УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нар АН-ын Онц их хурлыг хуралдуулах үүднээс тус намын 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах санаачилга дэвшүүллээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар АН 1990 оноос хойш хамгийн бага санал авлаа. Тиймээс талцаад буй намыг нэгтгэхгүй бол цаашид ч улс төрийн хамгийн бага үзүүлэлттэй байх болно гэдгийг гишүүд дэмжигчид хэлж байгаа. Улсын дээд шүүх намын дотоод эв нэгдлээ хангах хэрэгтэй гэсэн шалтгаанаар АН-ын бичиг баримтуудыг буцаасаар байгаа. Тиймээс АН-ын дотоод эв нэгдлийг хангах, намын удирдлагуудыг нэгтгэх үүднээс 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлж байна. Ингээд маргалдагч талуудыг аль алийг нь оролцуулж, нэг удирдлагатай болгох нь намын ирээдүйд туйлын чухал” гэв.