Улаанбаатар хот бүхэлдээ коронавирусний халдварын голомт болсон учир иргэн та өөрөө өөрийгөө халдвараас хамгаалах хэрэгтэй байгааг ЭМЯ дахин анхаарууллаа. Иймээс гудамжаар маск зүүгээд явсан ч гэсэн ажил дээрээ очоод, хамт олныхоо дунд ороод амны хаалтаа авдаг байдлаа болихыг санууллаа.
Вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эрэмбэлэлт хийгээд, түүнийхээ дагуу төлөвлөгөө гарган иргэдийг вакцинжуулж байгаа аж. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн байгууллагынхныг нэн түрүүнд вакцинжуулах ёстой. Мөн халдварт өртөж хүндрэх эрсдэлтэй насны бүлэг буюу 50-64 насныхныг дархлаажуулалтад хамруулжээ.
Дархлаажуулалт нийт найман үе шаттай явагдаж байгаа гэнэ. Одоо 65-аас дээш насныхан болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд вакцинжуулалтад хамрагдаж байна.
Дүүргүүд дээр вакцинжуулалтын мэдээллийг харьцуулж харахад 50-64 насныхан өөрсдөө ирж вакцинд хамрагдах нь их муу байжээ. Өнөөдөр 65-аас дээш насныхны вакцинд хамрагдалтыг үзнэ гэлээ. 50-64 насныхныг дүүрэг, хороогоор нь дуудаж дархлаажуулж байгаа учир энэ насны иргэд та бүхэн сайн дураараа дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа.