Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЭНДЧИЛГЭЭ: Ирэх зуун жил үү, ирэх зуун уу, япон хүмүүс шиг улсаа хөгжүүлэх үү, япон лугаа хөгжих үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 3 секунд

МАН байгуулагдсаны 100 жилийн ойн өдөр өчигдөр тохиосон. Тэгвэл ойн өдрөө Намын дарга болон УИХ-ын дарга "урт" мэндчилгээ дэвшүүлж, намын гишүүд "богино" мэндчиллээ. Эдгээр мэндчилгээнүүдээс УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг онцлон задлав. Түүний мэндчилгээ анх мэдээллийн сайтуудад “Ирэх шинэ зуунд “Япон лугаа хөгжье”” гэх гарчигтай нийтлэгдсэн ч “Шинэ зуун бидний мандан бадралын зуун байх болно” хэмээн өөрчлөгджээ.

Анхны гарчигт орсон “Япон лугаа хөгжье” гэснийг хүмүүс шүүмжилсэнд ийнхүү гарчгаа өөрчилсөн бололтой. Гэтэл аль ч гарчиг нь намынхаа 100 жилийн ойд зориулж бус шинэ зууны босгон дээр мэндчилгээ дэвшүүлж буй мэт утгыг агуулах аж. 21 дүгээр зуун гараад 21 жил өнгөрчээ. Тиймээс ирэх зуун бус ирэх зуун жил хэмээн тодотгох нь илүү зөв байх байсан болов уу.

Мэндчилгээнд “Бид Шинэ Монголын нэгэн зууны түүхийг бүтээж, бас нэгэн Шинэ зууны босгон дээр ирлээ” гэх өгүүлбэр байгаа юм. Энэ нь МАН-ын тоолол үүссэн юм уу гэх эргэлзээг төрүүлж байна. Он цагийн тооллыг зуунаар хэмждэг. 2000 онд дэлхий нийтээрээ шинэ зуунд хөл тавьсан...

Бас “Тиймээс зуун жилийн тэртээ Эх орончдын маань дэвшүүлсэн “Швейцар лугаа хөгжих” үзэл баримтлалыг ирэх шинэ зуунд “Япон лугаа хөгжье” хэмээн шинэчлэн томьёолмоор байна” гэх тод хар өгүүлбэр бий.

Лугаа-г хэрхэн ашиглах талаар зохиолч Г.Аюурзана тайлбарлахдаа ““Лугаа”, “лүгээ” хэмээх, монгол хэлний хамтрахын тийн ялгалын нөхцөл бий. Утга нь маш тодорхой: “-тай”, “-тэй”, “-той” хэмээн залгадаг нөхцөлүүдтэй яг ижил. Тэрхүү luqa, lüqe-г кирилжсэн монгол бичигт голчлон “лугаа адил”, “лүгээ адил” гэсэн хэлц дээр л хэрэглэж, бусад зүйлд бол хамтрахын тийн ялгалтай ер хамаагүй мэт мартагнасаар нэг л мэдэх нээ “лугаа адил” хэлцийг товчлон гагц “лугаа, лүгээ” бичээд л “адил, ижил” хэмээх тодотгол үг нь цугтаа агуулагдаж буй мэтээр ойлгоцгоодог гажуудал дэлгэрчээ. Энэ гажуудал одоо бүр газар авч, “адил”, “ижил”-гүйгээрээ хаа сайгүй таарах болов.

Тухайлбал, “Чингис хаан лугаа үс сахал” гэж бичиж байна. Энэ бол “Чингис хаантай үс сахал” гэсэн утга. Үс сахал дээрээ их хааныхаа дүрсийг гаргаа юм уу гэтэл, үгүй ээ. “Чингис хааныхтай адилхан үсний засалт, сахлын хэв маяг” гэж байгаа санаа юм санж, хөөрхий.

Залуус минь, ингэж бичиж, ярьж болохгүй ээ. Дахин хэлье: “лугаа”, “лүгээ”-д “мэт”, “шиг” гэсэн утга ерөөсөө байхгүй. Дангаараа бол “-тай”, “-тэй”, “-той” нөхцөл болохыг хэзээ ч битгий огоор!

“Хүмүүн лүгээ” гэвэл “хүнтэй” гэсэн үг. “Элбэгдорж лугаа” гэвэл “Элбэгдоржтой” гэсэн үг. Тэгж л их “лугаа”, “лүгээ” бичмээр байгаа юм бол, бас адилтгал зүйрлэлдээ ийм нөхцөл хэрэглэмээр байгаа л юм бол, тэр “адил”, “ижил” гэдгийг нь заавал дагуулж бай! “Чам лугаа явъя аа”, “Элэнц эцэг лүгээ оюун сүнсээрээ учирлаа” гэх мэтээр ярьж бичдэг номтойг бүү март! Бид хэлээ хайрлахгүй бол, хэн хайрлах билээ?” гэжээ.

Тэгвэл УИХ-ын дарга “Япон+той хөгжье” гээд хэлээд байна уу...

Хэрэв УИХ-ын даргын “Япон лугаа хөгжье” гэснийг “Япон шиг хөгжье” хэмээн орчуулж болохгүй ч тэгж хэлсэн хэмээн ойлгоод үзэл бодлоо илэрхийлсэн сэтгэгдлүүдээс Япон улсын иргэн, Монгол Улсад амьдардаг Томоко Ибүкүра “Японы хөгжлөөс оргож ирсэн чинь Японы хөгжил миний араас хөөж ирдэг байна шд. Японы хөгжил гэж хэмжээгээр төсөөлж байгаа бол Японы хөгжил бол хүмүүс юм шүү. Монгол хөгжвөл таарна шд. Монголын замаар хөгжиж л таарна шд. Яахаар Япон гэж... Би Монголд баймаар байхад” хэмээн бичжээ. Үнэхээр Монгол Улсыг монголчууд л Монголын замаар хөгжүүлэхээс “Япон лугаа хөгжих” үндэсгүй гэдгийг энэ ташрамд онцлъё...

Улаангом суманд тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ
Улаангом суманд тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ
 
“Зулын-25”-ны Их дүйчин өдөр ирэх Даваа гарагт тохионо
“Зулын-25”-ны Их дүйчин өдөр ирэх Даваа гарагт тохионо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.