Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Голын эрэг “эзэн“-гүй архидалт, халдварын голомт болж байна

Ангилал
Нийгэм COVID-19 Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 54 секунд

Одоогоос жилийн өмнө “Дэлхийн хүн амын тэсвэр, тэвчээрийг шалгасан коронавирус гэх “дөнгөж төрсөн хүүхэд”-ээс сэргийлэхийн тулд хөдөө гарч, дархлаагаа дэмж” хэмээн ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү зөвлөж байв. Дотоодод халдварын тархалт буурахгүй хэвээр байгаа хэдий ч иргэд цар тахлаас ангид байхыг эрхгүй хүсэж байна. Үүнтэй зэрэгцэн зуны дэлгэр цагт нийслэлийнхэн хотын дуу чимээ, толгой өвтгөх бүхнээс хэсэгхэн зуур холдохыг хүсдэг нь нууц биш. Хөдөө гарах нь хөдөө гарч, зуслан, амралт жуулчны баазыг зорих иргэдийн хөл хөдөлгөөн ч нэмэгддэг.

Гэвч хөдөө орон нутгуудад хөл хорио тогтоож, амралт жуулчны баазуудын үйл ажиллагааг зогсоосноос иргэд нийслэл тойрсон хэдэн голоо бараадаж агаар салхинд гарах боллоо. Иймдээ ч амралтын өдрүүдээр нийслэлээс гарах автомашины уртаас урт цувааг үүсгэсэн байв. Нийслэлийхний хамгийн ихээр зорьдог Туул, Тэрэлжийн голын эрэг дагуу зайгүй шахам майхан босгосон, машинтай иргэд тухалж харагдана. Зарим иргэд амрах тухтай газраа хайж, модон дундуур ч сүлжилдэх аж.

Энэ зуурт бага насны хүүхдүүд эцэг, эхийн хараа хяналтгүйгээр хэд гурваараа голын усанд тоглож буйтай хэдэнтээ тааралдав. Энд урсгал ус, моддын сэрчигнэх чимээнээс илүүтэй ил задгай орхисон хог хаягдал биднийг угтаж байлаа. Түүнчлэн Тэрэлжийн гол дагуу байрласан иргэд нэг дор олноор цугларсан нь багахан сумын наадам болж байна уу даа гэлтэй.

Гол дагуух эзэнгүй архидалтын хохирогч нь хүүхэд болж байна

Гол дагуу амралт зугаалга үргэлжилж, бичигдээгүй хууль ёсоор эзэнгүй архидалт нэмэгджээ. Гэвч эзэнгүй архидалтын хохирогч нь хүүхэд болж байна. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр таван настай хүү ээжийгээ архидан согтуурсан байх үед Туул голын усанд осолдож, амиа алдсан хэрэг гарсан. Харамсалтай нь, ээж нь согтсон байснаас хүүгээ усанд осолдсоныг мэдээгүй аж.

Улсын хэмжээнд он гарсаар 40 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 31 хүн амь насаа алджээ. Үүний 7 нь бага насны хүүхэд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад усны ослын тоо буурсан ч амь насаа алдсан иргэдийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа гэдгийг ОБЕГ-аас мэдээлсэн юм. Гол дагуу иргэд олноор цугласнаас үүсч буй эрсдлийн ердөө нэг нь л энэ. Агаар салхинд гарч буй иргэдийг буруутгах аргагүй. Гэвч амрагчид амралтын газар, жуулчны баазуудаар үйлчлүүлэх хүсэлтэй байвч шийдвэр ёсоор боломжгүй гэх хариуг сонссон талаараа хэлж байлаа. Гол дагуу амарч зугаалж буй иргэдийн хөдөлгөөнийг сааруулах, эрсдэл тулгарахад буух эзэн буцах хаягтай болгохын тулд амралт, жуулчны баазуудаа нээх хэрэгтэй гэдгийг иргэдийн зүгээс онцолж байв.

Цар тахлын нөлөөнд өртсөн байгууллагуудаа ижил төвшинд ажиллуулах хэрэгтэй

Хоёр жил гаруй хугацаанд аялал жуулчлалын салбар түүхэндээ анх удаа “0” зогсолт хийж, эдийн засгийн эргэлтгүй болж, 88 мянга орчим хүний ажлын байр бүрэн зогсолт хийсэн тооцоо бий. Ингэхдээ аялал жуулчлалын салбараас ашиг хүртдэг байгууллагуудын нэг нь амралтын газар, жуулчны баазууд байдаг.

Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд 576 амралтын газар, жуулчны бааз байдгаас 151 нь хот орчимд байрлалтай. Жуулчны баазын ихэнх нь тавдугаар сараас аравдугаар сарын хугацаанд л ажилладаг. Гэвч амралт, жуулчны баазууд Улсын Онцгой комиссын шийдвэрээр хязгаарлалт тогтоох салбаруудын жагсаалтад нэг өдөр нь багтаж, нөгөө өдөр нь хасагдсаар өнөөдөртэй золгосон.

Энэ нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа тогтвортой явуулах боломжийг хааж байна гэдгийг амралтын газруудын төлөөллүүд хэлж байлаа. Ингэхдээ амралтын газруудын үйл ажиллагааг нь зогсоосноос ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл тасрах, байгууллагын орлого тасалдах цаашилбал үүдээ барихад хүрч байгааг ч дайж байна. Түүнчлэн бизнес эрхлэгчдээ эрх ашгийг бодолцсон шийдвэр бүхний гадна амралт жуулчны баазууд үлдэж байгаа гэв. Иймээс цар тахлын нөлөөнд өртсөн байгууллагуудаа ижил төвшинд ажиллах боломжоор хангаж өгөх нь чухал байна.

Халдвар амралтын газруудад биш голын эрэг дагуу тархах эрсдэлтэй байна

Зугаалж буй иргэд амны хаалтгүй холхих нь хүний бөөгнөрөл ихтэй эл орчинд эрсдэлтэй харагдав. Гэтэл амралт жуулчны баазуудаас илүүтэйгээр голын эрэг дагуу халдвар тараах нөхцлийг бүрдүүлж буй шийдвэрээ Улсын Онцгой комисс болон Засгийн газрын аль нь ч эргэж харахгүй хэвээр сууна.

Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлах салбарын тоонд хамгийн олон удаа багтсан салбарын нэг нь амралт, жуулчны баазууд юм. Нээгдсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад тавьж буй халдвар хамгааллын дэглэм, вакцинтай иргэдэд үйлчлэх шаардлагаа амралтын газруудад мөрдүүлээд нээж болохгүй байна вэ. Эдийн засаг, байгаль орчин, хяналт шалгалт зэрэг бүх талын асуудлуудыг харгалзан үзвэл амралтын газрууд үйл ажиллагаагаа нээх ёстойг иргэд басхүү салбарын бизнес эрхлэгчдийн зүгээс илэрхийлж байна.

Иргэд асуулт үлдээж байна. Өчигдөр эрсдэлгүй байсан салбараа өнөөдөр нь эрсдэлтэй гэж үздэгээ хэзээ болих вэ. Цар тахлын эрсдлийг нуруундаа үүрч буй ААН байгууллагуудад тохирсон шийдвэрээ хэзээ гаргах вэ, С.Амарсайхан дарга аа. Бүтэн хоёр жилийн турш хөл хориотой тэмцэж байгаа хэрнээ хэзээ хөрсөн дээрээ бууж ажиллах вэ, Ерөнхий сайд аа?

С.Баярцогт нарын шүүх хурлыг хойшлуулжээ
С.Баярцогт нарын шүүх хурлыг хойшлуулжээ
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.