Их Британид сүүлийн 24 цагт коронавирусний халдвараар 33 хүн нас барсан нь 10 дугаар сарын 4-нөөс хойш бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт болжээ.
Үүнээс нэг өдрийн өмнө тус улсад халдвар авсан хүмүүсийн 96 нь нас барсан гэж мэдээлж байв. Сүүлийн долоон хоногт Их Британид өдөрт бүртгэгдсэн нас баралтын үзүүлэлт өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 37 хувиар буурсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 5300 тохиолдол бүртгэгджээ. Өдөрт 50-60 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байсан нэгдүгээр сараас хойш энэ үзүүлэлт буурсаар байна. Их Британид цар тахал дэгдсэнээс хойш 4.3 сая орчим хүн коронавирусний халдвар авчээ.
Илүү хурдан халдварладаг коронавирусний шинэ хувилбар тархсаны улмаас өнгөрсөн оны 12 дугаар сараас Их Британид халдварын нөхцөл байдал хүндэрсэн юм. Тус улсын Засгийн газар нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн гурав дахь удаагийн бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн сулруулж эхэлжээ. Хэрэв халдвар дахин хурдацтай тархаж эхлэхгүй бол дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн үсчин, гоо сайхны газрууд, спорт танхимууд, дэлгүүрүүдийг нээхээр төлөвлөжээ. Баар цэнгээний газар, зоогийн газруудыг тавдугаар сарын 17-ноос нээж магадгүй бол тавдугаар сарын 21-нээс үлдсэн хязгаарлалтуудын ихэнхийг цуцалж магадгүй байна.
Их Британийн эрх баригчид вакцинжуулалтын кампанит ажилд чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд дархлаажуулах аяныг 2020 оны 12 дугаар сарын 8-наас эхлүүлж, хоёрдугаар сарын 14 гэхэд халдвар авсан хүмүүсийн дунд нас баралтын 88 хувийг эзэлж байсан эмзэг бүлгийн 15 сая хүнийг вакцины эхний тунд хамруулжээ.
Одоогийн байдлаар Их Британид 27.6 сая орчим хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол эрх баригчид эхний үе шатанд аль болох олон хүнийг вакцинжуулах зорилгоор хоёр тарилгын хоорондох зайг гурван сар болгохоор шийдсэн учир хоёр дахь тунг ердөө 2.2 сая хүн хийлгэсэн байна.
Тус улсад Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын, мөн Их Британи-Шведийн "AstraZeneca" компани, Оксфордын их сургуулийн вакциныг хэрэглэж байгаа юм. Их Британийн эрх баригчид мөн Америкийн “Moderna” компанийн вакциныг бүртгэсэн бөгөөд ирэх дөрөвдүгээр сард эхний багц вакцинаа хүлээж авна.