Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс, БНСУ хооронд зорчих бүх нислэгийг гуравдугаар сарын 02-ны өдрийг дуустал зогсоолоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 1 секунд

Гэрэл зургийн эх сурвалж: Засгийн газрын ХМОНХХ


Өнөөдөр /2020.02.24/ Улсын Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, БНСУ-аас ирж, буцаж буй зорчих урсгалын мэдээлэл, хоёр орны зорчих тээврийн нислэгийг зогсоох, эсэх, нүүрс газрын тосны тээвэрлэлтийг сэргээхтэй холбогдуулан авах арга хэмжээ, баярын өдрүүдэд авто замын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан хийж буй нэмэлт зохицуулалтын талаар тус тус мэдээлэл сонсож дараах шийдвэрүүдийг гаргалаа.

БНСУ-д шинэ коронавирусын халдварын дэгдэлт хурдацтай явагдаж нас баралтын тоо нэмэгдэж байгаа нь дэлхийн улс орнуудыг түгшээж эхлээд байна. Эрсдэлээс урьдчилан сэргийлж 15 улс БНСУ-тай агаарын тээврийн зорчих урсгалаа хязгаарлаж, зургаан улс бүрэн хорих шийдвэр гаргаад байна.

Манай улс маргаашаас буюу 2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс гуравдугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацаанд БНСУ-руу ирэх, очих зорчих тээврийн бүх нислэгийг түр зогсоохоор шийдвэрлэлээ.

Дамжин өнгөрч байгаа транзит тээврийн зорчигчдыг тусгайлсан зохион байгуулалтын дагуу Инчеоны нисэх онгоцны буудлаас нэгдсэн журмаар авчрахаар боллоо. Солонгосын талд дипломат шугамаар саналаа тавьж, харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү шийдвэрийг гаргаад байна. 

Дээрх хугацаанд МИАТ, Korean Air, Asiana Airlines авиа компаниудын нийт 18 нислэг цуцлагдах бөгөөд Монголд 3628, Солонгост 1697 зорчигч зорчихоор тасалбар захиалсан байжээ. Нислэг цуцлагдаж буйтай холбогдуулан зорчигчдын тасалбарын төлбөрийг шимтгэлгүйгээр буцаан олгохыг авиа компаниудтай хэлэлцээрийн хүрээнд тохиролцох аж. Эсвэл зорчигчид нислэгийн хугацаагаа хойшлуулж ашиглаж болохоор зохицуулалт хийх юм байна.

Мөн өдрийн хурлаар Аймаг нийслэлийн засаг дарга нарт үүссэн нөхцөл байдалтай уялдуулан болзошгүй эрсдлийн үед ашиглах зориулалтаар бүх эмнэлэг, сувиллын газруудын бэлэн байдлыг хангахыг Улсын Онцгой комиссоос үүрэг болголоо.

Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 134 хүнийг тусгаарлан хянаж байна. Эдгээрийн 104 нь Замын-Үүд боомтод байгаа бол өчигдөр /2020.02.23/-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 17 иргэнийг ОБЕГ-ын харьяа сургалтын эмнэлэгт, тус улсын Тэгү хотоос ирсэн 2 хүүхэд дөрвөн том иргэнийг ХӨСҮТ-д тус тус тусгаарлан хянаж байна. Урьдчилсан байдлаар эмнэлзүйн шинжгүй, халуурах, хоолой боох гэх мэт шинж тэмдэг илрээгүй ч БНСУ-ын халдварын дэгдэлтийн голомт болох Тэгү хотоос ирсэн учир хяналтад авч шинжилгээний хариуг хүлээн тусгаарлаж байна.

Амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчдад зориулж Улаанбаатар хотод 8 чиглэлд нийтийн тээврийн тусгай үүргийн автобус ажлын үнэмлэхийг үндэслэн үйлчлэхээр Нийслэлийн Онцгой комиссоос тус тус зохион байгуулахаар болов.

БНСУ-д нийт 48.000 монгол иргэн ажиллаж, сурч, амьдарч байгаа бөгөөд хуууль ёсоор ажиллаж амьдарч байгаа иргэд хорио цээрийн эдгээр өдрүүдэд визийн хугацаа дуусч байгаа бол Солонгос Улсын Засгийн газраас хөнгөлөлт үзүүлж манай орны төдийгүй бусад улс орны иргэдэд 50 хүртэл хоногоор визийн сунгалт үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

ЭМЯ: БНСУ-аас ирсэн 17 иргэнийг Жаргалантын аманд тусгаарласан
ЭМЯ: БНСУ-аас ирсэн 17 иргэнийг Жаргалантын аманд тусгаарласан
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.