НИТХ-ын төлөөлөгч, “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ын тэргүүн Пүрэвсүрэнгийн Наранбаяртай ярилцлаа.
-ГЛОБАЛ-ҮЗЭГДЭЛ БОЛООД БАЙГАА EDTECH-ИЙН ХӨГЖЛӨӨС МАНАЙ БОЛОВСРОЛЫН САЛБАР Ч, ТЕХНОЛОГИЙН ХУРД Ч ХОЦРОХ ЁСГҮЙ-
- 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “Сайн сургуулийг таны дэргэд” авчирна хэмээн амлаж байсан. Саяхан таны фэйсбүүк хуудсаас goodschool.mn сайт байгуулагдсаныг үзлээ. УИХ-д сонгогдоогүй ч амласан боловсролын төлөөх ажлууддаа ханцуй шамлаж буй нь сайхан санагдлаа. goodschool.mn-ийг хийж буйн алсын хараа нь юу вэ?
- Баярлалаа. Сонгуулийн кампанит ажлын дараагаас бид “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ийг боловсролын сайн сайхныг нийгэмд түгээх зорилгоор байгуулж, чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн сайн менежментийг дэлгэрүүлэх чиглэлээр өөрсдийн хүрч чадах, биелүүлж болох зорилт тавин, эхнээс нь ажил хэрэг болгон ажиллаад явж байна. Эдгээр ажлуудын нэг нь “Фэнэт” старт-аптай хамтран хөгжүүлж буй goodschool.mn хэмээх EdTech платформ юм. Бид сайн багшийг хүүхэд бүрийн дэргэд авч ирэх зорилготой эхний хичээлүүдээ явуулж эхлүүлээд байна. Бидний уг платформыг хөгжүүлэх болсон шалтгаан гэвэл олон, харин чухам юунд зорьж байна вэ? гэвэл энгийнээр хэлэхэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран сургалтын шилдэг хөтөлбөрүүдийг шилдэг заах арга барилтай багш нараар заалгахыг хүссэн хүн бүрийн хэрэгцээнд технологийн шийдлээр бий болсон чанартай үйлчилгээг хүргэх зорилго юм. Мөн хэдийнээ глобал-үзэгдэл болоод байгаа EdTech-ийн хөгжлөөс манай боловсролын салбар ч, технологийн хурд ч хоцрох ёсгүй юм, хөл нийлүүлэн, бүр манлайлан алхах ёстой гэж харж байна.
“Сайн сургуулийг таны дэргэд” гэдэг бол хил хязгаар, байршлаас үл хамааран сайн багшийг таны дэргэд авчирна гэсэн үг. Өнөөдөр зайн дарангуйлал доор байгаа алслагдсан хөдөө орон нутаг, газрын хүүхдүүд goodschool.mn -ээр дамжуулан чанартай боловсрол эзэмших боломжийг олгож байна. Мөн ялгаатай соёлын дунд арал эсвэл завсрын бүс болон оршиж байгаа Өвөр Монгол, Дээд буюу Хөх нуурын монголчууд, Буриад Монгол, Халимаг Монголын монгол угсаатны хүүхдүүд орчин цагийн боловсролыг эх хэлээрээ хүлээн авах боломжийг goodschool.mn олгож байна.
- goodschool.mn-ийг хэнд зориулж хийсэн бэ?
- Боловсролд хамаатай хүн бүрд гэж хэлнэ. Боловсролд хамааралгүй хүн гэж үгүй шүү дээ, тэгэхээр хүн бүрд гэвэл илүү тохирох байж ч магад. Суралцахыг хүссэн хүн бүр сайн багшаас сайн мэдлэг авах, багш нар маань өөрийн шилдэг арга барил, мэдлэг оюуныг орон зай, тоо хэмжээнээс үл хамааран түгээж, өөрийгөө улам илүү сорих шинэ сайн талбар байх юм. Энэ удаадаа бид төгсөх ангийн сурагчдадаа зориулаад “ЭЕШ 2021”-д бэлтгэх таван хичээлийн хөтөлбөрийг санал болгон, эхлүүллээ. Эдгээр нь физик, хими, математик, нийгмийн ухаан, англи хэлний хичээлүүд болно. Энэ хичээлүүдийг зааж байгаа багш нь 10 гаруй жил багшилсан туршлагатай, манай шилдэг багш нарын төлөөлөл болно.
- Ковидын хөл хорионы улмаас энэ жил төгсөх ангийн сурагчдын хичээлийн хоцрогдол их байгаа байх. Тэдэнд тун хэрэгтэй юм байна. Цаашид зорилтот бүлэг тэлэх үү?
- Тийм ээ, ковидын вируст цар тахлын нөхцөл байдал боловсролын салбарт, тэр дундаа танхимын уламжлалт сургалтад урхаг нөлөө үзүүлж байна. Ялангуяа дөнгөж сургуульд элссэн бяцхан 1, 2 дугаар ангийнхан, ерөнхий боловсролын суурь мэдлэгүүдийг батжуулан авах ёстой ахлах ангийнханд илүү хүнд тусч байна. Асуудал хаана байна, тэнд шийдэл байх ёстой. Иймд бид ахлах ангийнханд зориулан шилдэг багш нараар Нийгэм судлал, Англи хэл, Хими, Физик, Математик хичээлүүдийн хөтөлбөрийг оруулахаар бэлдлээ.
- Цаашид хичээлийн хоцрогдлоо арилгах гүнзгийрүүлэн суралцах, өөрийгөө хөгжүүлэх гээд суралцах олон төрлийн хэрэгцээнд тохирсон хөтөлбөрүүд санал болгохоор ажиллаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн ЭЕШ бус ахлах сургууль, дунд сургуулийн ахлах бүлгийн хичээлүүдийг цахимаар интерактив байдлаар заах боломжийг бий болгоно гэсэн үг.
-ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН 75%, СУРАГЧДЫН 68% ХИЧЭЭЛЭЭС ХОЦРОГДООД БАЙНА ГЭЖ ДҮГНЭСЭН-
- Хөл хорионы улмаас хамгийн их хохирч буй нь боловсролын салбар. Энэ үеэр ЕБС-ийн сурагчид хичээлээс хоцорч буй эсэх талаар та бүхэн судалж үзэв үү?
- Яг тийм, өнгөрсөн 2019-2020 оны хичээлийн жилд цар тахлын улмаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь боловсролын салбарын хувьд гэнэтийн, урт хугацааны хөл хорио байв. Энэ хичээлийн жилийн эхэнд л хэсэгхэн хугацаанд танхимын сургалтууд явагдлаа. Бэлтгэлгүй байсан, дасан зохицох хугацаа бага байсан гээд хүчин зүйлүүд бас байлаа. Бид өнгөрсөн хичээлийн жилд зохион байгуулагдсан зайн сургалтад хөндлөнгийн дүгнэлт өгөх, мөн цахим сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилгоор эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, сурагч гэсэн 3-н бүлгээр судалгаа явуулсан. Оролцоо харьцангуй сайн байлаа. Хичээлийн хоцрогдлын хувьд сурагчдын 68% өөрийгөө “хичээлээс хоцрогдоод байна” гэж дүгнэсэн бол эцэг эхчүүдийн 75% “миний хүүхэд ямар нэгэн хичээл дээр хоцрогдож байна” гэж үзсэн байна. Харин багш нарын хувьд “хичээлийн хоцрогдолтой хүүхдэд нэмэлт давтлага өгөх шаардлага байнга тулгардаг” гэж бараг 100% хариулжээ. Тэгэхээр хичээлийн хоцрогдол гэдэг маш ноцтой асуудал гэж харж байна. Ерөнхий, суурь боловсролд “хоцрогдол” гэсэн ойлголт байх ёсгүй. Мөн судалгааны дүгнэлтээс сонирхол татсан нэг зүйл нь танхимын сургалтын үр дүнд өгөх сэтгэл ханамж сургагч, сурагч аль аль талдаа тааруу байгаа нь харагдсан. Харин цахим зайн хичээлүүдийн давуу талуудыг хэдийнээ ойлгож ухаарсан тал ажиглагдав. Харилцааны хувьд соошл буюу нийтийн сүлжээ түлхүү ашигласан дүгнэлт гарсан нь яах аргагүй технологийн хувьд шийдэх ёстой асуудал байгааг харуулж байгаа юм.
Боловсролын яамны мэдээлснээс үзэхэд гар утас, интернэт, телевиз зэрэггүйгээс болоод 174 мянган хүүхэд хичээлээ үзээгүй гэсэн тоон дүн гарсан байна лээ. Дэлхийн хэмжээнд 168 сая хүүхэд хичээлдээ явж чадаагүйгээс хохирч байна гэж НҮБ зарлалаа шүү дээ.
- Зорилтот бүлэгтээ хэр хүрч байна. Нээлттэй хичээлүүдийг нь хэр олон хүн үзэв?
- Эхлээд тун удаагүй ч, зорилтот бүлэгтээ хүрч чадлаа гэж дүгнэхээр байна. Бид цахим платформоо шинэ тутам хөгжүүлж яваа тул эхний ээлжид сурах зорилгоо эрхэм болгосон, сайн багшаас шимийг нь хүртэх чин хүсэлтэй хүүхдүүдэд хүрэхийг зорьсон юм. Нээлттэй хичээлийг маань 10 гаруйхан настай бяцхан сурагчаас эхлээд үр ачийнхаа боловсролд анхаардаг өвөө, эмээ нар хүртэл, тэр бүү хэл багш нар ч сонирхон шууд оролцож үзлээ. Ховд, Дорнод, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Увс, Өмнөговь, Завхан гээд 10 гаруй аймгаас оролцлоо, их баяртай байна. Хүүхдүүд, эцэг эхчүүд сайхан хүлээж авлаа. Нээлттэй хичээлийн үед нэг багш бидэнд, манай багшид хандан онцгой сэтгэгдэл хэлсэн нь: “Би өөрөө багш хүн, Таны энэ заах арга барил миний хувьд цоо шинэ байлаа” гэж хэлсэн үг байв. Мөн нийт хандсан сурагчдын 77% нь төрийн өмчийн сургуулийн сурагчид байна.
- Сайн сургууль-Interactive online school гэж онцлоод байгаа. Монгол хэл дээр, цахимаар хичээл үзэх, судлах боломжтой дижитал платформууд цөөнгүй бий болсон. Тэднээс юугаараа ялгаатай юм бэ?
- Мэдээллийн технологийн мэргэжилтэн, инженерүүд маань эхнээсээ EdTech-ийн төрөл бүрийн шийдлүүдийг бий болгож, боловсролын салбарт хувь нэмрээ оруулж эхлээд байна. Манай АйТи-ийн салбарын хувьд “боловсрол” өөрөө шинэ судлагдахуун болж эхэллээ. EdTech старт-апууд амжилттай бойжих нөхцөл бүрдээд байна гэж бодож байна. “goodschool.mn” платформын хувьд “интерактив” байдлыг чухалчлаад байгаа юм. Өөрөөр хэлбэл багшид ч адил, сурагчдад ч адил танхимд сууж буй мэтээр бие биетэйгээ харилцаатай байх тэр технологийн шийдлийг бий болгохоор зориод, эхний зорилтуудаа амжилттай хэрэгжүүлсэн гэж болно. Сурагч хүссэн цагтаа гараа өргөөд асуудаг, ойлгоогүй зүйлээ лавладаг, багш нь хичээл эхлэхдээ богино дасгал ажиллуулдаг, алдааг нь тэр дор нь дүгнээд сурагчдадаа тайлбарлаад өгдөг, даалгавраараа дамжуулаад эргэх холбоогоо сайжруулдаг гээд танхимын сургалтын олон харилцааны шинжүүдийг агуулахыг зорьсон. Үүгээрээ анхдагч гэж хэлж болно. Нэгэнт технологийн шийдэл маань орон зай, цаг хугацааны түгжээс, хамаарлыг арилгахыг зорьж байгаа тул цахим буюу онлайн гэж тодотгосон хэрэг.
Мөн тус программ хангамж нь Googleclass, Learning Management System, Back Office Management зэрэг олон ололтыг нэг дор ашиглаж буйгаараа давуу талтай.
- Сургууль гэсэн үг бас анхаарал татаж байна.
- Гэр сургалтаас “танхим”-ын сургалтад шилжиж, одоогийн “сургууль” бий болсон түүх бидний хувьд 20-р зууны ололт байлаа. Гэтэл сүүлийн 150-аад жилийн хугацаанд бараг өөрчлөгдөөгүй уламжлалт анги-танхимд суурилсан загварууд EdTech-ийн хувьсгалын давлагаанд өртлөө. Цахим зайн сургалтын арга зүйнүүд ч шинээр бий болон хөгжиж байна. gooschool.mn платформ нь сурагчийн хувьд бүх талаараа өөрийгөө хөгжүүлэх, суралцах үйлийг зорилтот түвшиндээ, хэрэгцээндээ тохируулан хүлээн авах боломжийг бүх талаар олгохыг зорьж байгаа юм. Тэгэхээр бидний өмнө нэг сурагчийн сурч боловсрох хэрэгцээг биелүүлэхийн тулд, технологийн хувьд ямар шийдэл байж болох вэ? гэдэгт хариу өгөх том ажил байна. Мөн сурган, дидактик буюу заах арга зүйн хувьд ч хийх ажил маш их бий. Эдгээр алсыг харсан зорилтууддаа нийцэх байх гэж “сургууль” хэмээн нэрлэсэн хэрэг.
- Goodschool.mn-ийн сайт руу ороход “Сайн багш, чанартай хөтөлбөр, бодит үр дүн” гэсэн үг нүдэнд туссан. Багш нар нь цөөхөн боловч салбартаа амжилттай яваа хүмүүс байсан. Танай платформ багшид ямар шаардлага тавьдаг вэ? Хүссэн багш танай платформоор эрэлт бүхий хичээлийг заах боломжтой юу?
- Чухам энэ боломжийг л бий болгох гээд байгаа юм. Юу вэ гэхээр сайн багшийг хүүхэд бүрийн дэргэд авч ирэх. “Мэргэдээс үг сонс” гэдэг, “Шавийн эрдэм багшаас” ч гэдэг. Шилдэг багшаас оюуны шимийг нь хүртэх хэрэгцээ бидэнд ч байсан, үр хүүхдэд минь ч байсаар л байна. Бид багшийн сонголт дээр нэлээд нухацтай хандсан. Аль болох сурагчдадаа өгөөжтэй байх тал дээр анхаарлаа. Нөгөө талдаа багш нар маань бүгдээрээ шилдэг. Энэ хэрэгцээ, боломж хоёрыг нэг цэг дээр уулзуулахыг л зориод байгаа хэрэг. Багш нараараа бид бахархаж байна. Энэ хөл хорионы хугацаанд багш нар зайнаас хүүхдэд сургах арга барилыг өөртөө бий болгоод технологийн хэрэглээ нь илт сайжирчээ. Өөрийн мэдлэг чадварыг, технологийн давуу талтай хослуулснаар илүү үр дүнд хүрэх зам нь нээлттэй байна. Хүссэн багш нарт бидний үүд хаалга нээлттэй байгаа шүү.
- goodschool.mn-ээс хичээл үзэхэд төлбөртэй юу?
- Технологийн шийдэл нь боловсроод бүтээгдэхүүн үйлчилгээ болоод бидний гар дээр ирэхдээ хэрэглэхэд хэчнээн амар байдаг билээ, бидний амьдралыг хэчнээн их хялбаршуулж байна. Хэдий хялбар хэрэглээ байна, тэр чинээгээр их хөдөлмөр байдаг. Манай платформд багагүй хөдөлмөр шингэсэн. Одоо ч тасралтгүй хөгжүүлэлт өрнөж байна. Үүний хажуугаар бид багш нарын маань мэдлэг чадвар сайн үнэлгээтэй байх ёстой гэсэн зарчим баримталж, үүндээ хүрэхээр зорьж байгаа юм. Мөн санал болгож байгаа шийдэл маань хичээл үзээд өнгөрөх биш, сурагч өөрийгөө үнэлэхээс эхлээд хичээлдээ багштайгаа шууд харилцан оролцох, бататган үзэх, ахиц дэвшлээ тодорхойлох гэхчлэн боломж олгож, сурагч сайн хичээлийг- харьцангуй хямд үнээр гэсэн зарчмаар төлбөр төлөх юм. Технологи нь төрөл бүрийн өртөг хэмнэх давуу талтай тул үнийн хувьд боломжит түвшинд байна гэж харж байна. Төлбөрийн хувьд нэг хүүхэд нэг удаагийн буюу ээлжит хичээлийг ойролцоогоор 3300 төгрөгөөр үзэж, багшаараа заалгах боломжтой. Энэ бол харьцангуй хямд төлбөр гэж бид үзэж байна.
- Цаашид зөвхөн ЭЕШ-ын хичээлүүд зааж буйг өргөжүүлэх юм байна. Дунд болон урт хугацааны төлөвлөгөөгөө товч хэлж өгөөч?
- Эхний хөтөлбөрүүд маань ЭЕШ-д чиглэж байгаа бол цаашид бид суралцах хэрэгцээнд тулгуурлаад төрөл бүрийн сайн хичээлүүдийг зохион байгуулахаар ажиллаж байна. Тухайлбал тун ойрын хугацаанд япон хэлний түвшин тогтоох шалгалтад зориулсан хичээлүүдийг оруулахаар бэлтгэлээ хангаж байна. Хүний сурах хэрэгцээ гэдэг зөвхөн мэдлэгийг хүлээн авахаар хязгаарлагдахгүй шүү дээ. Мэдсэн дуулснаа дадал чадвар болгон өөртөө суулгах, хувь хүний хөгжил, төрөл бүрийн авьяас чадвараа сорих хөгжүүлэх, харилцааны төлөвшил гээд олон хэрэгцээ бий. Эдгээр хэрэгцээг технологийн дэвшлээр шийдэж, хэзээ “цахим сургууль” болно, тэр бидний урт хугацааны зорилт байх болно.
-ДЭЛХИЙ НИЙТИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ДАГАЖ, ХҮН БҮРИЙН ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦАХ, ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ БОЛОН БОЛОВСРОЛ ДАХЬ АРДЧИЛЛЫГ ЭНЭ САЛБАРТ EDTECH АВЧИРНА-
- Өмнө дурдсанчлан онлайн сургалтын олон платформ бий болчихлоо. Онлайн сургалт Монголд амжилттай хөгжих боломж хэр байгаа вэ? Зах зээлийн судалгаа хийсэн үү?
- Маш амжилттай хөгжинө, “Насан туршдаа тасралтгүй суралцдаг ард түмэн” гэдэг тодотголтой болоосой гэж хүсэж байна. Бидний уламжлал ч тийм, ахуйгаасаа, байгалиас, ахмадаас, балчраас, ухаантнаас, үгнээс, үлгэрээс гээд өдөр тутамдаа суралцдаг хүмүүс. Шинэ тутамд хөгжиж байгаа EdTech старт-апууд ч суралцах олон уламжлалт аргуудаас технологийн шийдлээр санал болгож эхлээд байна. Нэг нь давталтын аргыг, нөгөөх нь ойлгоогүйгээ асуух аргыг, бүр нөгөөх нь богино хугацаанд анхаарлаа төвлөрүүлэх аргыг гэх мэтчилэн тал талаас нь технологийн хувьд шийдэхээр ажиллаж байна гэж харж байна. Бидний санаа, шийдлийн хувьд гэнэт л нэг өглөө босоод “Аан тийм” гээд ороод ирсэн зүйл ердөө биш. Эцэг эх байхын үүргээр хүүхдийн боловсролд тулгарч буй асуудлуудыг ухаарах, технологийн салбарын мэргэжилтний хувьд боломжийг эрэлхийлэх зэргээр явсаар анх хоёр жилийн өмнөөс үндсэн шийдлээ боловсруулж эхэлсэн хэрэг. Энэ хугацаанд EdTech салбар нүдэн дээр л үсрээд үсрээд хөгжчихлөө шүү дээ. Манай АйТи-гийнхний хувьд ч чадвараа сорих нэг талбар яах аргагүй мөн. Амжилттай хэрэгжиж буй гаднын олон туршлагуудыг ч судаллаа. Манай орны хувьд ковидын нөлөө уг шилжилтэд харьцангуй хүчтэй нөлөө үзүүллээ гэж харж байна. Дээр дурдсанаар бидний явуулсан цахим сургалтын хэрэгцээг тодорхойлох суурь судалгааны үр дүн хэдийнээ урьдач таатай нөхцөл бүрдсэнийг харуулж байгаа юм. Онлайн сургалтын давуу талуудыг маш оновчтой тодорхойлсон дүгнэлт гарсан бол ийм төрлийн сургалтад зайлшгүй анхаарч үзэх хүчин зүйлд “багшийн ур чадвар” гэж оролцогч талууд 73%-аас 83%-ийн үзүүлэлттэй дүгнэсэн байх жишээтэй. Мөн танхимын хичээлээс гадуур нэмэлт сургалтын хэрэгцээ өндөр байгааг харуулсан. Онлайн хичээлүүд нь сурагчийн бие даан суралцах байдлыг дэмжихэд эерэг нөлөөтэй гэдэгтэй бараг 100% санал нийлж байсан. Үүний хажуугаар эцэг эхийн оролцоог хангах, техник технологийн ашиглах байдлыг үр дүнтэй, чанартай байхад анхаарах зэрэгт судалгааны үр дүн биднийг хөтөлж, бид ч уг шийдлүүдийг эхний зорилтот түвшиндээ биелүүлээд байна.
- Онлайн сургалтын үеэр үүнд дасан зохицох нь их хэцүү юм шиг санагдсан. Бас олон хүүхэдтэй айлын хувьд компьютер хэрэгсэл хүртээмжгүй байх шиг. Монголчуудад онлайн сургалт явуулахад тулгарч буй гол бэрхшээлүүд юу вэ?
- Судалгаанаас бага ангийн хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ хичээл хийхэд зарцуулах цаг маш их нэмэгдсэн байсан. Ийм эцэг эхчүүд “Та хичээлийг хүүхэдтэйгээ хамт үздэг байсан уу?” гэсэн асуултад “байнга” гэж 40% гаруй нь хариулсан бол “заримдаа” гэж үлдсэн хувь нь хариулсан байсан. Энэ нь сайн муу хоёр талтай. Та бүхэн ч ойлгож байгаа байх. Багш нарын хувьд “мэдээллийн технологийн мэдлэг хүндрэл учруулж байлаа” гэхийн зэрэгцээгээр “цаг маш их зарцуулсан” гэсэн хариултууд зонхилж байсан.
“Онлайн сургалтыг сонгоход саад болох хүчин зүйл” -д хамгийн их нөлөөтэй гэж үзсэн нь “Сургалт явуулж буй программ хангамж хэрэглэхэд төвөгтэй байх” гэсэн хариулт суралцагч талд байв. Харин багш нар маань “Компьютер, ухаалаг төхөөрөмжтэй ажиллаж дадаагүй байх” гэж дийлэнх нь хариулсан байсан. Харин эдгээрийн дараа “суралцахад дургүй байх” гэсэн хариултад аль аль тал нь санал нэгдсэн бол интернэтийн хурд, дата худалдан авах үнийн асуудал дараагийн ээлжид байв. Тэгэхээр бид эдгээр асуудлууд нь харьцангуй шийдэж болох, шийдэгдэх бэрхшээлүүд байна гэж харж байна.
Ер нь айл өрх бүр компьютер юм уу ухаалаг утастай байж онлайн, цахим сургалтад оролцох боломжоор хангагдах, дата багцын үнэ төлбөргүй сувагтай байх, дата багцыг хямдруулах зэрэгт төрийн оролцоо чухал байна.
- Монголын боловсролын салбар онлайн сургалт руу хөрвөх эсвэл хослуулах шаардлага үүссэн гэсэн үг үү?
- Хөрвөх, танхим-цахимыг хослуулах шаардлага яалт ч үгүй гараад ирлээ. Дэлхий нийтийн чиг хандлагыг дагаж, хүн бүрийн тасралтгүй суралцах, хөгжих хэрэгцээ болон боловсрол дахь ардчиллыг энэ салбарт EdTech авчирна. Тиймээс танхим-цахим шилжилтэд Монгол Улсын боловсролын салбар бэлэн болох зайлшгүй шаардлага байна гэж харж байна.