УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг өчигдрийн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас сураггүй болсон иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд 5 сая төгрөгийн шатахууны зардал хандивлаж буйгаа өөрийн цахим хуудастаа оруулжээ. Тэрбээр:
"Миний бие эрэн хайх, аврах шуурхай ажиллагаанд 5 000 000 төгрөгийн шатахууны зардал хандивлалаа.
Өчигдөр буюу 2021.03.14-ны өдөр байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй шуурганы улмаас Дундговь аймгийн маань 4 сумын 6 хүний эрдэнэт амь үрэгдсэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийт 460 хүн алга болж, эрэн хайх, аврах ажиллагааг аймгийн Онцгой байдлын газар тодорхой бие бүрэлдэхүүнийг дайчлан шуурхай зохион байгуулж ажилласнаар 17 хүнээс бусдыг нь олсон байна. Эдгээр 17 иргэнээ эрэн хайх ажлыг ар гэрийнхэний дэмжлэгтэйгээр шуурхай гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар 21 гэр нурсан, 20 хашаа нурсан, 5 байшингийн дээвэр нурсан гэсэн мэдээлэлтэй байгаа бөгөөд хохирлыг тооцох, холбогдох арга хэмжээ авах ажил үргэлжилж байна.
Миний бие эрэн хайх, аврах шуурхай ажиллагаанд 5 000 000 төгрөгийн шатахууны зардал хандивлаж, шаардлагатай дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Мөн хандив тусламж өгч, аврах ажиллагаанд дэм тусаа үзүүлж буй халуун сэтгэлт ард иргэд, залуучууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Цаг уурын байгууллагаас 3 сарын 10-наас эхлэн анхаарулж сэрэмжлүүлж ажилласан боловч урд өмнө үзэгдээгүй хүчтэй шуурга болсон ба 17,18-ны үеэр давтагдаж болзошгүй гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Дэм дэмэндээ, дээс эрчиндээ, элгэн говийн минь ивээл арвин, илч дулаан ардын минь үйлс цагаан. Бид хамтдаа байж бүхнийг давж, сайн сайхныг бүтээнэ" гэжээ.