Сүүлийн үеийн коронавирусний халдварын нөхцөл байдал эрс нэмэгдэж, нийслэл Улаанбаатар хотод өдөртөө 15-аас дээш 30 тохиолдол бүртгэгдэж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга, их эмч А.Амбасэлмаа тодотголоо. Эдгээр нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас гадна сайн дураар шинжилгээ өгсөн иргэдийн дундаас “COVID-19”-ийн халдвар илэрч байна. Энэ нь иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрийн өвчлөл явагдаж буй үзүүлэлт болж байгааг хэллээ.
Энд нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Икс” апартментэд бүртгэгдсэн нийт 14 тохиолдлын тоо, мөн “Микс пицца”-гийн хүргэлтийн ажилтан өвчилсөнтэй холбоотой тус газрын ажилтнууд болон гэр бүлийн хүмүүстэй холбоотой нийт батлагдсан тохиолдол 11 хүн, Наркологийн эмнэлэгт мөн батлагдсан тохиолдол 7 болоод буйг жишээ татан мэдээллээ.
Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны халдварын голомт тасрахгүй үргэлжилж байна.
Мөн ББСБ-д ажилладаг нэг хүний дүү нь халдвар авснаар асрамжийн жижигхэн газрыг ажиллуулдаг эгч нь улмаар өвдөөд байна. Хөгжлийн бэрхшээлтэй 8 хүүхэд байдаг тус асрамжийн газрын 2 хүүхэд өвдсөн учир багш, асрагчийн хамт тусгаарлан ажиглан тандаж байна. Тиймээс халдвар тусах эрсдэл, халдварын эх уурхайг судлах, шинээр илэрсэн тохиолдлуудын тандан судлах үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байгааг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга, их эмч А.Амбасэлмээ өнөөдөр мэдээллээ.