Жо Байден албан ёсоор Ерөнхийлөгчийн суудалд сууж, эхний өдрөөсөө олон зүйлд өөрчлөлт оруулав. Тэдний дунд Цагаан ордны веб сайт зочиддоо өөрсдийн хүйсийг тодорхойлох илүү олон сонголт санал болгодог болсон байна.
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болсон тэрбээр хамгийн түрүүнд Цагаан ордны веб сайтыг шинэчилж, олон нарийн зүйлийг өөрчилжээ. Жишээлбэл, одооноос эхлэн Цагаан ордны веб сайтад нэвтэрч буй хүмүүс өөрсдийнхөө хүйсийг эр (he), эм (she), тэр (they), бусад (other), нууц (not to share) зэргээс сонгон таниулах бөгөөд бусад хэмээх сонголтыг сонгосон хүн өөрийнхөө дураар хүйсээ нэрлэх боломжтой болсон байна.
Мөн нэрийн өмнө гарах тодотголыг ч олон янз болгон нэмжээ. Өмнө нь тус сонголт ноён (Mr.), хатагтай (Ms.), эзэгтэй (Mrs.), доктор (Dr.) хэмээх тодотголуудаар хязгаарлагдаж байсан бол өдгөө хүндэт буюу хүйс харгалзахгүй бичих (Mx.), бусад (other), хоосон(none) гэх сонголтууд нэмэгджээ.
Энэхүү шинэчлэл нь жижиг мэт боловч маш утга төгөлдөр өөрчлөлт болжээ хэмээн ажиглагчид сайшааж байгаа юм. Учир нь хүний хүйсийг эрэгтэй, эмэгтэй хэмээх хоёрхон төрөлд ангилдаг ойлголт орчин үед хоцрогдож байна хэмээн ардчилсан үзэлтнүүд дүгнэх болжээ.