Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Хотын дарга ба сэтгүүлчид" уулзалтыг сар бүр зохион байгуулахаар болжээ. Энэ удаа "Хотын түгжрэл ба нийтийн тээвэр" сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй ярилцсан байна. Энэхүү уулзалт нь иргэндээ ээлтэй, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгоход хувь нэмрээ оруулна хэмээн Хотын дарга үзэж байгаа аж.
Мөн тэрбээр "Хот гэдэг бол их айл. Тулгамдаж байгаа олон асуудал байна. Улаанбаатар хотын иргэдийг эрх чөлөөтэй, аюулгүй, эрүүл орчинд амьдруулах үүргийг бид хүлээж байна. Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын түгжрэл дээд түвшиндээ буюу 85 хувьд хүрсэн. Түгжрэл амьдралд маш сөргөөр нөлөөлж байна. Түгжрэлийн шалтгаан бол автомашины тоо, зогсоолын хүрэлцээ, жолоочийн ур чадвар, хот төлөвлөлт. Улаанбаатарыг олон улсын түвшинд хүрсэн, стандартад нийцсэн, аюулгүй хот болгох ёстой. Энэ зарчмыг баримтлан өргөн хүрээнд далайцтай бодлого баримталж ажиллана.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь тухайн орон нутагт үлдэхээр тооцохоор дүүргүүдийн шуудын орлого 700 тэрбум, нийслэлийн шуудын орлого 400 тэрбум, нийт 1.1 их наядаар хотын төсөв өмнөх оноос нэмэгдэнэ гэж урьдчилан харж байгаа. Үнэт цаас, бонд гаргах нь Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагатай, нэмэлт санхүүгийн эх үүсвэр. Үүгээрээ хот тулгамдаж байгаа асуудлаа зөв төлөвлөж хийнэ. Түүнчлэн бүтээн байгуулалт хийхэд концессын зохицуулалт хийх хэрэгтэй. Хотод санхүүгийн ийм дэмжлэгүүд орж ирнэ гэж тооцож байгаа. Хаврын чуулганаар бид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа. Ер нь Улаанбаатар хотын үе үеийн дарга нарын нэг толгойны өвчин бол нийслэлийн төсөв, санхүүгийн бие даасан байдал. Хотын бүх дарга нар хотоо сайхан болгох, хотын хөгжлийг зөв болгох, орчин үеийн шийдэлтэй Улаанбаатар хот болгохыг зорьж байсан. Гэтэл нэгдүгээрт, систем нь болдоггүй, хоёрдугаарт, тогтолцоо нь болдоггүй, гуравдугаарт, санхүүгийн эрх мэдэл нь хумигдмал. Улаанбаатар хотын энэ тулгамдаж байгаа асуудал сүүлийн 28 жил хуримтлагдаж иржээ. Бид Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхээр Засаг даргын мөрийн хөтөлбөртөө оруулж, хэрэгжүүлээд явж байгаа.
Төр, иргэний хамтын ажиллагаа их чухал. Бүх юмыг хотын захиргаа мэддэг юм шиг, өөрсдөө нөгөө талдаа үүргээ биелүүлдэггүй, асуудал үүсгэдэг. Эргээд хот руу ч юм уу, хариуцаж байгаа улсууд руу "Та нар тэгэх ёстой" гэдэг өөриймсөг бус сэтгэлээр битгий хандаач. Хотын иргэн бол соёлтой, ухаантай, үнэ цэнтэй, үнэлэмжтэй байх ёстой. Улаанбаатар хотын иргэн гэдгээрээ бахархах ёстой гэж би боддог. Тийм болгохын тулд бид бас хичээх ёстой. Төрийн захиргаа нь хүнд сурталгүй, төрийн албан хаагч нь түргэн шуурхай үйлчилдэг, төрийн ажлууд нь цахимжаад ирэхээр хүнд суртал, хардлага, сэрдлэг, авлигал, хээл хахууль цэгцрээд ирнэ. Ер нь Улаанбаатар хот цахим болох ёстой. Тийм учраас дижитал эрин зууны энэ үед хөгжилтэй хөл нийлүүлж, хотынхоо татвар, хураамжуудыг хэн нэгнийг стресст оруулахгүйгээр шийддэг зөв зохицуулалт руу бид шуурхай орох ёстой гэсэн үүрэг, чиглэл өгч ажиллаж байгаа" хэмээн ярьсан байна.