Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрээр маргаашнаас эхлэн БНХАУ Монгол улсын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоохоор боллоо. Засгийн газрын өмнөх тогтоолоор сүүлийн 14 хоногийн хугацаанд 6000 гаруй монгол иргэн орж ирсэн байна.
Маргаашнаас эхлэн 100 хувь хил хаагдлаа гэж хэлж болно. БНХАУ-аас нислэг болон төмөр замаар ирж буй ямар ч иргэнийг нэвтрүүлэхгүй. Монгол Улсын иргэдийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд үүнийг тухайн үед нь Консулын газар болон Элчин сайдын яам ажиллан авчирч, тусгаарлан чартер нислэгээр авчирна” гэв.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн “Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр хуралдаж, Монгол, Хятадын хилийн Замын-Үүдийн төмөр замын авто боомт, Гашуунсухайт боомт, агаарын замын Буянт-Ухаа боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон шийдвэр гаргалаа.
Монгол Улс 6,000 орчим иргэнээ татан авсан. Энэ өдрөөс хойш хилийн боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн зогсоож байна. Хоёрдугаар сарын 1-нээс хойш Монгол Хятадын хилээр БНХАУ-ын иргэд болон БНХАУ-аар дамжин ирж буй гуравдагч орны иргэдийг нэвтрүүлээгүй.
БНХАУ Монгол Улсын хилээр хятад иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. Хоёрдугаар сарын 6-наас БНХАУ-д байгаа монгол иргэдээ авах зорилгоор хилийн боомтуудаар татаж авсан. Монгол иргэдийг татан авах асуудлыг Гадаад харилцааны яам зохион байгуулалттайгаар шийдэхээр боллоо. Өнөөдөр сүүлийн нислэг хийгдэнэ" хэмээлээ.
БНХАУ-ын иргэд аль ч боомтоор нэвтрэхгүй байгаатай адил манай улсын иргэд ч мөн гуравдагч улс руу явах боломжгүй болж байгааг онцоллоо.