Португалийн нэрт хөлбөмбөгч Кристиано Роналдо албан ёсны тоглолтуудад оруулсан гоолынхоо тоогоор Бразилын домогт хөлбөмбөгч Пелегийн тогтоосон дээд амжилтыг эвдлээ.
Өдгөө 36 настай Кристиано Роналдо ням гарагт Кальяри клубийн эсрэг тоглолтод гурван гоол оруулснаар албан ёсны тоглолтуудад оруулсан гоолынх нь тоо 770-д хүрчээ. Тэрбээр шинэ дээд амжилт тогтоосныхоо дараа “Instagram” хуудсандаа Пеле болон хөгжөөн дэмжигчдэдээ зориулан нийтлэл бичжээ.
Тодруулбал, “Өнөөдөр миний бие мэргэжлийн карьерийнхээ 770 дахь гоолыг орууллаа. Юун түрүүнд Пелед хандан чин сэтгэлийн үгээ хэлмээр байна. Дэлхий дахинд түүний тоглолт, гоол, амжилтын талаар дуулж байгаагүй тоглогч нэгээхэн ч үгүй. Би ч мөн тэдний нэг юм” гэжээ.
Пелегийн хувьд карьерийнхээ хугацаанд 767 гоол оруулснаар дээд амжилтыг эзэмшиж байсан бөгөөд тэрбээр Кристиано Роналдод баяр хүргээд, түүнийг бахархан биширдэг гэдгээ онцлон бичжээ.