Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мьянмарт интернэт хаагдаж, олон мянган хүн оролцсон жагсаал боллоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 35 секунд

Өчигдөр буюу Бямба гарагт Мьянмарын хамгийн том хот Янгонд олон арван мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулжээ.Жагсаалын хүчийг сааруулахын тулд цэргийн дэглэмийнхэн өмнө нь Мьянмар даяар интернэт сүлжээг хаасан байна. Интернэт хаагдахаас өмнө тус улсад Фэйсбүүк, Твиттер, Инстаграм сүлжээнүүдийг хаагаад байсан юм. Мьянмар улсад Даваа гарагт гарсан цэргийн эргэлтийн дараа гарсан анхны томоохон эсэргүүцлийн жагсаал энэ болсон байна.

Жагсагчид тус улсад цэргийн дэглэм тогтоохыг эсэргүүцэж, баривчлагдсан улс төрч Аун Сан Сү Чи, ерөнхийлөгч Вин Мьин нарын зургийг барьсан байв. Тэд Аун Сан Сү Чигийн намын бэлгэдэл болсон улаан тууз толгойдоо зүүж, 1988 оны цуст тэмцлийн сүлд дууг дуулж байжээ. Тэд бас хөрш Тайландад гарсан ардчилсан тэмцлийн таних тэмдэг болсон гурван хуруут ёсолгоог хийж байв. Жагсаал болсон газрын ойролцоох гудамжуудыг цагдаа нар хааж, усаар шүршдэг хоёр их бууг байрлуулсан байна. Гэхдээ өчигдрийн жагсаалын үеэр ямар нэг мөргөлдөөн гараагүйг гэрчүүд мэдээлжээ.

Мьянмар улс нь бараг 50 орчим жил цэргийн хатуу дэглэмийн дор байсны эцэст 2011 оноос ардчилсан тогтолцоонд шилжих үйл явц эхэлж байв. Цэргийнхэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн улмаас шинэ парламентын анхны чуулганы өмнөхөн төрийн эрхийг булааж аваад байна. Тухайн сонгуулиар Аун Сан Сү Чигийн Ардчиллын Төлөө Үндэсний Лиг нам парламентын 476 суудлын 396-г нь авч, үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Гэвч армийн нөлөө бүхий генералууд сонгуулийн санал хураалт луйвар будилаантай явагдсан гэж үзэж байгаа. Армийн дэмжлэгтэй сөрөг хүчин энэ сонгуулиар ердөө 33 суудал авсан юм.

Генерал Мин Аун Хлайн тэргүүтэй армийн удирдлагууд улс орондоо нэг жилийн хугацаатай цэргийн дэглэм тогтоосны дараа шударга сонгууль зохион байгуулж, ялсан улс төрийн хүчинд эрх мэдлээ шилжүүлнэ гэж амлаж байгаа аж.

Нүүрсний экспорт гурван хувиар өсчээ
Нүүрсний экспорт гурван хувиар өсчээ
 
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.