн аллергинаар арьс хатгах сорил болон харшлын сорил тавиулж, шинжлүүлдэг.

ӨНӨӨДӨР: Долоон байнгын хороо хуралдахаар товлогджээ
ӨНӨӨДӨР: Долоон байнгын хороо хуралдахаар товлогджээ
 
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.