Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИНЖИХҮЙ: Малгайдаа хүний дүрс оруулж, цайвар өнгийн дээлээр “гангарсан“ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 1 секунд

Цар тахлаас шалтгаалж хуучин шиг ээ, өргөн хүрээнд зохион байгуулагдаагүй ч, Х.Баттулгын “явж”, У.Хүрэлсүхийн “ирэх” мөчийг хүн бүр нүд, чих тавин харлаа. Тэгвэл шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолдоо өмссөн дээл хувцасны талаар “халуун” дээр нь зарим зүйлсийг өгүүлье.

Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал хэмээн төрийн тэргүүнийхээ дээл хувцаст монголчууд эртнээсээ ихээхэн хүндэтгэлтэй хандаж, өмссөн зүүснийг нь шинжиж суудаг ард түмэн.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын шинэ журмын дагуу төрийн ёслолоос шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувцсыг бэлдэж, өнөөдрийн ёслолд оруулцуулсан байх ёстой. Өнөөдөр тэрбээр цайвар ногоон өнгийн эмжээртэй, мөн өнгийн зангидаж бэлтгэсэн шилбэ товчтой, цайвар өнгийн дээл өмсжээ. Харин малгайны хувьд дээлийн эмжээртэйгээ төстэй цайвар ногоон өнгийн бүрх малгай буюу бидний хэлж заншсанаар шляпан малгай тавьж, хээтэй ногоон бүс зүүжээ. Монгол хэв загварыг хадгалсан гэж хэлж болох орчин үеийн загварлаг монгол гутал өмссөн нь ёс уламжлал талаасаа зөв харагдаж байлаа.

Цайвар ногоон товч шилбэтэй, цагаан цайвар дээл өмссөн нь өнгөний бэлгэдлийн хувьд тун давгүй сонголт гэж хэл болох юм. Ер нь эртнээсээ Монголын хаад цайвар өнгийн дээл өмсдөг байсан талаар судлаач Б.Галаарид бидэнд өгүүлсэн юм. Тодруулбал, Тайваны эзэн хааны музейд хадгалагдаж байдаг манай эхний гурван хааны дээл цайвар өнгөтэй байдаг аж. Яваандаа дунд үеийн хаадаас эхлээд хүрэн өнгийн дээлийг өмсөхийг тохиолдлууд элбэг болжээ.

Малгайны хувьд ногоон цайвар малгай өмссөн нь өнгө талаасаа төрийн тэргүүнд өмсөхөд боломжийн харин өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга шиг шляпан тавьсан байгаа нь өмнөх уламжлалаа өөрчилж буй нэг хэв шинж аж.

Малгайн дээр нэгэн сонирхолтой зүйл “орж” ирсэн нь бүслүүр байлаа. Хар өнгийн уг бүслүүр дээр эртний гэр тэрэгтэй нүүдэл хийж яваа морьтон баатруудын дүрсийг шингээжээ. Харагдах байдал, шинэлэг загвар талаасаа давгүй хэдий ч монголчууд тэргүүн дээрээ залдаг малгай дээрээ ямар нэгэн байдлаар хүний дүрс оруулдаггүй уламжлалтай гэнэ. Чухам яагаад ийм шийдэл гаргаж ирснээ ёслол хүндэтгэлийнхэн тайлбарлаж, учрын гаргах ёстой болов уу. Гутлын хувьд маргаангүй монгол хувилбар, монгол агуулга байлаа.

Өмнөх Ерөнхийлөгч нарын тангараг өргөхдөө өмсөж байсан дээл хувцасны талаар товч өгүүлэхэд өнгө, агуулга, ёс уламжлал талаасаа төрийн тэргүүний хэв шинжийг хадгалж зөвөөр үлгэрлэдэг байсан нь Ц.Элбэгдорж. Н.Багабанди, П.Очирбат нар мөн адил энэ хэв шинжийг харуулдаг байсан ч өнгө, додиг, ур хийц талаасаа бага зэрэг алдах гээд байдаг байжээ. Судлаачид анхны Ерөнхийлөгчийнхөө “нэвтрүүлсэн” додиг буюу дээлийнхээ гадуур хүзүү, цээж хэсгийг далдалж зүүдэг байсан зүйлийг төдийлөн таашаадгүй. Н.Багабанди болон Н.Энхбаяр хоёр дөрвөн талт шовгор оройтой малгай, шар торгон дээлээр гангардаг байв. Төр ёсны уламжлалаа шингээсэн хэдий ч шар өнгө бол төрийн өнгө гэхээсээ илүүтэй шашны өнгө гэж судлаачид тодорхойлдог. Өөрөөр хэлбэл шашин, төрийг хослуулан барьдаг Богд хаан иймэрхүү хэв загварын шар торгон дээл өмсөж байв. Ялангуяа Н.Энхбаярын хувьд бага зэрэг хэтрүүлэгтэй хувцасладаг байв. Товчоор бол хээ хуар, товч, шилбэнээсээ авахуулаад элдэв гоёл чимэглэл нь хэтэрчих гээд байдаг талтай байсныг эргэн сануулъя. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн талаар судлаач Б.Галаарид “Дээлдээ додигийг нь хээ маягаар шингээж, энгэр дээр нь эртний их бэлгэдэл Гал, Нар, Сарыг хатгамалласан нь оновчтой шийдэл байсан” гэж дүгнэжээ.

Сая буусан Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөхдөө хар өнгийн малгай өмсөж, цэнхэр өнгийн дээл өмссөн. Тухайн үед түүниийг Ардчиллыг, Ардчилсан намын, Ардчилсан Ерөнхийлөгчийг бэлэгдэж цэнхэр дээл сонгосон гэж нэг хэсэг шуугиад амжсан. Харин төрийн тэргүүн хар малгай өмсдөггүй хэмээн хар өнгийн бүрх малгайг нь шүүмжлээд өнгөрсөн билээ.

Энэ дашрамд нэг зүйлийг зориуд сануулахад, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол гэх зэрэг төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцож буй төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хувцас бүрэн бүтэн байх ёстой. Бүрэн бүтэн байна гэдэг нь уранхай цоорхойгүй гэсэн утгаар биш. Хэрвээ дээл өмсөж төрийн ёслолд оролцож байгаа бол дээлийн зах, энгэр тэргүүтний товчыг бүрэн товчилсон байх ёстой юм. Өнөөдрийн тангараг өргөх ёслолын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар дээлийн захаа товчлоогүй задгай байлгаж харагдана лээ. Харин шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээлийн захаа бүрэн товчилж төрийн ёслол хүндэтгэлийн хувцсаа зохих ёсны дагуу өмссөн хардана лээ.

Мөн Х.Баттулга Ерөнхийлөгчөөс хойш энгийн буюу ард дээл өмсөх хандлага дэлгэрч байна. Гэхдээ Монгол төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн хувцас гэж заавал ёстой. Ялангуяа тангараг өргөх, төрийн тамгыг хүлээлгэж өгөх ёслолд уламжлал талаасаа ч, төрт ёсны утга бэлгэдлүүдийг зөв шингээсэн төрийн тэргүүний хувцсыг өмсөх нь туйлын зөв юм аа. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар энгийн дээл өмсөхөд асуудалгүй. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн ёслолын хувцас бол монгол төрийн бэлгэдлийн салшгүй нэгэн хэсэг, яг л төрийн сүлд, далбаа, тамга зэрэгтэй нэгэн адил хүндэтгэл агуулсан, сүр хүчний бэлгэдэл учраас манай Төрийн ёслолынхон цаашид энэ зүйл дээр анхаарах нь зүйтэй.

Г.Лхагвадорж

Бичлэг: Vandebo хамтлагийн гишүүн У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын үеэр ТӨРИЙН ОРДОНД электрон тамхи татжээ
Бичлэг: Vandebo хамтлагийн гишүүн У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын үеэр ТӨРИЙН ОРДОНД электрон тамхи татжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.