Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруй Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 55 секунд


Бүгд Найрамдах Хятад Ард улс (БНХАУ)-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд ноён Чай Вэньруйг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, Монгол Улсад олон жил дипломат алба хашсан, Монгол Улсыг сайн мэддэг Элчин сайд томилогдон ирсэнд олзуурхаж байгаагаа илэрхийлж, баяр хүргэлээ.

Элчин сайд Чай Вэньруй БНХАУ-ын дарга Ши Жиньпиний халуун мэндчилгээг уламжлаад, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд тулгуурлан харилцан хүртээмжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг нээлттэй, илэн далангүй хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд, Элчин сайдын хувиар онцгой анхаарал хандуулан ажиллахыг хүслээ.

Уулзалтын үеэр талууд БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан шинэ коронавирус (COVID-19)-ийн халдварын тархалт, өвчлөлтэй холбогдуулан санал солилцлоо. Дэлхий нийтийн анхаарлын төвд буй шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улс шийдвэртэй арга хэмжээ авч, хэрэгжүүлж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцлоод, БНХАУ-ын ард түмэн халдварын тархалтыг бууруулж, даван гарна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.




Элчин сайд Чай Вэньруйгийн товч намтар:
  • 1985-1986 БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын ажилтан,
  • 1986-1988 БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан,
  • 1988-1989 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын ажилтан, атташе,
  • 1989-1992 БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны атташе, 3-р нарийн бичгийн дарга,
  • 1992-1993 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга,
  • 1993-1996 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын 3-р нарийн бичгийн дарга, 2-р нарийн бичгийн дарга,
  • 1996-2000 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга,
  • 2000-2005 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын хэлтсийн дэд дарга, 1-р нарийн бичгийн дарга,
  • 2005-2009 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх,
  • 2009-2011 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захирлын түвшний боловсон хүчин ,
  • 2011-2013 БНХАУ-ын Юнь Нань мужийн Ардын захиргааны Гадаад харилцааны албаны дэд дарга,
  • 2013-2015 БНХАУ-аас БНСВУ-ын Хошимин-д суугаа Ерөнхий консул,
  • 2015-2019 БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулаар тус тус ажиллаж байжээ.
“Монос эмийн үйлдвэр” ХХК-иас 200 литр денатурат спирт хандивлажээ
“Монос эмийн үйлдвэр” ХХК-иас 200 литр денатурат спирт хандивлажээ
 
ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тухай хуулийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ
ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тухай хуулийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.