Төв шуудангийн нэг давхарт E-Mongolia иргэдэд үйлчлэх төв үүдээ нээлээ. Энэ үеэр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн очиж, нөхцөл байдалтай танилцан нээлтийн үг хэлэв.
Тэрбээр, “Монгол улсын Засгийн газар яг өнөөдөр 100 хонож байна. Маргааш бид бүхэн 100 хоногоо албан ёсоор тэмдэглэнэ. Яагаад гэвэл өнөөдөр амралтын өдөр. Монгол улсын Засгийн газрын 100 хоног Ялалтын баяртай давхцаж байгаад бэлгэшээж байна. Вакцинжуулалтын ажил үнэхээр сайн явагдаж байгаа. Бид цахим хэлбэрт шилжиж төрийн мэдээлэл үйлчилгээг илүү шуурхай авах ёстой. Бид хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилгээ авахын тулд цахим монгол болох ёстой. Одоогийн байдлаар 500 гаруй төрийн үйлчилгээг E mongolia-д нэгтгэсэн байна. Ирээдүйд бүх үйлчилгээг нэгтгэнэ. Хүнтэй шууд харьцахгүй мэдээлэл, үйлчилгээ авснаар хэн нэгэн танд чирэгдэл учруулж, нугалаа үүсгэж, үнэтэй цаг хугацааг тань хулгайлахгүй.
Ирээдүйд үнэмлэх хэрэглэхгүй цахим картаар зорчдог болно. Энд төрийн албан тушаалтнууд ирж иргэдтэй санал бодлоо солилцоно. Таны бичсэн өргөдөл цахимжиж хэзээ ч гээж үрэгдэхгүй байх боломжтой болох юм. Түүнчлэн өргөдөл тань ямар албан тушаалтан дээр яаж шийдвэрлэгдэж байгааг цахимаар харах боломжтой. Гадаадад байгаа иргэд ч монголд байгаа мэт бүх зүйлсийг мэдэж зохицуулах боломжтой” гэв.