Цар тахлын улмаас 2020 онд агаарын тээврийн зорчигчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 60 хувиар буурлаа гэж НҮБ-ын төрөлжсөн байгууллага мэдээлжээ. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн онд дотоодын болон олон улсын агаарын тээврээр 1.8 тэрбум хүн зорчжээ. 2019 онд энэхүү үзүүлэлт 4.5 тэрбум байв.
Дэлхий даяар коронавирусний халдвар тархсан нь улс орнуудын эрх баригчдыг олон улсын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, ард иргэддээ гэртээ байхыг уриалахад хүргэсэн юм. Үүнтэй холбоотойгоор дотоодын агаарын тээврийн хөдөлгөөн 50 хувиар, олон улсын агаарын тээврийн хөдөлгөөн 74 хувиар тус тус буурчээ. Агаарын тээврийн хөдөлгөөн ийнхүү буурсан нь агаарын тээврийн компаниудын орлогыг 370 тэрбум ам.доллароор бууруулж, дэлхий даяар олон сая ажлын хүн ажлын байраа алдахад хүргээд байгааг НҮБ-ын тайланд онцлон тэмдэглэсэн байна.
Олон улсын иргэний нисэхийн байгууллага агаарын тээврийн зорчигчдын тоог энэ оны хоёрдугаар улирлаас аажмаар өсөж эхэлнэ гэж таамаглаж байгаа боловч цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн үр дүн, вакцинжуулалтаас ихээхэн хамаарна гэдгийг дурджээ.