БНХАУ-ын хойд нутгийн Шаньси мужийн Юньчэн хотын ойролцоох эртний бунхнаас Жоу улсын /МЭӨ 1046-256/ үед дарсан жимсний дарс олдсон байна.
“Beibai'e” бунхнаас өнгөрсөн онд олдсон найман хүрэл данхны сайн битүүмжилсэн хоёроос нь тунгалаг шингэн олдсон гэж археологичдын багийн ахлах Цао Жунь мэдээлжээ. Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуулийн судалгааны багийн гишүүн Ли Жинпийн мэдээлснээр, шингэний дээж болон бусад данхны ёроолыг судалсны дүнд жимсний дарсны үлдэгдэл болохыг нь тогтоосон байна.
Хятадаас Чинь улсын /МЭӨ 221 оноос өмнө/ өмнөх үеийн жимсний дарс анх удаа олдож буй нь энэ болохыг археологичид онцлон тэмдэглэжээ. Нийт 1200 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан “Beibai'e” бунханд өнгөрсөн оны 4-12 дугаар сард малтлага хийхэд зэс, хаш, чулуу, алт зэргээр хийсэн 500 гаруй эд өлгийн зүйл олджээ.