Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Коронавирусийн халдвар улс орон даяар оргил үедээ буй энэ үед улсын их баяр наадмыг тэмдэглэхэд 10 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа билээ.
Өнгөрсөн жилийн хувьд дотооддоо халдварыг алдаагүй байсан хэдий ч Улсын Онцгой Комиссын хуралдаанаас цахимаар үзүүлэх Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг баталсан билээ. Энэ дагуу наадмын нээлт, хаалтын арга хэмжээ, 512 бөхийн барилдаан, сур, шагайн харваа Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь 13-р зуун цогцолборт зохион байгуулагдсан бол хурдан морьдын уралдаан Хүй долоон худагт үзэгчгүй болж өндөрлөсөн.
Гэтэл өнөөдрийн байдлаар өдөрт 2000 орчим халдварын тохиолдол, 10 орчим нас баралт бүртгэгдэж, халдвар 21 аймгийн хэмжээнд тархаад буй. Цар тахлын оргил үеэр 10 тэрбум төгрөг төсөвлөн наадам тэмдэглэх талаар иргэдийн үзэл бодлыг сонслоо. Иргэдийн зүгээс хэдийгээр ардын хувьсгалын 100 жилийн ойг тодорхой хэмжээнд тэмдэглэх нь зүйтэй хэдий ч цар тахлын үед наадмыг өргөн дэлгэр тэмдэглэх нь буруу гэсэн байр суурийг илэрхийллээ.