Ерөнхий сайд 100 хоногт хийсэн ажлаараа мэдээлэл хийж, Төрийн ордонд сэтгүүлчдэд 5 цаг "байцаагдав". Ингэхдээ вакцинд хэн саад болсон, эдийн засаг, хөл хорио гээд нийгэм болон улс төртэй холбоотой олон чухал ньюанстай асуудлуудад Ерөнхий сайд байр сууриа илэрхийлэв. Эдгээрээс улс төрийн хувьд нэлээн анхаарал татах асуулт, хариулт нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчирхийллийн гэх хэргийн талаар байв.
Тодруулбал, Ерөнхий сайд "УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудал нийгэмд нэлээн газар авч байна. Мэдээж парламентын гишүүний өөрийн бүрэн эрхийн асуудал байна. Нийгэмд гарч ирсэн асуудал болгон дээр парламентын гишүүн огцорно гэдэг өөрөө амаргүй асуудал мөн. Гэхдээ Ерөнхий сайдын хувьд байр сууриа илэрхийлэхэд тэр хүн үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээс түдгэлзэж шалгуулах хэрэгтэй. Тэгээд тэрийгээ нотолчихоод буцаад ороод ирэх нь ёс зүйн хувьд хамгийн зөв нийцнэ. Үүнийг би хариуцлага тооцох боломжтой субъектуудад өөрийн саналаа хэлсэн байгаа" гэв.
Ерөнхий сайдын хэлсэн энэ улс төрийн зорилготой хариултаас Ардын намынхан олон зүйлийг дотроо тунгаасан байх. Өөрөөр хэлбэл, Ц.Анандбазар гэх "хөшиг"-ний цаана Ардын нам дотор өрнөж байгаа намын даргын төлөөх битүү "зодоон"-ыг Л.Оюун-Эрдэнэ хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг байр суурь гэхэд хилсдэхгүй. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн У.Хүрэлсүх нь ялсан ч, ялагдсан ч намын эрх мэдлээ "алдана". Аль ч тохиолдолд ором гарсан түүний суудалд суухаар МАН-ынхан энэ өдрүүдэд үе хоорондын тулааныг өрнүүлж байна. Миний анзаарч буйгаар Ц.Анандбазарын гэх хэргийн цаад үзүүр яалтчгүй УИХ-ын дарга Г.Занданшатарт очиж "уяагдаад" байгаа юм. Сүнээ гэх эмэгтэй анх Ц.Анандбазарыг ярихдаа ганцхан хүний нэрийг дурдсан нь Г.Занданшатар. Бага тэнгэрт Ц.Анандбазараас хаус авсан гэх дуулиан мөн л УИХ-ын дарга руу чиглээд байсан. Сүүлд Ц.Анандбазар өөрөө телевизийн нэвтрүүлэгт орохдоо Их хурлын даргад хаус өгөөгүй гээд зарлаад байсан зэрэг анхаарал татсан олон сонин өнцгүүд бидний өмнө ил байна.
Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн бол хуучин Ерөнхий сайдад "чирэгдэж", өөрийн өнгөрсөн хугацаанд хийсэн улс төрийн зоригтойдуу "тэмцэл"-ийнхээ ачаар хар залуугаараа дэндүү том карьеер хийж яваа хүн. Энэ утгаараа УИХ-д болон намдаа хүчтэй байгаа 80-аад оны шинэ үеэ ранкаараа ч, эрх мэдлээрээ ч зүй ёсоор манлайлна. Нөгөө талд нь бас л эрх мэдэл, байр сууриараа 70-аад оны дунд үеэ Г.Занданшатар тэргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, "ачаагаа татсан" У.Хүрэлсүхийн оронд Ардын намын "жолоо" мушгихаар 70-аад оны төлөөлөл Г.Занданшатар, 80-аад оны төлөөлөл Л.Оюун-Эрдэнэ хоёрын дунд улс төрийн том "зодоон" өрнөнө гэсэн үг. Мэдээж улс төр л болсон хойно дундуур нь өөр нөхдүүд "сэвэлзээд" ород ирэхийг хэн байг гэхэв. Ямартаа ч энэ хоёр хүн бол өнөөдөр У.Хүрэлсүхийн ар дээрх хамгийн том фаворитууд.
Тиймээс Ерөнхий сайдын өчигдөр Ц.Анандбазарын талаар хэлсэн үг бас л цаад жинхэнэ "бай" рүү чиглэсэн үг болж таарах нь. Гэхдээ наад ил байгаа эзэндээ жаахан хүнд тусах бололтой. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд ОГЦРУУЛАХ, ТҮДГЭЛЗЭЭД ШАЛГУУЛАХ, БУРУУГҮЙ ГЭДГЭЭ НОТОЛ, ЗГ-ЫН МЭДЭЛД БАЙГАА ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД Ц.АНАНДБАЗАРЫГ ШАЛГАХ ҮҮРЭГ өгсөн гээд дөрвөн чухал ньюансыг хэдхэн үгэндээ "боогоод" Ц.Анандбазартангууд руу "шидэж" орхилоо.
Энэ үгийн ардаас прокурорын байгууллагаас Ц.Анандбазар гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд шалгах асуудлыг магадгүй ойрын хугацаанд УИХ руу оруулж ирэх болов уу гэсэн улс төрийн хүлээлтийг үүсгэж байна. Тэр шалгагдаж эхэлвэл түүнтэй "холбоотой" хүн болон хүмүүст хамгийн хүнд тусна. Ингээд Ц.Анандбазарын "асуудал" Ардын намын асуудал, цаашлаад төрийн "асуудал" болоод явах биз. Ямартаа ч сонгууль өнгөрч, наадмын дараах намартай зэрэгцэж энэ асуудал босч ирэх байх. Үүнээс өмнө Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ хоёр тохирч чадвал асуудал чимээгүй өнгөрч болох юм. Гэхдээ эрх мэдэл эрх ашиг хоёр байгаа цагт улс төрийн "тоглогчид" өөрсдөө ч хүсээгүй байхдаа зарим "дайн"-д бүлэг, фракциудын хатгаасаар ордог жамтай.
Ардын намын 70, 80-аад оныхон намын даргын төлөө, хэрхэн яаж оролцож байгаа болон хэн аль талд нь багтаж байгааг сонирхвол "МАН: 70, 80-ААД ОНЫ ЛИДЕРҮҮДЭЭС ХЭН НЬ НАМЫНХАА ДАРААГИЙН ДАРГА БОЛЖ, ЭРХ МЭДЛЭЭ АТГАХ ВЭ" гэх өмнөх нийтлэлийг гүйлгээд нэг хараарай.
Г.Лхагвадорж