Манай улс Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвтэй болоод байна. Лекц, лаборатори, мэдээллийн танхим бүхий судалгаа, шинжилгээний төвийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар байгуулж, Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгсөн юм.
Хоёр орны Засгийн газар хооронд 2016 онд Монгол Улсад уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлтийн чиглэлээр сургалт судалгаа явуулж, нөхөн сэргээлт хийх чадавхийг сайжруулах хэлэлцээрийг байгуулсан юм. Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийг дээрх хэлэлцээрийн хүрээнд байгуулжээ.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат төвийг хүлээж авах ёслолд оролцож хэлэхдээ, “Монгол Улс уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах жишиг, судалгааны төвтэй боллоо” гэдгийг онцлов.
Судалгаа, шинжилгээний төв нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт Арцатын задгайд /Яармагийн эмнэлгийн зүүн талд/ нэг га талбайд байрлаж байна.