Италийн "Ювентус" клубын португал довтлогч Криштиану Роналдо албан ёсны тоглолтуудад хийсэн гоолын тоогоор Австри, Чехословакын шигшээ багийн довтлогч асан Йозеф Бицаны дээд амжилтыг давтжээ.
Ням гарагт болсон Италийн аварга шалгаруулах тэмцээний “Сассуоло” багийн эсрэг хийсэн (3:1) онооны харьцаатай тоглолтод Роналдогийн оруулсан гоол нь клубууд болон шигшээ багийнхаа төлөө тоглох хугацаандаа хийсэн 759 дөх гоол нь болжээ. Түүнээс өмнө Австри, Чехословакын шигшээ багуудад 1950-иад он хүртэл тоглож байсан Йозеф Бицан дээд амжилтын эзэн байжээ. Роналду өмнө нь 757 гоол оруулж байсан Пелегийн дээд амжилтыг эвдсэн юм.
“Алтан бөмбөг” шагналыг таван удаа хүртсэн өдгөө 35 настай Роналдо 2018 оны зунаас хойш "Ювентус" багт хүчин зүтгэж байгаа бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд Италийн аварга болж /2019/, Италийн Супер цомын төлөөх тэмцээнд /2018/ түрүүлжээ. Өмнө нь тэрбээр Испанийн "Реал" /Мадрид/, Английн "Манчестер Юнайтед", Португалийн "Спортинг" клубд тоглож байсан юм.