Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 100 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-т зориулан Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, ёслолын буудлага хийлээ.
Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-нд Хиагт хотыг Хятадын гамин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан. Эндээс Монголын орчин цагийн Ардын журамт цэрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх анхны ялалтын буухиаг эхлүүлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин байгуулагдаж, бахархалт түүхэн замналаа эхлүүлсэн билээ.
2003 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ны өдрийг “Зэвсэгт хүчний өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2011 онд уг хуульд өөрчлөлт оруулж, “Монгол цэргийн өдөр” хэмээн нэрийдсэн юм.