АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагийн орой Цагаан ордонд коронавирусний халдварын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэв. Энэ үеэр АНУ-ын Төрийн тэргүүн ард түмэндээ хандан үг хэлж, улс төрийн хүчтэй эсэргүүцлээс үүдэлтэй нийгмийн дотор үүссэн хагарлыг даван туулахыг уриалжээ.
Тэрбээр, “Бид нэг хүн мэт нэгдэж цар тахалтай хамтдаа тэмцэх ёстой. Ингэснээр бид вирусийг ялан дийлнэ” гэжээ. Хамтын хүчин чармайлтаар улс орон хэрхэн хүнд нөхцөл байдалд орсон тухай бус хүнд нөхцөл байдлаас яаж гарсан тухай түүхийг бүтээхийг Ж.Байден уриалсан байна.
Цар тахлаар нас барсан 500 мянга орчим хүний дурсгалыг хүндэтгэн 500 зул асаасан аж. АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, түүний нөхөр Дуглас Эмхофф нар мөн ёслолд хүрэлцэн ирсэн бөгөөд Цагаан ордонд цугларсан хүмүүс “Amazing Grace” хэмээх сүмийн дууг толгойгоо бөхийлгөн хамт сонсжээ.
Дэвсгэр мэдээлэл: Жон Хопкинсын их сургуулийн мэдээлснээр, АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо 500 мянга давж, халдвар авсан хүний тоо 28 174 133-д хүрчээ.