Ө.Гэрэлмаа: Шүлхийтэй тэмцэх арга хэмжээг шинжлэх ухаан удирдах ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
39 минут 54 секунд

– Шинжлэх ухаан таамаглалаар бус, нотолгоогоор баталгааждаг. Төрийн бодлого ч мөн адил шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлах учиртай.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал, шүлхий судлаач Ө.Гэрэлмаатай ярилцлаа.

ШҮЛХИЙТЭЙ ТЭМЦЭХЭД ХАМГИЙН ТҮРҮҮНД ТАРХВАР СУДЛАЛЫН НОТОЛГОО ХЭРЭГТЭЙ

-Сүүлийн жилүүдэд шүлхий өвчний талаар олон нийт, малчид, шийдвэр гаргагчдын дунд байр суурийн зөрүү, маргаан их өрнөх боллоо. Та хамгийн түрүүнд юуг онцолж хэлэх вэ?

-Шүлхийн тухай ярихад бид ихэвчлэн “устгах уу, вакцинжуулах уу”, “хорио тогтоох уу”, “ямар арга хэмжээ авах вэ” гэсэн асуултаас эхэлдэг. Миний бодлоор энэ бол хамгийн эхэнд тавих ёстой асуулт биш. Харин хамгийн түрүүнд “Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?” гэж асуух хэрэгтэй. Учир нь вирус хүний хүсэл, үзэл бодлоор бус байгалийн хуулиар тархдаг. Халдварын эрчим, тархалтын хэлбэр, голомтын хөгжил, дамжих зам зэрэг нь хэн нэгний дүгнэлтээр өөрчлөгдөхгүй. Тиймээс шүлхийтэй тэмцэх бодлого нь туршлага, таамаглал, тухайн үеийн сэтгэгдэлд бус, тархвар судлалын үнэлгээ, лабораторийн баталгаажуулалт, шинжлэх ухааны нотолгоонд үндэслэх ёстой.

-Та “шинжлэх ухаан удирдах ёстой” гэж онцолж байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал?

– Шинжлэх ухаан гэдэг нь хэн нэгний итгэл үнэмшил, бодол, туршлага биш. Нотолгоонд тулгуурлан шийдвэр гаргах арга юм. Өөрөөр хэлбэл, шүлхий гармагц шууд ямар арга хэмжээ авах тухай ярилцахаас өмнө юу болсон бэ гэдгийг тогтоох шаардлагатай. Өвчин хаанаас орж ирсэн бэ, хэзээнээс тархсан бэ, хэдэн үе дамжин халдварласан бэ, халдварын эх уурхай юу вэ, ямар эрсдэлт хүчин зүйл нөлөөлөв, цаашдын хамгийн том эрсдэл нь юу вэ гэдэг асуултад эхлээд хариулах ёстой.

Эдгээрийг лабораторийн шинжилгээ, тархвар судлалын мөрдөн тогтоолт, эрсдэлийн үнэлгээгээр тогтоосны дараа л ямар арга хэмжээ хамгийн оновчтойг шийддэг. Шинжлэх ухааны дараалал маш тодорхой. Эхлээд нотолгоо, дараа нь үнэлгээ, хамгийн сүүлд шийдвэр. Хэрэв энэ дарааллыг алгасаад шууд “устгая”, “вакцин хийе” гэж шийдвэл шинжлэх ухаанд бус, таамаглалд тулгуурласан эрсдэлтэй шийдвэр гаргах магадлал өндөр.

-Устгал уу, вакцин уу гэсэн олон жилийн маргааныг та хэрхэн хардаг вэ?

-Бид энэ асуудлыг өөр өнцгөөс харах хэрэгтэй. Учир нь устгал ч, вакцинжуулалт ч өөрөө зорилго биш. Аль аль нь халдварыг хянах арга хэрэгсэл юм. Харин жинхэнэ зорилго нь шүлхийн халдварын гинжин хэлхээг таслах явдал.

Бид хүүхэд байхдаа гар гараасаа бариад “гинж таслах” тоглоом тоглодог байсан. Тэр үед хэн ч хамгийн хүчтэй хүнийг мөргөдөггүй, хамгийн сул холбоосыг нь олж дайрдаг байлаа. Нэг холбоос тасрахад бүхэл бүтэн гинж хуваагддаг. Шүлхийн халдварыг ч яг ийм зарчмаар тасална.

Тиймээс бүх боломжит арга хэмжээг зэрэг хэрэгжүүлэхээс илүү тухайн нөхцөлд хамгийн сул холбоосыг олж таслах нь чухал. Тэр холбоосыг хэн нэгний таамаг биш, тархвар судлалын мөрдөн тогтоолт, лабораторийн баталгаажуулалт, эрсдэлийн үнэлгээгээр тогтоодог.

Үүний тулд эхлээд өвчтэй болон халдвартай малын ялгааг ойлгох шаардлагатай. Өвчтэй мал гэдэг нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн малыг хэлнэ. Харин халдвартай мал нь шинж тэмдэггүй байсан ч вирус тээж, бусдад халдвар дамжуулах боломжтой байдаг.

-Шүлхийн өвчнийг эрт, эсвэл хожуу илрүүлэх нь ямар ялгаатай вэ?

-Маш том ялгаатай. Өвчнийг эрт илрүүлбэл халдварын гинжин хэлхээг эхэн үед нь таслах боломжтой. Харин хожуу илрүүлбэл вирус аль хэдийн олон мал, олон хот айл, сум сууринд тархаж, гадаад орчныг бохирдуулсан байх эрсдэлтэй. Шүлхийн вирус зөвхөн өвчилсөн малаар дамждаггүй. Өвчтэй малын шүлс, цэврүүний шингэн, сүү, ялгадас зэрэг ялгарлаар бохирдсон хашаа хороо, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, тэжээл, ус, мөн хүн, малын хөдөлгөөнөөр халдвар дараагийн мэдрэмтгий сүрэгт дамждаг. Тодорхой нөхцөлд агаараар ч тархах боломжтой. Иймээс халдварын бүх боломжит эдгээр замыг л хамтад нь хянах шаардлагатай.

Шүлхийтэй тэмцэхэд шинжлэх ухаанаар батлагдсан энгийн таван үндсэн зарчим бий. Эдгээр нь шинэ ойлголт биш. Харин дэлхийн олон оронд олон жилийн турш үр дүн нь батлагдаж, ДМАЭМБ-ын стандарт болсон үндсэн зарчмууд юм. Тиймээс тухайн нөхцөлд өвчтэй болон халдвар авсан байх өндөр магадлалтай хавьтал малыг устгах нь халдварын гинжин хэлхээг хамгийн богино хугацаанд тасална гэдгийг шинжлэх ухаан нотолж байвал устгалын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Харин халдвар өргөн тархаж, мэдрэмтгий малын тоо олширсон үед вакцинжуулалт илүү үр дүнтэй сонголт болдог.

-Энэ аргуудыг бүгдийг хэрэглэх ёстой юу?

-Зарим нөхцөлд дээрх хоёр аргыг хамт хэрэглэнэ. Харин зарим үед хөдөлгөөний хяналт, биоаюулгүй байдал, идэвхтэй тандалт, лабораторийн баталгаажуулалт илүү үр дүнтэй байдаг. Тиймээс “устгал уу, вакцин уу” гэж маргахаас илүү “өнөөгийн нөхцөлд халдварын гинжин хэлхээний хамгийн сул холбоос хаана байна, түүнийг ямар аргаар хамгийн үр дүнтэй таслах вэ” гэдгийг тогтоох нь чухал.

Учир нь үндэслэлгүй устгал шаардлагагүй хохирол учруулдаг бол үндэслэлгүй вакцинжуулалт хөрөнгө, цаг хугацаа, хүний нөөцийг үр ашиггүй зарцуулдаг. Иймээс шүлхийтэй тэмцэх бүх арга хэмжээ тархвар судлалын нотолгоонд үндэслэх ёстой.

-Энэ зарчим дэлхий нийтэд ижил мөрдөгддөг үү?

–Тийм. Шүлхийн вирус нь мал, амьтны гоц халдварт өвчний хамгийн хурдан тархдаг үүсгэгчдийн нэг. Энэ вирус улсын хил, аймаг, сумдын зааг хязгаарыг мэддэггүй, мал, хүн, тээврийн хэрэгсэл, худалдаа, хүрээлэн буй орчноор дамжин тархдаг. Тиймээс шүлхий нь нэг улсын бус, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаа шаарддаг өвчин юм.

Иймээс шүлхий зэрэг хил дамнасан халдварт өвчинтэй тэмцэх үндсэн зарчим дэлхий даяар ижил. Харин улс орон бүр өөрийн тархвар судлалын нөхцөл, эрсдэлийн үнэлгээ, мал аж ахуйн бүтэц, хэрэгжүүлэх боломждоо тулгуурлан түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэрээ сонгодог.

-Монгол Улс олон жил шүлхийтэй тэмцэж ирлээ. Энэ хугацаанд бодлого хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Шүлхийтэй тэмцэх бодлого нэг хэвийн байдаггүй. Өвчний тархалтын нөхцөл өөрчлөгдөхөд бодлого ч шинжлэх ухааны үндэслэлээр шинэчлэгдэх ёстой.

2000 оноос хойш гарсан дэгдэлтүүд ихэвчлэн хөрш орноос хил дамжин орж ирсэн, харьцангуй хязгаарлагдмал тархалттай байсан учраас голомтын устгал, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, цагираг вакцинжуулалт зэрэг арга хэмжээ үр дүнтэй байв.

Харин 2019–2022 онд нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөн. Шүлхий зөвхөн гаднаас зөөгдөн орж ирэхээ больж, улсын хэмжээнд олон аймагт зэрэг тархаж, халдварын гинжин хэлхээ удаан хугацаанд тасрахгүй үргэлжлэх болсон. О ийлдэс хэвшлийн вирус дотоодод тогтвортой эргэлдэж, эндемик шинжтэй болсон нь Монгол Улсын тархвар судлалын нөхцөл үндсээрээ өөрчлөгдсөнийг харуулсан.

Ийм нөхцөлд өмнөх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь шинжлэх ухааны хувьд оновчтой байхаа больсон. Тиймээс тархвар судлалын үнэлгээ, лабораторийн нотолгоо, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан бодлогоо шинэчлэх шаардлага үүссэн.

Энэ нь нэг хүн, нэг байгууллагын санаачилга бус, өвчний бодит тархалт, шинжлэх ухааны нотолгооноос урган гарсан зайлшгүй хэрэгцээ байсан.

-Энэ үед үхрийг түлхүү вакцинжуулах бодлого баримталсан. Яагаад?

-Энэ асуултыг олон хүн асуудаг. “Яагаад бүх малыг вакцинжуулаагүй юм бэ?” гэж. Юуны өмнө тухайн үеийн нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. 2019–2022 онд шүлхий улсын хэмжээнд өргөн тархаж, 20 аймаг, нийслэлийн 265 сум, дүүрэгт голомт бүртгэгдэн, олон мянган мал халдварт өртсөн. Ийм үед үхэр, хонь, ямаа, тэмээ, гахай зэрэг бүх мэдрэмтгий малыг вакцинжуулах нь асар их хөрөнгө, хүн хүч шаардсан ажил байлаа. Түүнээс гадна нэг удаагийн ажил биш, жил бүр хоёр удаа, олон жил дараалан хийх шаардлагатай.

Өмнө нь зөвхөн эрсдэлтэй бүсүүдэд хамгаалалтын вакцинжуулалт хийдэг байсан бол өвчин улс даяар тархсан нөхцөлд тэр арга барил хангалтгүй болсон. Гэхдээ шинжлэх ухаан тоо биш, эрсдэлийг хардаг.

Манай улсын тархвар судлалын үнэлгээгээр үхэр нь халдварыг сүрэг хооронд дамжуулах хамгийн өндөр эрсдэлтэй болох нь тогтоогдсон. Хонь, ямаа мөн өвчилдөг ч ихэнхдээ хөнгөн хэлбэрээр өвчилж, гадаад орчинд ялгаруулах вирусийн хэмжээ үхэртэй харьцуулахад бага байдаг.

Гахай шүлхийд маш мэдрэмтгий, вирусийг их хэмжээгээр ялгаруулдаг ч Монголд аж ахуйн эзлэх хувь бага тул үндсэн эрсдэлийг бэлчээрийн мал аж ахуйн онцлогт тулгуурлан үнэлсэн.

Харин үхэрт өвчин тод эмнэлзүйн шинжээр илэрч, ам, хэл, туурайн завсарт үүссэн цэврүүнээс их хэмжээний вирус ялгарснаар орчин хүчтэй бохирдож, нэг сүргээс нөгөөд, нэг малчнаас нөгөөд халдвар дамжих эрсдэл эрс нэмэгддэг. Иймээс хамгийн өндөр эрсдэлтэй бүлгийг хамгаалснаар нийт халдварын эргэлтийг бууруулах боломжтой гэж үзсэн.

Энэ нь зөвхөн онол байгаагүй. Ийлдэс судлалын тандалтын үр дүнгээр үхрийн дархлаа сайжрахын зэрэгцээ вакцин хийгээгүй хонь, ямааны дундах халдварын эрчим ч буурсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, өндөр эрсдэлтэй бүлгийг хамгаалснаар нийт халдварын эргэлтийг сааруулж болдгийг Монголын нөхцөлд баталсан гэсэн үг.

Иймээс вакцинжуулалтын зорилго нь олон малд вакцин хийхдээ бус, халдварын гинжин хэлхээг хамгийн үр дүнтэй таслахад оршдог.

-Зарим хүн “Шүлхий гарсаар л байна. Тэгэхээр энэ бодлого буруу байсан юм биш үү?” гэж шүүмжилдэг.

– Энэ бол хамгийн түгээмэл ташаа ойлголтын нэг. Шүлхий гарсан эсэхээр бодлогын зөв, бурууг дүгнэж болохгүй. Харин бодлого буруу байсан уу, хэрэгжилт хангалтгүй байсан уу, эсвэл шинжлэх ухааны үндэслэлийг зөв ойлгож хэрэгжүүлсэн үү гэдгийг ялгаж харах ёстой.

Мал эмнэлгийн тогтолцоо өндөр хөгжсөн орнуудад ч шүлхий дэгддэг, шалгуур нь өвчин гарсан эсэх биш, харин өвчин гарахаас өмнөх бэлэн байдал болон гарсан үед олон улсын стандартад нийцсэн хариу арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлсэнд байдаг.

ДМАЭМБ улс орнуудын чадавхыг дараах үндсэн үзүүлэлтээр үнэлдэг. Ингэхдээ:

  • Өвчнөө нуусан уу, эсвэл шуурхай мэдээлсэн үү?
  • Лабораторийн оношоор баталгаажуулсан уу?
  • Тархвар судлалын мөрдөн тогтоолт хийсэн үү?
  • Эрсдэлийн үнэлгээ хийсэн үү?
  • Хөдөлгөөний хяналт, тандалт, вакцинжуулалт зэрэг хариу арга хэмжээг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлсэн үү гэх шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан үнэлдэг. Тиймээс өвчин гарсан нь өөрөө бүтэлгүйтэл биш. Харин шинжлэх ухааны үндэслэлгүй шийдвэр гаргах, эрсдэлийг буруу үнэлэх, олон улсын стандартыг мөрдөхгүй байх нь хамгийн том эрсдэл юм.

Өөрөөр хэлбэл, сайн бодлогын шалгуур нь өвчин огт гарахгүй байхдаа биш. Харин өвчин гарсан үед түүнийг богино хугацаанд илрүүлж, хязгаарлаж, үр дүнтэй хяналтдаа авч чаддаг тогтолцоог бүрдүүлэхэд оршдог.

ӨВЧИН ГАРСАН ЭСЭХЭЭР НЬ БИШ, ХАРИН ТҮҮНИЙГ ХЭРХЭН УДИРДАЖ, ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР НЬ ҮНЭЛДЭГ

-Та ДМАЭМБ-ын стандартыг олонтаа дурдлаа. Энэ стандарт юугаараа тийм чухал вэ?

-Олон улсын уулзалт, техникийн зөвлөгөөнд оролцохдоо нэг зүйлийг байнга анзаардаг. Манайхан ДМАЭМБ-ын стандартыг заримдаа “Гадаадын байгууллагын шаардлага”, “Цаасан дээрх дүрэм”, бүр “Монголд тохирохгүй” гэж ойлгох нь бий. Миний бодлоор энэ бол хамгийн том эндүүрэл.

ДМАЭМБ-ын Terrestrial Animal Health Code, Terrestrial Manual зэрэг баримт бичиг нь нэг байгууллагын дүрэм биш. Харин дэлхийн 180 гаруй улсын олон арван жилийн туршлага, өвчний дэгдэлтээс авсан сургамж, лабораторийн судалгаа, тархвар судлалын нотолгоо, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан боловсруулсан олон улсын стандарт юм.

Өөрөөр хэлбэл, дэлхий нийт “ямар алдаа гаргаж болохгүй, ямар арга хамгийн үр дүнтэй вэ” гэдгийг нэгтгэсэн хамтын мэдлэгийн сан гэсэн үг.

Тиймээс эдгээр стандартыг мөрдөнө гэдэг нь гаднын шаардлага биелүүлж байгаа хэрэг биш, харин шинжлэх ухаанаар баталгаажсан шилдэг туршлагыг хэрэгжүүлж байна гэсэн үг.

-Тэгвэл Монголд энэ талаар яагаад ийм их маргаан дэгддэг юм бол?

-Миний бодлоор энд вирусээс илүү сэтгэлгээний асуудал бий. Шүлхийтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ лабораторийн шинжилгээний хариунд тулгуурладаг хэр нь ДМАЭМБ-ын шаарддаг тархвар судлалын үнэлгээг “Монголд тохирохгүй” гэж дүгнэх нь шинжлэх ухааны зарчимтэй нийцэхгүй.

Шинжлэх ухаанд дараалал тодорхой. Эхлээд судална, дараа нь нотолно, эцэст нь дүгнэлт гаргана. Хэрэв олон улсын стандартын аль нэг заалт Монголын нөхцөлд тохирохгүй гэж үзэж байгаа бол үүнийгээ тархвар судлалын судалгаа, эрсдэлийн үнэлгээ, лабораторийн үр дүнгээр нотлох ёстой. Нотолгоогүйгээр “тохирохгүй” гэж хэлэх нь шинжлэх ухааны үндэслэл болохгүй.

Харин үндэсний онцлогийг олон улсын стандарттай уялдуулж, эрсдэлийн үнэлгээ, шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлэх нь орчин үеийн мал эмнэлгийн бодлогын үндсэн зарчим юм.

-Монголд шүлхий гармагц экспортын асуудал их яригддаг. Энэ нь ДМАЭМБ-ын стандарттай ямар холбоотой вэ?

-Энэ хоёрын холбоо маш нягт. Олон хүн экспортыг зөвхөн өвчингүй байхтай холбон ойлгодог. Гэтэл олон улсын худалдаанд хамгийн түрүүнд “Өвчнөө хэрхэн удирдаж байна вэ, ямар стандартыг мөрдөж байна вэ, түүнийгээ ямар нотолгоогоор батлах вэ?” гэдэг асуулт тавигддаг.

Дэлхийн худалдааны байгууллагын SPS хэлэлцээр бүх арга хэмжээ шинжлэх ухааны үндэслэлтэй байх зарчимд тулгуурладаг. Өөрөөр хэлбэл, олон улсын худалдаанд мэдэгдэл бус, нотолгоо зөвшөөрөгддөг.

Мал, амьтны эрүүл мэндийн хувьд энэ нотолгоо нь ДМАЭМБ-ын стандартыг хэрхэн хэрэгжүүлж байгаагаар илэрдэг. Үүнд тархвар судлал, дэгдэлтийн мөрдөн тогтоолт, тандалт, лабораторийн оношилгоо, эрсдэлийн үнэлгээ, хөдөлгөөний хяналт, вакцинжуулалт, био аюулгүй байдал зэрэг бүх арга хэмжээ багтдаг.

Эдгээрийг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлж, эмх цэгцтэй баримтжуулж чадвал бид зөвхөн хөрш орнуудтай биш, дэлхийн худалдааны түншүүдтэйгээ ч нэг хэлээр ярьж эхэлдэг. Тэр хэл нь шинжлэх ухааны нотолгоо, олон улсын стандартын хэл юм.

-Улс орнууд олон улсын худалдаа, экспортын асуудал дээр стандарт гэдэг нэг “хэл”-ээр ярилцана гэсэн үг байх нь, тийм үү?

-ДМАЭМБ мал, амьтны эрүүл мэндийн олон улсын стандартыг боловсруулдаг бол Дэлхийн худалдааны байгууллага SPS хэлэлцээрээрээ тэдгээрийг олон улсын худалдааны жишиг стандарт болгон хүлээн зөвшөөрсөн. Иймээс улс орнууд эдгээр стандартыг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа шинжлэх ухааны нотолгоо, баримтаар батлан харуулах үүрэгтэй. Үүнтэй адил ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортод Ургамлын эрүүл ахуйн олон улсын стандарт, хүнсний бүтээгдэхүүнд “Кодекс Алиментарус”-ын стандарт мөрдөгддөг.

Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний хувьд ч ялгаагүй. ДМАЭМБ-ын стандартыг мөрдөж, шүлхийтэй тэмцэх арга хэмжээгээ шинжлэх ухааны нотолгоо, баримтаар баталгаажуулж чадвал экспортын өрсөлдөх чадвар, итгэлцэл нэмэгдэнэ.

Өөрөөр хэлбэл, экспорт гэдэг нь зөвхөн бүтээгдэхүүнээ хилээр гаргах асуудал биш. Харин олон улсын стандартыг мөрдөж ажилласнаа шинжлэх ухааны нотолгоо, баримтаар баталж чаддаг тогтолцооны илэрхийлэл юм.

-Өөрөөр хэлбэл, экспортын гол асуудал нь өвчин өөрөө биш гэсэн үг үү?

-Яг тийм. Экспортын хамгийн том саад нь өвчин биш. Өвчин аль ч улсад гарч болно. Харин хамгийн чухал нь өвчнийг хэрхэн эрт илрүүлсэн, лабораториор хэрхэн баталгаажуулсан, тархвар судлалын ямар үнэлгээ хийсэн, ямар хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, тэр нь ДМАЭМБ-ын стандарттай нийцэж байгаа эсэхийг нотолж чаддаг байх хэрэгтэй.

Өнөөдөр дэлхийн худалдаанд улс орныг өвчин гарсан эсэхээр нь бус, өвчнийг хэрхэн удирдаж, олон улсын стандартыг хэрхэн хэрэгжүүлснээр нь үнэлдэг. Тиймээс энэ нь зөвхөн шүлхий, экспортын асуудал биш. Харин шинжлэх ухаанд суурилсан төрийн бодлого, байгууллагын чадавх, хүний нөөцийн асуудал юм.

ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ОЙЛГОЖ, ХЭРЭГЖҮҮЛЖ, ХЭРЭГЖИЛТЭЭ НОТОЛЖ ЧАДДАГ БОЛОВСОН ХҮЧИНТЭЙ БАЙЖ Л УЛС ОРОН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ИТГЭЛ ХҮЛЭЭСЭН ТҮНШ БОЛЖ ЧАДНА

–Та саяхан ДМАЭМБ-ын 93 дугаар Ерөнхий чуулганд оролцсон. Тэндээс дэлхий нийтийн чиг хандлагыг тодорхой харсан байх?

–Надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн нь ДМАЭМБ-ын Ерөнхий захирлын нэг үг байлаа. Тэрээр гишүүн орнуудад хандан, “Өвчнөө хэдий чинээ эрт, үнэн зөв, ил тод мэдээлж, туршлага, сургамжаа нээлттэй хуваалцана, төдий чинээ олон улсын стандарт илүү боловсронгуй, ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар болно” гэж хэлсэн. Энэ нь ДМАЭМБ-ын стандартыг өөр өнцгөөс ойлгоход хүргэсэн. Олон улсын стандарт гэдэг нь хаалттай өрөөнд цөөн хүн боловсруулдаг дүрэм биш. Харин дэлхийн улс орнуудын бодит туршлага, шинжлэх ухааны судалгаа, алдаа, сургамж, ололтыг нэгтгэн байнга шинэчлэгдэж байдаг амьд стандарт юм.

Өөрөөр хэлбэл, өвчнөө үнэн зөв, цаг тухайд нь мэдээлэх нь зөвхөн тухайн улсын хүлээсэн үүрэг биш, дэлхийн шинжлэх ухааны хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр юм.

Монгол Улсын мэдээлсэн нэг өвчний тохиолдол, хийсэн нэг тархвар судлалын тандалт, гаргасан нэг эрсдэлийн үнэлгээ, авсан нэг сургамж хүртэл маргааш олон улсын стандартыг улам боловсронгуй болгож, дэлхийн нөгөө өнцөгт байгаа өөр улсын мал сүргийг хамгаалахад хувь нэмэр оруулж чадна.

-Цаашилбал?

-Тиймээс бид ДМАЭМБ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), тэдгээрийн бүсийн болон төлөөлөгчийн газар, олон улсын шинжээчдийг “гаднын хүмүүс” гэж бус, нэг зорилгын төлөө хамтран ажиллаж буй түншүүд гэж харах ёстой. Учир нь “Африкийн шүлхий”, “Монголын шүлхий”, “Хятадын шүлхий” гэж байдаггүй. Шүлхий бол дэлхий даяарх нэг өвчин. Вирус нь нэг, шинжлэх ухааны үндсэн зарчим нь нэг, баримтлах олон улсын стандарт нь ч нэг.

Улс орон бүр өөрийн тархвар судлалын нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх арга хэлбэрээ сонгож болох ч шинжлэх ухааны үндсэн зарчим, олон улсын стандартаас ангид байж болохгүй. ДМАЭМБ-ын гишүүн байна гэдэг нь зөвхөн стандартыг мөрдөх бус, түүнийг хамтдаа хөгжүүлж, улам боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Энэ бол Франц Улсад болсон ДМАЭМБ-ын 93 дугаар Ерөнхий чуулганаас миний авсан хамгийн үнэ цэнтэй сургамж юм.

ШҮЛХИЙТЭЙ ТЭМЦЭНЭ ГЭДЭГ НЬ ЗӨВХӨН ӨВЧИЛСӨН МАЛТАЙ БУС, ВИРУСЭЭР БОХИРДСОН ОРЧИНТОЙ ДАВХАР ТЭМЦЭХИЙГ ХЭЛНЭ

– Монгол Улсад өнөөдөр хамгийн их дутагдаж байгаа зүйл юу гэж та үздэг вэ?

–Миний бодлоор бидэнд шинэ хууль, шинэ стандарт бус, байгаа хууль, стандартаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нэг ойлголтоор хэрэгжүүлэх соёл юм. Зарим хүн олон улсын стандартыг Үндсэн хуультай зөрчилддөг мэт ойлгодог. Үнэндээ энэ хоёр өрсөлддөггүй. Монгол Улсын Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль эрх зүйн үндсийг тогтоодог бол ДМАЭМБ-ын стандарт түүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрхэн хэрэгжүүлэх аргачлалыг тодорхойлдог. Нэг нь юу хийхийг, нөгөө нь түүнийг хэрхэн хэрэгжүүлэхийг заадаг гэсэн үг.

Хэрэв бид нэг ойлголт, нэг стандартын дагуу ажилладаг бол нэг асуудлыг дахин дахин маргаж, ижил алдаагаа олон давтахгүй. Ингэснээр шийдвэр гаргалт илүү шуурхай, үр дүнтэй болно. Энэ нь зөвхөн малын эрүүл мэндийн асуудал биш, Монгол Улсын экспортын өрсөлдөх чадвар, олон улсын итгэлцэл, үндэсний эдийн засгийн ашиг сонирхолтой шууд холбоотой.

–SAT-1-ийн дэгдэлтийн үед “Япон ингэж хийсэн”, “Африкт ингэдэг” гэх мэт жишээ их ярьсан. Та үүнийг хэрхэн хардаг вэ?

–Шинжлэх ухаанд нэг улсын туршлагыг нөгөө улсад шууд хуулбарлах боломжгүй. Учир нь өвчний тархвар судлалын нөхцөл, мал аж ахуйн бүтэц, малын нягтрал, шилжилт хөдөлгөөн, байгаль орчин, зэрлэг амьтдын оролцоо зэрэг эрсдэлийн хүчин зүйл улс бүрд өөр байдаг.

Тиймээс тухайн улс ямар нөхцөлд, ямар нотолгоонд тулгуурлан шийдвэр гаргасныг ойлгох ёстой болохоос биш, шийдвэрийг нь тэр чигээр нь хуулбарлаж болохгүй.

Жишээлбэл, Африкийн зэрлэг одос үхэр нь SAT ийлдэс хэвшлийн вирусийн байгалийн нөөц эзэн болох нь судалгаагаар тогтоогдсон. Гэвч энэ нь Африкийн экосистемийн онцлог бөгөөд Монголд ийм нөхцөл байхгүй. Монголын буга, зээр зэрэг зэрлэг туруутан амьтад шүлхийн вируст мэдрэмтгий байж болох ч Африкийн зэрлэг одос үхэр шиг халдварыг байгальд удаан хадгалж, бие даасан халдварын эх уурхай болдог гэсэн шинжлэх ухааны нотолгоо одоогоор байхгүй. Иймээс Африкт хийсэн ажиглалтыг Монгол улсын тархвар судлалын нөхцөлд шууд адилтган тайлбарлах нь үндэслэлгүй.

Мөн SAT-1 ийлдэс хэвшил бусад хэвшлээс өөр замаар халдварладаг гэсэн ойлголт бий. Энэ нь бас ташаа ойлголт. Шүлхийн долоон ийлдэс хэвшил антигенийн болон генетикийн хувьд ялгаатай тул тус бүрдээ тохирсон вакцин шаарддаг. Харин халдвар дамжих үндсэн механизм, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг хувирал, тархвар судлалын үндсэн зарчим нь ижил байдаг.

-Та өмнө нь шүлхийтэй тэмцэнэ гэдэг нь зөвхөн өвчилсөн малтай тэмцэх биш гэж хэлсэн. Үүнийг тодруулбал?

-Шүлхийтэй тэмцэнэ гэдэг нь зөвхөн өвчилсөн малын асуудал биш. Вирусээр бохирдсон орчныг хамтад нь хянах асуудал юм. Халдвар авсан мал эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө болон өвчний эхэн үед вирусийг гадаад орчинд их хэмжээгээр ялгаруулдаг. Шүлс, цэврүүний шингэн, сүү, ялгадас, мөн бохирдсон тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл зэрэг нь тодорхой хугацаанд халдвар дамжуулах эрсдэлтэй байдаг. Тиймээс ариутгал, халдваргүйтгэл, биоаюулгүй байдал, малын шилжилт хөдөлгөөний хяналт нь шүлхийтэй тэмцэх үндсэн арга хэмжээний салшгүй хэсэг юм.

ДМАЭМБ-ын гарын авлагад шүлхийн цочмог халдварын дараа ихэнх амьтны биеэс халдварт вирус арилдаг гэж тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шүлхий нь эмнэлзүйн хувьд эдгэрдэг өвчин мөн.

Гэхдээ зөвхөн өвчилсөн малын шинж тэмдэг арилахыг анхаарах нь хангалтгүй. Харин тухайн малаас орчинд тархсан вирусийг хот айл, ферм, сүргийн хүрээнээс цааш алдахгүй, халдварын гинжин хэлхээг таслахад гол анхаарлаа хандуулах ёстой. Зарим амьтны залгиур-багалзуурын хэсгээс халдвар авснаас хойш 28 хоногоос дээш хугацаанд вирус илрэхийг “тээгч байдал” (carrier state) гэж нэрлэдэг.

-Шүлхий өвчин эмнэлзүйн хувьд бүрэн эдгэрсэн, эсвэл тухайн мал тээгч хэвээр байгааг хэрхэн ялгах вэ?

-Гэхдээ тээгч амьтан байна гэдэг нь дахин шинэ халдварын эх уурхай болдог гэсэн үг биш. ДМАЭМБ-ын гарын авлагад ч тээгч амьтдын тархвар судлалын ач холбогдол хязгаарлагдмал хэвээр байгааг дурдсан байдаг. Өнөөгийн судалгаагаар зөвхөн Африкийн зэрлэг одос үхрийн хувьд маш ховор тохиолдолд халдвар дамжуулсан байж болзошгүй талаар мэдээлсэн ч халдвар дамжсан механизм бүрэн тогтоогдоогүй хэвээр байна.

Иймээс өнөөгийн шинжлэх ухааны нотолгоогоор тээгч байдлыг шинэ дэгдэлтийн бие даасан эх уурхай гэж үзэх хангалттай үндэслэл байхгүй.

Тиймээс ДМАЭМБ-ын стандарт, гарын авлагаас эшлэл татахдаа ганц өгүүлбэрийг салгаж тайлбарлах бус, тухайн бүлгийн зорилго, нөхцөл, шинжлэх ухааны үндэслэлийг бүхэлд нь ойлгож хэрэглэх нь чухал.

Шинжлэх ухаанд таамаглал байж болно. Харин бодлого, шийдвэрийг таамаглал бус, лабораторийн баталгаажуулалт, тархвар судлалын мөрдөн тогтоолт, эрсдэлийн үнэлгээ зэрэг бодит нотолгоо удирдах ёстой.

– Таны бодлоор мал эмнэлгийн салбар хамгийн түрүүнд юуг өөрчлөх шаардлагатай вэ?

–Бидэнд шинэ онол, шинэ стандарт хэрэггүй. Дэлхий нийт энэ замыг биднээс өмнө туулж, олон алдаа гарган, түүнээсээ сургамж авч өнөөгийн олон улсын стандартыг бүрдүүлсэн. Харин бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол тэр хуримтлагдсан мэдлэгийг зөв ойлгож, зөв хэрэгжүүлж, хэрэгжилтээ шинжлэх ухааны нотолгоо, баримтаар баталж чаддаг тогтолцоо юм. Олон улсын стандартыг мөрдөнө гэдэг нь гаднын байгууллагын шаардлага биелүүлж байгаа хэрэг биш. Харин өөрсдийн гаргаж болох алдааг багасгаж, эрсдэлээ бууруулж байгаа хэрэг. Учир нь стандарт бүрийн цаана дэлхийн олон орны үнэтэй сургамж бий. Тэр сургамжаас суралцахгүй бол бид өөрсдөө ижил алдааг дахин давтана.

Эцэст нь тэр алдааны өртгийг вирус биш, малчин, төр, экспорт, улсын эдийн засаг төлдөг. Тиймээс би нэг л зүйлийг хэлмээр байна. Шинжлэх ухааныг хүндэлдэг улс л халдварт өвчнийг үр дүнтэй хянаж чаддаг. Олон улсын стандартыг зөв ойлгож, үндэсний онцлогтоо нийцүүлэн хэрэгжүүлдэг улс л малынхаа эрүүл мэндийг хамгаалж, экспортоо хөгжүүлж, дэлхийн итгэлийг олдог.

Шүлхийтэй тэмцэхэд хамгийн үнэтэй зүйл нь вирус бус, шинжлэх ухааны нотолгоог үл ойшоосноос алдсан цаг хугацаа, давтагдсан алдаа юм. Миний бодлоор өнөөдрийг хүртэл шүлхийн халдварыг бүрэн хяналтдаа авч чадаагүй байгаа нь үүнтэй холбоотой. Энэ байр сууриа би салбарынхаа хүрээнд үргэлж ил тод илэрхийлдэг.

–Зарим хүн “Япон ингэж хийсэн, Европ ингэж ажилладаг учраас Монгол ч мөн адил өвчилсөн бүх малыг устгах ёстой” гэж ярьдаг. Энэ зөв харьцуулалт мөн үү?

–Энэ бол хамгийн түгээмэл боловч хамгийн буруу харьцуулалтын нэг. Япон, Австрали, Шинэ Зеланд болон Европын олон улс ДМАЭМБ-аас “шүлхийгүй, вакцин хэрэглэдэггүй” статустай гэж хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Энэ статусаа хадгалахын тулд тэд олон арван жилийн турш шинжлэх ухаанд суурилсан тогтолцоог бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, тэд зөвхөн өвчин гарсны дараа ажилладаггүй. Өдөр бүр тандалт хийж, эрсдэлийг үнэлж, импорт, экспорт, мал, амьтан, бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хатуу хяналт тавьж, лабораторийн баталгаажуулалт, эрт сэрэмжлүүлэх тогтолцоогоо тасралтгүй ажиллуулдаг. Тэдний хамгийн том хөрөнгө нь өвчин гарсны дараах устгал биш, өвчин гарахаас өмнөх бэлэн байдал юм.

Ийм тогтолцоотой, шүлхийн вирус дотооддоо тогтвортой эргэлддэггүй улс оронд ганц нэг голомт илэрвэл өвчилсөн болон хавьталд өртсөн малыг устгах нь халдварын гинжин хэлхээг богино хугацаанд таслах шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээ болдог. Шаардлагатай тохиолдолд хамгаалалтын вакцинжуулалтыг ч хавсран хэрэгжүүлдэг. Харин халдвар бүрэн хяналтад орсны дараа вакцинжуулсан малыг устгаж, тандалт, лабораторийн шинжилгээ болон бусад нотлох баримтаар вирусын эргэлт тасарсныг баталгаажуулсны үндсэн дээр ДМАЭМБ-аас “шүлхийгүй, вакцин хэрэглэдэггүй” статусаа дахин сэргээдэг.

Хэрэв тухайн улс вакцинжуулалтыг үргэлжлүүлэн эрсдэлээ удирдах бодлого сонговол “шүлхийгүй, вакцин хэрэглэдэг” статусаар ажилладаг. Аль ч тохиолдолд тархвар судлалын тандалт, лабораторийн баталгаажуулалт, малын шилжилт хөдөлгөөний хяналт, вакцинжуулалтын бүртгэл зэрэг нотолгоо зайлшгүй шаардлагатай. Энэ нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн Шүлхийтэй тэмцэх шаталсан аргачлал буюу PCP-ийн үндсэн зарчим юм. Өөрөөр хэлбэл, шүлхий гардаг ч бай, гардаггүй ч бай бүх улс орон өөрийн тархвар судлалын нөхцөлд тохирсон замын зургаа энэ аргачлалаар тодорхойлдог.

-Манай улс ингэж замын зураглалаа гаргадаг уу?

Тийм, гэхдээ Монгол Улсын нөхцөл өөр. Манай улсад шүлхийн вирус дотооддоо эргэлдэх эрсдэлтэй, мал сүргээ өргөн уудам нутагт бэлчээрээр хариулдаг, малын шилжилт хөдөлгөөн их, олон сая малтай. Ийм нөхцөлд бид PCP-ийн гуравдугаар шатанд тохирсон, эрсдэлд суурилсан хяналт, тэмцлийн бодлого хэрэгжүүлж байна. Тиймээс тархвар судлалын нөхцөл огт өөр улсын нэг арга хэмжээг дангаар нь авч үзээд Монголд шууд хэрэгжүүлэх нь үндэслэлгүй.

Устгал өөрөө зорилго биш. Энэ бол халдварын гинжин хэлхээг таслахад ашигладаг олон арга хэмжээний зөвхөн нэг гэдгийг дээр дурдсан. Түүнийг хэрэглэх эсэхийг тухайн улсын нэрээр биш, харин дэгдэлтийн тархвар судлалын нөхцөл, халдварын тархалтын хүрээ, хэрэгжүүлэх боломж, хяналтын зорилго болон эрсдэлийн үнэлгээнд үндэслэн шийдэх ёстой.

–Монгол Улс шүлхийтэй тэмцэхдээ энэхүү PCP-ийн шаталсан аргачлалыг баримталдаг юм уу?

-Тийм ээ. Монгол Улс ч энэ аргачлалын дагуу явж ирсэн. 2019 оноос өмнө шүлхийн дэгдэлтүүд ихэвчлэн тодорхой бүсэд хязгаарлагддаг байсан учраас устгал, хорио цээр, малын шилжилт хөдөлгөөний хяналт зэрэг арга хэмжээ үр дүнтэй хэрэгжиж байсан. Тиймээс тухайн үед бид PCP-ийн 5 дугаар шатанд хүрэх урт хугацааны зорилтын хүрээнд баруун бүсийн долоон аймгийг “шүлхийгүй, вакцин хэрэглэдэггүй бүс” болгон ДМАЭМБ-аар хүлээн зөвшөөрүүлэх зорилт тавьсан.

Энэ хүрээнд 2009 оноос шаардлагатай баримт бичгээ боловсруулж эхэлсэн. Дараа нь 2015, 2017, 2021 онд тандалт, лабораторийн баталгаажуулалтаа хийж, шаардлагатай нотлох баримтаа бүрдүүлсэн. Харамсалтай нь үнэлгээний явцад шинэ дэгдэлтүүд бүртгэгдсэнээр бид тухайн статусыг авч чадаагүй. Түүнчлэн 2019 оноос хойш О ийлдэс хэвшлийн шүлхийн вирус Монголд эндемик шинжтэй эргэлдэх болж, тархвар судлалын нөхцөл үндсээрээ өөрчлөгдсөн. Ийм нөхцөлд өмнөх арга хэмжээг өөрчлөлтгүй үргэлжлүүлэх нь шинжлэх ухааны үндэслэлгүй болсон.

-Тэгэхээр шинэ аргачлал хэрэгтэй гэсэн үг үү?

-Бид тухайн үед сонгосон стратегиа дахин үнэлж, PCP-ийн аль шатанд байгаагаа эргэж харах шаардлагатай болсон. ДМАЭМБ, ХХААБ болон Шүлхийтэй тэмцэх Европын комисс (EuFMD)-ын хамтран боловсруулсан Шүлхийтэй тэмцэх шаталсан аргачлал буюу PCP нь бүх улсад ижил арга хэмжээ тулгадаггүй. Харин улс бүрийн шүлхий өвчний тархвар судлалын нөхцөл байдалд тохируулан ямар зорилго тавих, ямар арга хэмжээ хэрэгжүүлэхийг үе шат бүрээр нь тодорхойлсон байдаг.

Өөрөөр хэлбэл, улс орон бүр өөрийн тархвар судлалын үнэлгээ, эрсдэлийн үнэлгээ, лабораторийн нотолгоо, мал аж ахуйн бүтэц, эдийн засгийн боломждоо тулгуурлан тухайн шатанд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж, нотолгоогоо бүрдүүлдэг. Дараагийн шатанд ахих уу, эсвэл одоогийн шатандаа үргэлжлэн ажиллах уу гэдэг нь тухайн улсын хэрэгжилт, нотолгоо, чадавхаас хамаардаг.

Үүний үндсэн дээр улс бүр Үндэсний хэмжээний шүлхийтэй тэмцэх албан ёсны хяналтын хөтөлбөр (OCP)-өө боловсруулж, ДМАЭМБ-аар батлуулан хэрэгжүүлж, үр дүнгээ тогтмол тайлагнадаг. Манай улсын хувьд 2022 оноос тактикаа эрсдэлд суурилсан вакцинжуулалтын бодлого болгон өөрчилж, зөвхөн үхэр сүргийг вакцинжуулж байгаа шийдвэрээ шинжлэх ухааны нотолгоогоор баталж чадсан. Ингэснээр 2025 онд ДМАЭМБ-ын 92 дугаар Ерөнхий чуулганы үеэр Монгол Улсын шүлхийтэй тэмцэх албан ёсны хяналтын хөтөлбөрийг сэргээн баталгаажуулсан. Энэ бол Монгол Улс PCP-ийн дараагийн шатанд ахих замаа зөв тодорхойлж, зөв хэрэгжүүлж байгааг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлсэн хамгийн чухал амжилт юм.

ШИНЖЛЭХ УХААНЫГ ХҮНДЭЛДЭГ УЛС Л ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ ҮР ДҮНТЭЙ ХЯНАЖ ЧАДДАГ

-Ярилцлагынхаа төгсгөлд уншигчдад юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Эцэст нь нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Монгол Улс нүүдлийн мал аж ахуйтай орон гэдэг нь шүлхий өвчнийг хянах боломжгүй гэсэн үг биш. Бид өөрийн гэсэн онцлогтой ч шинжлэх ухааны үндсэн зарчим хаана ч ижил байдаг. Хамгийн чухал нь бид нэг ойлголттой, нэг зорилгын төлөө хамтран ажиллах ёстой. Энэ ажлыг нэг хүн, нэг байгууллага дангаараа хийж чадахгүй. Малчин, малын эмч, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллага, сургуулиуд, төр, төрийн бус байгууллага, шийдвэр гаргагчид гээд бүх талын хамтын ажиллагаа л амжилтын үндэс болно.

-Бид өөрсдөөсөө нэг асуултыг шударгаар асуух хэрэгтэй. Өмнө нь хэрэгжүүлсэн арга хэмжээний бодит үр дүн өнөөдөр хаана байна вэ?

-Хэрэв хүссэн үр дүндээ хүрээгүй бол өчигдрийн арга барилаа өнөөдөр дахин давтаад өөр үр дүн хүлээх боломжгүй. Бид өнгөрснөө биш, өнөөдрийн бодит нөхцөлөө үнэлж, маргаашийн шийдвэрээ гаргах ёстой. Мөн бид хэт яарах хэрэггүй. Богино хугацааны үр дүнг хэт эрмэлзэх нь заримдаа урт хугацааны зорилгоосоо өөрсдийгөө холдуулах эрсдэлтэй байдаг. Бидэнд мэдлэг бий, туршлага бий, хамтран ажиллах түншүүд бий, хийх ажил их бий. Хэрэв бид шинжлэх ухаанд суурилсан, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргаж, хамтын ажиллагаагаа тууштай үргэлжлүүлж чадвал Монгол Улс шүлхийтэй тэмцэх урт хугацааны зорилгодоо гарцаагүй хүрнэ гэдэгт би итгэдэг.

-Ярилцсанд баярлалаа.

ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 32 хэм дулаан
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 32 хэм дулаан
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!