Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгууль хойшлох чимээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 45 секунд

БНХАУ-д гарсан шинэ төрлийн коронавирус дэлхий нийтийг цочирдуулж байна. Вирусийн тархалтын хэмжээ өдөр ирэх тусам нэмэгдэж, дэлхий даяараа энэхүү вирустэй тэмцэж байгаа юм. Мөнхийн хөрш болох Монгол Улсад энэхүү вирусийн халдвар илрээгүй бөгөөд манай улс өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Энэ хүрээнд 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоосон. Үүнээс улбаалан Монгол Улсад бүхий л бүхий л төрлийн арга хэмжээ, тэр байтугай уламжлалт цагаан сарын баярыг ч өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалгыг төрийн гурван өндөрлөг гаргаад буй.
Тэгвэл энэхүү шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг хойшлуулах асуудал улс төрийн хүрээнд гараад эхэлжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сум дүүргийн сонгуулийн хороодыг дөрөвдүгээр сарын 15-наас өмнө байгуулна. Нам, эвслүүд дөрөвдүгээр сарын 25-наас өмнө сонгуульд оролцохоо илэрхийлнэ. Нам, эвслүүд болон бие даагчдийн нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 10-16-ны хооронд зохион байгуулагдана. Ингээд санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 2-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хорооноос нэгэн зэрэг гардуулж өгөхөөр хуульчилсан юм. 2020 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарьт тусгаснаар ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах ёстой. Мөн гуравдугаар сарын 5-ны дотор сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг байгуулсан өдрөөс хойш тав хоногийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 13.1-д заасан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлнэ. Үүнээс гадна нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн 3 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан юм.
Гэвч шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарласан учир бүхий л арга хэмжээг хойшлуулж байгаа тул ирэх сонгуулийг ч ийнхүү хойшлуулах асуудал яригдаж байгаа аж. Ингэхдээ 2020 оны УИХ-ын сонгуулийг ирэх есдүгээр сард зохион байгуулах талаар эрх баригчид урьдчилан ярилцсан байна.
Угтаа бол уламжлалт цагаан сарын баярын өмнө Улсын сайн малчин, тариаланчийн шагналыг УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд тарааж, сонгогчдоос “оноо” цуглуулдаг. Мөн УИХ-ын гишүүд дөрвөн жилийн үйл ажиллагааны тайлангаа тавих нэрийдлээр тойрогтоо ажиллаж, шинэхэн нэр дэвшигчдээс илүү боломжийг ашигладаг юм. Гэвч энэхүү хорио цээрийн улмаас тойрогтоо ажиллаж боломж УИХ-ын гишүүдэд олдохгүй байгаа юм.

 

Засгийн газраас “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хандивын аяныг эхлүүллээ
Засгийн газраас “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хандивын аяныг эхлүүллээ
 
ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тухай хуулийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ
ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тухай хуулийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.