Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийтдээ 16975 хүнд коронавирусийн шинжилгээ хийснээс 13 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Эдгээр тохиолдол нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ.
- Ачтан эмнэлэг 1 эмч- тусгаарлалтад байсан.
- БГД-ийн 4 дүгээр хорооны батлагдсан тохтолдлын хавьтал 3 өрхийн 7 хүн
- Батлагдсан тохиолдлын хөрш 1 хүн
- БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын хөрш нэг өрхийн 4 хүн байна.
Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 643-д хүрлээ. Улсын хэмжээнд 1469 тохиолдол бүртгэгджээ. Үүний 909 хүн нь эмчлэгдэж эдгэрээд байгаа бол 549 хүн эмчлэгдэж байна.
Өнөөдөр Цэргийн төв эмнэлэгээс 18, ХӨСҮТ-өөс 20 хүн эмчлэгдэн гарч, дараагийн тусгаарлалтад шилжжээ.
ХӨСҮТ-д 250 хүн эмчлэгдэж байна. Тэдний хамгийн ахмад нь 101 настай хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 175 хүн эмчлэгдэж байгаа аж. Тэднээс нэг хүн маш хүнд гэсэн оноштой байна. Хан-Уул дүүргийн эмнэлэгт 300 ортой эмнэлэгт 124 эмчлэгдэж байгаа юм байна.
Идэвхтэй байгаа голомтуудын талаарх мэдээлэл
Ачтан эмнэлэгийн голомтоос батлагдсан тохиолдол 48 болсны 22 нь эмнэлгийн ажилтан байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас гадна хөрш, нэг орцныхонд нь халдвар дамжих замаар халдварын тархалт нэмэгдэж байгааг хэллээ.
Улаанбаатар хотод Мөнххада компанийн ажилчид, Тэнүүн-Огоо компанийн ажилчдаас үүссэн голомтын халдварын тархалт үргэлжилж байгаа бөгөөд эдгээрээс үүдэлтэй БГД-ийн 5 орон сууцанд голомт байгаа аж.
Мөн БЗД-ийн 17 дугаар хороонд 4 гэр бүлийн 10 гаруй хүн халдвар аваад буй голомтын халдвар маш идэвхтэй байгааг анхаарууллаа. Тус хороонд голомтын илрүүлэг шинжилгээний ажлыг өнөөдрөөс зохион байгуулж ажиллаж байгаа юм байна.
- Хатан жолоо компанийн 1 ажилтан халдварт өртсөн учраас тус байгууллагын ажилчдыг шинжилгээнд хамруулсан байна.
- БЗД-ийн 17 дугаар хорооны ажилтан 3 хүн өвчилсөн учраас хорооны үйл ажиллагааг зогсоожээ.
- Харуул хамгаалалтын 2 компанийн ажилтан халдвар авсан учраас 6-10 хүнийг тусгаарласан.
БГД-т хийсэн шинжилгээнээс 8 халдварын тохиолдлыг илрүүлжээ. Тиймээс ард иргэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийг идэвхтэй хэрэгжүүлэх шаардлагатайг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа анхаарууллаа.