Хонконгийн эрдэмтэд “Гэдэсний бактерийн төрөл, тоо нь “Ковид-19”-ийн өвчлөл хүндрэлд нөлөөлдөг. Үүгээр ч зогсохгүй дархлааны тогтолцооны халдварын хариу урвалд ч нөлөөтэй” гэжээ.
Гэдэсний ашигтай бичил биетүүдийн тэнцвэргүй байдал нь шинэ коронавирусийн халдвар авах болон “Ковид-19” эдгэрэхгүй сунжрах эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээн Британийн анагаах ухааны нийгэмлэгийн “Gut” сэтгүүлд нийтэлсэн байна. Хүний гэдэс бол дархлааны хамгийн том орчин. Ялангуяа түүний дотор амьдардаг бичил биетүүд дархлааны тогтолцооны хариу урвалуудыг тодорхойлдог. Хонконгийн их сургуулийн судлаачид “Ковид-19”-ийн халдварын эсрэг дархлааны тогтолцооны хариу үйлдэлд гэдэсний бичил биетүүд нөлөөлдөг эсэхийг судалсан байна.
Тэд өнгөрсөн оны 2-5 дугаар сарын хооронд лабораторийн шинжилгээгээр “Ковид-19”-тэй нь батлагдсан 100 өвчтөний цус, өтгөний шинжилгээг эрүүүл хүмүүсийнхтэй харьцуулан шинжилсэн байна. Ингэхэд эрүүл хүмүүсийн гэдсэн дэх ашигт бактериуд илүү их байв. Үүнээс гадна дархлааны хариу урвалыг идэвхижүүлдэг бактериуд харьцангүй илүү байсан аж.