Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолоос өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Бээжинд төрсөн Клое Жао найруулагч “Nomadland” киногоороо шилдэг найруулагчийн шагнал авсан. Гэвч түүний Хятадыг шүүмжлэн ярьсан бичлэгүүд олдсоноос болж бүтээлүүдийг нь Хятадад гаргахыг хоригложээ.
Үүнээс өмнө “Жао Алтан бөмбөрцгийн ялагч боллоо” хэмээх нийтлэлийг Хятадын цахим сүлжээнд 210 сая гаруй удаа бичиж, дамжуулсан байна. Гэвч удалгүй Жао найруулагчийг таньж мэддэг байсан зарим үзэгчид ярилцлага өгч байхдаа Хятад орныг шүүмжилж байсан тухай ил болгож, цахим сүлжээнд түгээсэн аж.
Тухайлбал, 2013 онд Filmmaker сэтгүүлд ярилцлага өгөхдөө Жао “Би Хятадад өсвөр насаа өнгөрөөсөн. Хятад бол хаа сайгүй худал хуурмагаар дүүрсэн орон” хэмээн хэлж байжээ. Хожим тус сэтгүүл Жаогийн ярилцлагын тухайн хэсгийг хасч, шинээр нийтэлсэн гэнэ. Мөн Австралийн мэдээллийн сайтад 2020 онд ярилцлага өгөхдөө Жао найруулагч “Өнөөдөр миний эх орон бол АНУ” хэмээн хэлж байжээ. Гэвч мөн л асуудал үүсэнээс болж, ярилцлагыг нь “АНУ бол миний жинхэнэ эх орон биш” болгон засч, нийтэлсэн байна.
Энэ мэтээр түүний өмнөх түүхүүд сөхөгдсөнөөр Хятадад Жао найруулагчийн нэр хүнд унасан аж. Түүнчлэн Хятадын цахим сүлжээнээс Жао найруулагчийн тухай, түүний кинонуудын тухай хайхад ямар ч илэрц гарч ирэх боломжгүй болгожээ. Мөн ирэх дөрөвдүгээр сарын 23-нд тус киноны нээлтийг хийх гэж байсан хятад кино театрууд төлөвлөгөөгөө өөрчилж, Nomadland киноны тухай гаргасан бүх сурталчилгаагаа устгаад байгаа юм.