Коронавирусний халдварт өвчин дэгдэж болзошгүйн улмаас Токиогийн олимпын наадмыг зохион байгуулагчид спортын байгууламжуудын суудал дүүргэлтийг 50 хувиар бууруулахыг зорьж байна.
Цэнгэлдэх хүрээлэнгүүдэд байх үзэгчдийн тоог 20 мянгаас хэтрүүлж болохгүйг мэдэгдэлд цохон тэмдэглэжээ. Гэсэн ч халдварт өвчний нөхцөл байдал дээрдвэл дээрх хязгаарлалтад өөрчлөлт орж магадгүй байна. Энэ асуудлаарх эцсийн шийдвэрийг дөрөвдүгээр сарын дундуур гаргах аж.
Халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Японы Засгийн газар Токиогийн олимпын наадамд гадны хөгжөөн дэмжигчдийг урих төлөвлөгөөгүй байгаа тухай “Kyodo” агентлаг өмнө нь мэдээлсэн юм.
Токиогийн олимпын наадам 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-ний хугацаанд зохион байгуулагдах ёстой байсан хэдий ч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож, 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-ны хугацаанд зохион байгуулагдахаар болсон билээ.