Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, дэд сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" аяныг санаачлах шийдвэр гаргажээ. Уг ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсон байна. Хандивын аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээлгэж, уг хандивын аяныг зохион байгуулах аж.
Байгаль орчны сайд Н.Цэрэнбат "Монгол Улсаас жилд 1.1-1.5 сая гаруй иргэн БНХАУ-д жуулчилдаг. Харин Монгол Улсад ирж буй жуулчдын 40 орчим хувийг БНХАУ-ын иргэд эзэлдэг. БНХАУ, Монгол Улс сайн хөршийн харилцаатай. Тиймээс хүнд нөхцөл байдалд орсон хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх иргэн, ААН-ийн хүсэлтийг хялбар шийдэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас шуурхай үйл ажиллагаа зохион байгуулах ажиллаж байна" хэмээв.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Коронавирусийн халдвартай холбоотойгоор Монголын олон иргэн, байгууллага хандив өргөх санаачилгыг гаргаж байгаа бөгөөд үүнийг зохион байгуулалтад оруулан нэгдсэн журмаар зохион байгуулах нь зүйтэй. Иймд нэгдсэн дансанд сэтгэлийн дэмээ хандивлах нь оновчтой байна. Засгийн газраас тодорхой хугацааны өмнө дэмжлэг үзүүлсэн. Үүний дараа олон байгууллага хандив өргөсөн. Тиймээс нэг суваг, нэг шугам, нэг үндэстэн гэдэг утгаар нь илүү оновчтой болгох хэрэгтэй байна.
Мюнхэний аюулгүй байдлын бага хуралд оролцох үеэрээ ДЭМБ-ын удирдлагатай уулзаж нөхцөл байдал дэгдэлтийн хандлагын талаар ярилцсан. Тухайн үед улс орон бүр дор бүрнээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авбал даван туулах боломж байгааг хэлсэн. Гэхдээ хөгжиж буй орнууд өөрсдийн зохион байгуулалтыг анхаарах нь зүйтэй гэсэн.
Тиймээс бид арга хэмжээ авч, цагаан сарыг тэмдэглэхгүй байх чиглэл гаргаж байгаа нь ч урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж буйн нэг илэрхийлэл. Хүн төрөлхтөнд тулгарч буй эрсдлийг бүгд нэгдсэн мэдээлэлтэй, зохион байгуулалттай байж чадвал давж гэдгийг хэлсэн" гэв.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Манай мөнхий хөрш болох БНХАУ хамгийн хүнд цаг үед тусалж ирсэн. 2012 оноос хойш 1.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн гэрээг байгуулж Шинэ цэвэрлэх байгууламж, Налайхын зам, боловсролын салбарт маш олон томоохон төслийг хэрэгжүүлсэн.
Сүүлийн жилүүдэд БНХАУ-аас манай улсад нэг тэрбум юанийн тусламжийг олгож боловсролын салбар, онцгой байдлын ерөнхий газрын тоног төхөөрөмжийг гардуулж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг байгуулсан. Энэ мэтчилэн маш олон чиглэлд бидэнтэй хамт байж дэмжсэн учраас бид хүнд цаг үед сэтгэлийн дэм өгөх ёстой" гэж хэлэв.
“Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аяны хандивыг Төрийн банкны 341303432597 дансаар хүлээн авах бөгөөд нийт цугларсан хандивыг долоо хоног бүр дэлгэрэнгүй мэдээллийн хамт БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгөх ажээ.