Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр шинэ коронавирус (COVID-19)-ийн тархалттай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "БНСУ-д нөхцөл байдал хүнд байна. Халдварын тохиолдол 700 давсан байгаа учраас БНСУ хөл хорио, хязгаарлалтуудыг хийж байна. Манай улсын хувьд эрсдэл өндөр байна.
Учир нь өдөрт БНСУ-аас 600-1000 гаруй хүн ирдэг. БНСУ-аас ирж буй зарим иргэд иргэнийхээ үүргийг ухамсарлаж байгаа хэдий ч гэрийн хаяг гэх мэт мэдээллээ өгөхгүй, шууд хөдөө явах, айлаар зочлох зэрэг үйлдлийг хийж байна.
Бид аюулын өмнө нүүр тулсан байгаа тул хариуцлагатай байх шаардлагатай. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос халдвар гарч өдрөөс эхлэн үр дүнтэй арга хэмжээг авч ажилласаар байна. Засгийн газар болоод Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй арга хэмжээг дагаж мөрдөхийг иргэдээс хүсэж байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор БНСУ-аас ирэх нислэгүүдийг цуцлах эсэх талаар Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болно" хэмээв.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд нийт тохиолдлын тоо 79140, халдварын улмаас амиа алдагсад 2468, эдгэрсэн хүний тоо 23094 болжээ. БНСУ онц байдал зарласан. БНСУ-д сүүлийн гурав хоногийн дотор 446 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 73 хувь нь сүмийн цуглаанаас тархсан байна. БНСУ нь эрүүл мэндийн байгууллага нь хөгжсөн улс орон хэдий ч эрсдэл өндөр байна" гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өвчий халдварыг хязгаарлах боломж хумигдаж байгаад ДЭМБ санаа зовж байна. Тиймээс бид хамтран шуурхай урьдчилсан арга хэмжээ авахгүй бол хожимдох эрсдэл байсаар байна. БНСУ-д өнөөдөр 10 цагийн мэдээллээр 793 тохиолдол бүртгэгдэж 7 хүн нас барсан гэх мэдээлэл байна.
Өчигдөр БНСУ-аас ирсэн 17 иргэн /4 эрэгтэй, 2 хүүхэд, 11 эмэгтэй/-ийг Жаргалантын аманд байрлах ОБЕГ-ын сургалтын төвд тусгаарлаад байна. COVID-19 вирусийн ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байна.
Эмнэлгүүдийн бэлэн байдлыг тогтмол шалгаж, ажиллах хүний нөөцийн мэдээллээ нэгтгэсэн” гэж мэдээлэв.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “ХӨСҮТ-д тусгаарласан байсан зургаан хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д өчигдөр БНСУ-аас нислэгээр ирсэн 6 Солонгос, Монгол Улсын 1 иргэн, өмнө нь ирээд байсан 1 гээд нийт найман хүн тусгаарлагдаад байна. Шинжилгээ, эмчийн үзлэг хяналт явагдаж байна. БНХАУ шинэ коронавирусийн халдварыг хаврын баярын үеэрээ алдаа гаргаж, өнөөдөр нөхөж баршгүй хохирол амсаад байна. Бусад улс орны хувьд хүн ам олон, нягтаршил ихтэй, газар нутгийн хэмжээ бага тул төвөгтэй байдалд байна. Манай улсын хувьд зөв мэргэн, шийдвэрийг цаг алдалгүй гаргаснаар одоогийн нөхцөл байдлыг даван гарах боломж бий гэж харж байна” гэв.