Үнэндээ нэгэн Монгол хүн болж буй үйл явдлыг дүгнээд монголчуудыг "гуйлгачин бас хэрүүлч" хэмээн дүгнэжээ. Бид нар гуйсан нь үнэн. Харамсалтай нь бас хэрэлдсэн...
Коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн улс орнуудад жигд хүртээх зорилготой "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд манай улс өчигдөр эхний ээлжийн вакцин болох 14400 тун AstraZeneca вакциныг хүлээн авсан. Улмаар ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар вакцины дээжийг хүлээж авсан юм. Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид хандивлагчдад ойлгогдохоор талархал илэрхийлээгүй бөгөөд доноруудын талаар төдийлөн дурдаагүй байна. Үүний улмаас Европын Холбоо болон суурин төлөөлөгч цахим орчинд дургүйцлээ илэрхийлжээ. Ингэхдээ Гадаад харилцааны яамны албан мэдээг эх сурвалж болгон цахим хуудсандаа түгээсэн бөгөөд энэ нь Гадаад харилцааны яаманд хандаж дургүйцлээ илэрхийлсэн үйлдэл бололтой.
Тодруулбал, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын цахим хаягт болон Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христе өөрийн цахим сүлжээндээ “Харамсалтай нь хандивлагчдын талаар нэг ч үг алга” гэх утга бүхий сэтгэгдэл байршуулсан байна.
Үүнд нь Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хариу тайлбар хийсэн. Ингэхдээ “Сайд Батцэцэг донорууддаа баярлалаа гэж хэлсэн. Миний болон Элчин сайдын үүрэг бол нийгэмд шүүмжлэл, хагарал үүсгэх бус харин хоёр талын харилцааны хөгжилд хувь нэмэр оруулах явдал юм” хэмээн жиргэжээ. Үүнтэй холбоотой хэрүүл сошиалд одоо ч өрнөсөөр...
Ковакс хөтөлбөрт Европын холбоо ямар үүрэгтэй оролцсон талаар дурдахад, КОВАКС хөтөлбөрт дунд болон бага орлоготой 92 улс хамрагдаж байна. Хөтөлбөрийн санхүүжүүлэлтэд нийт 6,3 тэрбум ам.долларыг босгоод байгаа бөгөөд 31 улс (тэр дундаа АНУ 2,5 тэрбум ам.доллар, ХБНГУ 900 сая евро, Япон 200 сая ам.доллар, Канад 197 сая ам.доллар, Саудын Араб 153 сая ам.доллар), Европын Комисс (400 сая евро), 14 төрийн бус байгууллага, сан, корпораци хөтөлбөрийг санхүүжүүлж байна.
Үүнээс харахад Европын холбоо мэдээж “том ах”...
2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр шинэчлэн гаргасан КОВАКС хөтөлбөрийн вакцин түгээлтийн эхний шатны хуваарийн дагуу 2021 оны 2-5 дугаар сарыг дуустал тус хөтөлбөрт оролцогч нийт 142 улсад 237 сая тун вакцин түгээгдэнэ. Манай улс эхний ээлжийн 14400 тун АстраЗенека вакциныг хүлээн авсан бол цаашид тус хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувь буюу нийт 600 000 иргэнийг хамруулах 1 200 000 тун вакциныг (үнэ төлбөргүй) үе шаттайгаар авах юм.
Манай улс Ковакст хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгч, эхний орнуудын жагсаалтад орсон. Энэ нь биднээс өөр хүмүүсийг авран хамгаалах ажлаа хойш тавиад бидэнд тусалж байгаа хэрэг. Тийм байтал тус хөтөлбөрийг санхүүжүүлж буй хандивлагчдыг нэр дуудан талархах сэтгэл ч бидэнд байх хэрэгтэй.
Мөн эх орноо дэлхийн хэмжээнд төлөөлж, дипломат алба хашиж буй иргэдийн хувьд тайлбар хийж, биеэ өмөөрөн хэрэлдэх нь яав ч дипломат харилцаа биш гэдгийг иргэд ялгаж салгаж байна. Цаашид олон салбарынхан мэдээж "гуйна". Гуйлгачин мөртлөө хэрүүлч байх нь “муухай” гэдгийг энэ удаагийн үйлдэл харууллаа...