Талбайд гарч Болороо бүсгүйг тэвэрч үнсээд, дарга нараа цуглуулж өрөөндөө загнаад, буутай цэрэг салхитын орд, махны хөргөгчрүү дайруулаад л. У.Хүрэлсүхтэй нялуун өдрүүд үргэлжилсээр. Хойд айлын метр тавьтай удирдагчийн “эй коофи” түүнийг хүчтэй бяртай ардын баатар болгож олны сэтгэлд хоногшуулаад авчээ. Гэвч ардын баатрын маань толгой өвдөж, олгой хатгах өдөр хаяанд ирлээ. Монголын Улс төрд нэр нь мандсан анхны ардын баатар У.Хүрэлсүх биш. Ардын баатрууд адгийн шаар болоод хувирчихдаг нь улс төрийн карма.
Хорин оны сонгууль хаяанд иржээ. Утааг эрс багасгасан, уул уурхайг нэлээд балбасан, хотын фракцынхаа хоосыг шахсан гээд товчхондоо сүүлийн арван жил үзэгдэж харагдаагүй эффектийн үр дүнд У.Хүрэлсүхийн нэр хүнд сайн байна. Топ улс төрчдийг сүүлийн хоёр жил тасралтгүй тэргүүлж яваа түүний нэр хүндэд МАН-ынхан тэр чигээрээ найдаж 2020 оны сонгуульд ялна гэсэн төлөг зурхай буулгах болжээ. Олон судалгааны үр дүнд У.Хүрэлсүх топ улс төрч хэмээн үнэлэгдсээр байгаа нь МАН-д гялайж гялтайх цорын ганц найдлага болчихоод байгаа нь нууц биш. Бусдаар бол хүчин, ЖДҮ гээд МАН-аас сонгогдсон эрхмүүд завхарлаас ангид яваагүй. Үндсэндээ 2020 оны сонгуульд У.Хүрэлсүхийн нэр хүндээс үл шалтгаалах хүчин зүйлс түүнийг цаашид хэн байхыг шийдэх болчихоод байна. Юуны түрүүнд МАН 2016 оны үнэмлэхүй ялалтаа давтаж чадахгүй гэдэг нь бараг л зуун хувь баталгаатай.
С.Эрдэнээр толгойлуулсан АН ялна гэж тооцоход бэрх ч амиа дагаад гараад ирчих эрийн хуйх цөөдөхгүй. Дөрвөн жил лааз өшиглөсөн тэд тойргоо чамгүй усалцгаасан, зарим нь тайзан дээр хэдийн гараад алга ташуулах болсон. Түүнчлэн дотроо хагаралтай гомдолтой олон гишүүд байгаа нь МАН-д хүнд туухай уяж орхисон. Энэ мэт шалтгаанаас үүдэж МАН ялалт байгууллаа гэхэд ихдээ 40 суудал авах болов уу гэсэн “мэргэн бөөдий”-н төлөг бараг л ортой юм. Их сайнаар бодсон 40 суудлын хэд нь У.Хүрэлсүхийн тал, хэд хуучин даргын хугархай байгаад халаасандаа салаавч тээж гарч ирэхийг тааж мэдэхэд бэрх. Ямар ч байсан энэ бүхнийгээ тооцоод У.Хүрэлсүх өөрийн талын “цусан тангарагтнууд”-аа тултал дэвшүүллээ гэхэд 30-аас илүү гарахгүй. Үлдсэн 10 нь солгой хоолойтнууд байх магадлал өндөр. Дөргүй бух шиг зөрүүдлээд дан өөрийн талынхнаа дэвшүүлбэл өнөө хэд нь эсрэг ажиллаад навс унагаачих аюултай.
Дээр нь нам дотроо навс үзэлцдэг томсгосон сонгуулийн дараа ууртай хүмүүс олшрох нь мэдээж, хуучны зангидсан өс дээр шинээр хуралдсан галыг зохицуулах хүндхэн үүрэг намын даргад оногдох нь ойлгомжтой. Аль ч утгаараа бодсон одоо түүнийг даган бүжээд байгаа нөхдүүдээс хорогдоно уу гэхээс нэмэгдэхгүй ойлгомжтой болж ирнэ. Ингэхээр нам дотроо тохироо хийж гомдогсдыг багтаах хангалттай хүүдий бэлдэх хэрэг гарна. Гэвч нөгөөдүүлийнх нь хонзон тасрана гэдэг юу л бол. Ер нь бол Ерөнхий сайдаа өг, эсвэл намын даргаа өг, сайд нарын чинь талыг нь бид томилно гэдэг чанга тохироо сайнаар бодоход түүнийг хүлээж байна. Хэрвээ муугаар дуусвал "Оюук, генсек" хоёртойгоо хогийн бункерруу шийдүүлж ч мэднэ.
Хүсвэл хясна гэгчээр зугтаж чадахгүй энэ бүх учир тохиолыг овжин хүлээж Л.Болд, Ж.Батзандан нар намаа УИХ-д бүлэгтэй болгоод У.Хүрэлсүхийн хамтрагчийн хэмжээнд тоогдохын төлөө зүтгэсээр л байна. Дөрвөн жил өмнөөс нь хашхирсан тэдний хоолой нь аргаж цангах эхэлсэн нь ойлгомжтой. Тулаанд янхнууд ялдаг гэж эртний Грек зүйр үг манай улс төрд хэд хэдэн удаа хэрэгжээд авсан. МҮШН, БНН, ЭХ ОРОН, МАХН-ны араас янаг татварын сэнтий горилогчоор ШИНЭ намыг нэрлэхэд буруутах юун. Дээрээс нь МАН-д МАХН гэж салсан эхнэр нь багагүй зовлон удах нь ойлгомжтой. Н.Энхбаяр 2012 оных шигээ супер нөлөөлөл үзүүлж чадахгүй ч учруулж болох эрсдлийг нь дутуу үнэлэх аргагүй. Дээрээс нь У.Хүрэлсүхэд гомдогсдыг багтаах хангалттай том тогоо Н.Энхбаярт байна.
Хулгана жилийн У.Хүрэлсүхийн зурхай нэг иймэрхүү. Тэр сүүлийн арван жилд үзэгдээгүй эффекттэй улс төрч мөн. Намаа навсайтал гөвж “Анд нөхдөөсөө урвахгүй” гэдэг тангараа умартан байж шударга ёсны төлөө эзний сэнтийд заларсан түүнийг бяр биш ухаан нь сорих цаг иржээ. Эргэн тойрны шивэгчин, салбадайнууд биш зүй тогтол түүний хувь заяаг шийдэх өдөр улам л ойртсоор.
Монголын түүхэнд Б.Цэрэндорж, А.Амар, Ц.Элбэгдорж, С.Баяр нар хоёр удаа Ерөнхий сайд болж байсан. Тэдний дундаас улирч үлдсэн ганцхан ерөнхий сайд байдаг нь С.Баяр ажээ. У.Хүрэлсүх улирч үлдсэн хоёр дахь Ерөнхий сайд болж үлдэх үү? эс үлдэх үү? буулаа гэхэд эргээд сэнтийд заларталаа өндийж чадах уу? Энэ мэт олон сонирхолтой асуулт хариултаа хүлээн сонгуулийн календарыг урагшлуулсаар байна.
Энэ бүхнээс гадна түүнд хамгийн аюул хүргэж мэдэх эн тэнцүү өрсөлдөгч байгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэд адилхан цээжнээс шахагч, орос эрийн фанатууд. Гэвч нэг хувцсыг хэдий болтол хувааж өмсөх билээ. Аль нэг нам дангаараа ялсан үед Ерөнхийлөгч бэлэг тэмдэг, тэнцээд хавсаад дин дунтай гараад ирэхээр хаан болдог нь гарцаагүй зүй тогтол. Хоёр дахь удаагаа сонгогдохын тулд Ерөнхийлөгч улс төрд дүрсэн хумсаа улам гүнзгийрүүлдэг нь гэм биш жам. Золгүй эрх ашгийн мөргөлдөөн тэдний ган бат нялуурлыг үгүй хийхээр гэтнэ. Х.Баттулга хүний, өөрийн, гудамжны гээд дохиураар хөдөлгөдөг 20-иод гишүүнтэй болчихвол У.Хүрэлсүхийн хувьд ёстой нөгөө алдарт кинон дээр гардаг шиг “өвөл айсуй” болно. Дараагийн удаа Х.Баттулгын хулгана жилийн зуурхайд төлөг буулгацгаая.
Ордны Ванга