Өнөөдөр 22:00 цагт ЭМЯ болон ХӨСҮТ-өөс шинэ коронавирусийн тархалттай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмээ хэлэхдээ “Та бүгдийн мэдэж байгаагаар нэгдүгээр сарын 27-ны өдөр Япон улсын Халдвар өвчин судлалын хүрээлэнгээс 200 ширхэг оношлуурыг хүлээж авсан. Түүгээрээ илэрч буй сэжигтэй тохиолдлуудыг оношилж, шинжилгээний хариуг гаргасаар байна. Одоогоор 30-40 ширхэгийн үлдэгдэлтэй байна. Өнөөдөр тус хүрээлэнгээс манай улсад нэмж 1000 ширхэг оношлуурыг явуулсныг цагийн өмнө “Буянт Ухаа” нисэх онгоцны буудлаас холбогдох ажилтнуудын хамт хүлээн авлаа.
Манай улсын хувьд нэмж 1000 ширхэг оношлууртай болж байна гэдэг нь бэлэн байдлаа хангах, лабораторийн чадавхийг үндэсний хэмжээнд батжуулж байна гэж үзэж болно.
Мөн иргэдийн дунд ХМХ-үүд болон ам дамжсан яриагаар баталгаагүй буюу худал, ташаа мэдээлэл их байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д оношлогдсон, шинэ коронавирусийн халдвар илэрсэн иргэн байхгүй. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод суралцаж байсан 30 оюутныг эх оронд нь авчран тусгаарлаж, эхний удаагийн шинжилгээ, оношилгоонд хамруулсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан. Давтан шинжилгээ, оношилгоонд маргаашаас эхэлж орох төдийгүй биеийн байдал хэвийн байна.
Нөгөө талаар сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдсан иргэдийг тухайн үеийн эмнэлзүйн эмчилгээнд хамруулж, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж, улирлын томуугаар халдварлагдсан нь тогтоогдсон 60 гаруй тохиолдол байна.
Өнөөдөр 17:00 цагийн үед хоёр иргэн тусгаарлагдсан бөгөөд тэдний нэг нь нэгдүгээр сарын 29-нд Манжуур хотоос орж ирсэн. Тэнд байх үедээ бага зэрэг ханиалгаж байсан бөгөөд өнөөдөр ХӨСҮТ-д хандаж, тусгаарлагдаад байна. Хэвийн байдал нь хэвийн байна.
Мөн хоёрдугаар сарын 02-ны БНСУ-ын Сөүл хотоор орж ирсэн, Тайланд, Бангконгоор аялж яваад ирсэн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн иргэн тусгаарлагдаад байна. Эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу маргааш гарна.
Сүхбаатар аймгаас илэрсэн сэжигтэй хоёр тохиолдол, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас илэрсэн сэжигтэй хоёр тохиолдлын сорьцыг шинжилгээ, оношилгоонд хамруулж байна. Харин Баян-Өлгий аймгаас илэрсэн сэжигтэй тохиолдлын сорьц ирж байна. Бид орон нутагт илэрч буй сэжигтэй тохиолдлуудын сорьцыг цаг тухайд нь яаралтай Улаанбаатар хотод авчирч байгаа бөгөөд лабораторийн шинжилгээний хариуг 24 цагийн дотор гаргаж байна.
Өнөөдрийг хүртэл сэжигтэй тохиолдол илэрсэн 118 иргэнийг тусгаарлаж, лабораторийн шинжилгээний хариугаар сөрөг болох нь тогтоогдсон байна.
Шинэ коронавирустэй холбоотой худал ташаа мэдээллийг тараахгүй байхыг иргэдээсээ хүсэж байна. Бид цаг үетэй холбоотой мэдээллийг цаг тухай бүрд нь шуурхай дамжуулах болно” гэв.