Өчигдөр цахим орчинд “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна, элдэв өвчингүй” гэсэн утгатай зар мэдээлэл нийтлэгдэж, олон нийтийг гайхшруулаад байна.
Тэгвэл тухайн иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү мэдээлжээ.
Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд хүний эрхийг зөрчсөн, хүн худалдаалах гэмт хэрэг байж болзошгүй хууль бус зар, мэдээлэл гарах болсон. Тухайлбал, өнгөрсөн намар “бага насны хүүхдээ өргүүлнэ” гэсэн зурагт мэдээлэл бүхий хэд хэдэн зар тавигдаж, тус үйлдлийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоож, зар тавьсан иргэдэд холбогдох хуулийн арга хэмжээг авч байсан юм.
Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн талаар зар сурталчилгаа, мэдээлэл тараахыг хуулиар хориглодог. Тухайлбал, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 8.1.3 –д “хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэхүйц бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбоо, цахим сүлжээ ашигласан ил буюу далд зар сурталчилгаа” явуулахыг хориглоно гэж заажээ.