Шувууны ханиадны H5N8 вирус хүнд халдварласан хамгийн анхны тохиолдол ОХУ-д бүртгэгдсэнийг ДЭМБ-д мэдээлэв. Шувууны ханиад үүсгэгч H5N8 вирус Орост төдийгүй Европ, Хятад, Ойрхи Дорнод, Умард Африк зэрэг орнуудад сүүлийн хэдэн сард тархсан ч хүнд халдварлаж байсан удаагүй гэнэ. Шувууны ханиадны бусад H5N1, H7N9, H9N2 гэх мэт вирусүүд өмнө нь хүнд халдварлаж байсан удаатай ч H5N8 вирус хэзээ ч хүнд халдварлаж байгаагүй юм.
ОХУ-ын мэдээлснээр шувуунаас хүнд халдсан халдварын анхны тохиолдол хэдэн сарын өмнө бүртгэгдсэн ч шинжилгээний хариуг баталгаажуулсны дараа ДЭМБ-д мэдэгдсэн нь цаг хугацааны хувьд нэлээд хоцорчээ.
Тодруулбал, Оросын өмнөд нутгийн шувууны фермийн долоон ажилчин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард H5N8 вирусээр өвчилжээ. Түүнээс хойш халдвар нэмэгдээгүй бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдал өдгөө хэвэндээ орсон байна. ДЭМБ-ын мэдээлснээр халдвар авсан хүн шинж тэмдэггүй өвчилдөг бөгөөд хүнээс хүнд халдсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Цаашид тус вирусийн тухай илүү их мэдээлэл цуглуулахын тулд эрдэмтэд нутгийн эрх баригчидтай нягт холбоотой ажиллаж байна.
Ийнхүү H5N8 вирус хүнд халддаг нь тодорхой болсоноос хойш Сибирийн Вектор хүрээлэн тус вирусийн эсрэг вакцин бүтээж, туршилтыг нь яаралтай эхлүүлэх зорилго тавин ажиллаж эхэлжээ.