БАЙР СУУРЬ: “Онтрэ“-гийн хэлэлцээрийг эцэслэтэл “хойшлуулсан“ зэсийн АМНАТ-ийг бууруулах асуудлаар тэд ЮУ ХЭЛЭВ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 50 секунд

Засгийн газраас УИХ-д Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хууль санаачлагчид "Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасан зэсийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг хэт өндрөөр тогтоосон нь Монгол Улсад шинээр зэсийн ордыг ашиглалтад оруулах нөхцөлийг бууруулж байна" гэж үзэн, Зэсийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах АМНАТ-ийн хувь, хэмжээ нь зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч хүдэрт 0-15 хувь, баяжмалд 0-5 хувь, бүтээгдэхүүнд 0-2.5 хувиар ногдуулан өөрчлөх зохицуулалтыг тусгасан аж. Тэгвэл нэр бүхий УИХ-ын гишүүд, улстөрчид АМНАТ-ийг бууруулах эсэх дээр маргаан үүсгээд байгаа юм. Тэдгээрийн байр суурийг тодруулан хүргэж байна.

-Зэсийн үнэ өсөөд байхад АМНАТ-өө 3 дахин бууруулах нь аль талд үйлчилж буй лоббины хууль вэ-

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал энэ талаар мэдээлэл хийхдээ “Зэсийн нөөц ашигласны төлбөрийг 3 дахин бууруулах хуулийн төсөл орж ирсэн байна. Зэсийн үнэ 9000 ам.доллароос дээш байсан тохиолдолд 15 хувь байсныг таван хувь болгож буюу 3 дахин бууруулж орж ирж байна. Нэгдүгээрт, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр түүхэн хэмжээнд хүрч өсөж байгаа. Нэг тонн зэс 13832 ам.доллар байна. Нэг жилийн дотор 42.5 хувиар өссөн гэсэн үг. Гэтэл манайх төлбөрөө 3 дахин бууруулж буйг ойлгохгүй байна. Энэ хэний талд үйлчилж байгаа логик юм бэ. Аль талд үйлчилж байгаа лоббины хууль вэ.

“Онтрэ”-гийн хэлэлцээр явагдаж буй энэ үед зэсийн АМНАТ-ийг бууруулах хууль орж ирдэг нь аль талд үйлчилж буй хуулийн хулгай яваад байна аа. Оюу толгойн хэлэлцээрийг ахалж буй ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр маш их хуулийн хулгай ярьсан мөртлөө үүнийг зөвшөөрч байгаа юм уу. Г.Дамдинням сайд “Онтрэ”-гийн хэлцэл эхлэхээс өмнө зэсийн АМНАТ-өө өөрөө санаачилж бууруулж байгааг аль талд үйлчилж байна гэж ойлгох юм бэ” гэсэн юм.

-АМНАТ-ийг өсгөх, бууруулах эрх нь УИХ-ын онцгой бүрэн эрх-

Харин АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Буруу ойлгосон бололтой байна. Олон том төсөлтэй болж, бид "Рио Тинто"-д хүссэн үедээ шууд шахалт үзүүлээд ярилцаж чаддаг болох бодлого дэвшүүлсэн юм.

Зэсийн АМНАТ "Оюу толгой" дээр 5 хувь тогтворжуулсан гэрээтэй байдаг. Шинэ хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ийг 5+5 буюу нийт 10 хувийн төлбөрийг ногдуулахаар тусгасан.

АМТХ-ийн 5.5-д Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр заасан. Онтрэ дээр 34 хувиа бид үнэ төлбөргүй авна. Түүнийг тусгай АМНАТ-өөр оруулж болно гэсэн хуультай. Шинэ хуульд тэр эрх хэвээр байгаа. Хөндөөгүй, хөндөхгүй.

Хэрэв бид зэсийн салбараа бодлогоор гаргаж ирэхгүй бол Оюу толгой, Эрдэнэт гэсэн хоёр төсөлтэй л байж байна. Өөр төсөл нээгдэхгүй. Шинээр нэмж татвар төлөгч бий болохгүй. Зөвхөн нүүрсээ шүтээд л амьдарна даа.

Яаж өөрчлөх нь УИХ-ын бүрэн эрх. ЗГ төслөө УИХ-д өргөн брьсан. АМНАТ-ийг хэд ч болгож өсгөх, бууруулах эрх нь УИХ-ын онцгой бүрэн эрх" гэж тайлбарлав.

-Хуулийн зарим заалтыг мушгиж, буруу тайбарлаж буйд харамсаж байна-

УИХ-ын гишүүн Б.Уянга “Энэ хууль УИХ-ын босгыг арайхийж давлаа. Мэргэжлийн байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлээгүй байхад зарим нэг агуулгыг нь мушгиж, харлуулж, буруу тайлбарлаж буйд харамсаж байна. Харин оруулж ирсэн хуулийг нь яаж сайжруулах уу, өнөөгийн нөхцөлд нийцэх үү үгүй юу гэдгийг тал талаас нь ярилцаж байгаад батлах нь Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй болов уу” гэв.

-Баяр наадмын өмнө хуулийн хулгай, баялгийн хулгай хийх гэж байна-

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо “Баяр наадмын өмнө хуулийн хулгай, баялгийн хулгай хийх гэж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд монголчуудын эрх ашигт нийцэхгүй, "Рио Тинто" компанид давуу байдал бий болгох хоёр ч НОЦТОЙ асуудал байна.

Нэгдүгээрт, зэсийн баяжмалд төлөх өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу татварыг 3 дахин бууруулж байгаа нь Рио Тинто, Онтрэ компанид л ашигтай. Оюу толгойн бүлэг ордын нөөцийн 30 хувь байдаг "Онтрэ"-гийн тусгай зөвшөөрөлтэй талбайг хэрхэн ашиглах уу гэдэг яриа хэлэлцээ үргэлжилж байхад татвараа 3 дахин бууруулах төсөл санаачилж байгаа Г.Дамдинням сайд хэнд үйлчилж байна вэ. Хоржоонтой нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьд энэ татвар буурахгүй, дагаж мөрдөх журмын хуулийн төсөлд сэмээрхэн шургуулжээ. Үүнийг л хуулийн хулгай гэнэ биз дээ, Б.Энхбаяр сайд аа.

Хоёрдугаарт Оюу толгой нэхэмжлэлтэй татварын арбитрын маргааны нэг хэсэг болсон асуудлыг Рио Тинтод ашигтайгаар шийдэх гэж байна. Маргаан шийдвэрлэгдэж дуусаагүй байхад айлын талын байр суурьт нийцүүлж хуулиа өөрчлөх нь ямар зорилготой вэ, хэнд ашигтай хууль вэ" гэж шүүмжлэв.

-"Эх оронч" царайлсан улсаас би айдаг-

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Баярбаатар нарын гишүүдийг шүүмжилж "Хандлага талаас нь ярьвал "эх оронч" царайлсан ийм улсаас би айдаг. 17 жилийн өмнө яг ийм царайлсан улс УИХ-ын 57-р тогтоол (34 хувьтай, тэрийгээ 50 хувиас дээш болгох заавартай) батлуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг гадаадаас авах зээл болгож билээ. Тэрэнд бид одоог хүртэл хордсоор л. Гэтэл зээл авах болсон шалтгааны тухай энэ улс огт ярихгүй. Зээлийн хүү өндөр байна гээд л хашгичаад, "эх орноо хайрлаад л" явна" хэмээн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлсэн юм.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар "Ашигт малтмалын хуулийг хэлэлцэж батлуулахдаа зэсийн АМНАТ-д хүрэхгүйгээр хуулийн төсөл дэх бусад асуудлаа шийдээд явъя" гэсэн шийдэлд хүрсэн байна.

СУРВАЛЖИЛГА: Гадаадын их сургуулиас 750 сая төгрөгийн тэтгэлэг авсан сурагч “Динза Элч” ном уншлагын хөдөлгөөний шугамаар 1.5 тэрбум болгож ахиулжээ
СУРВАЛЖИЛГА: Гадаадын их сургуулиас 750 сая төгрөгийн тэтгэлэг авсан сурагч “Динза Элч” ном уншлагын хөдөлгөөний шугамаар 1.5 тэрбум болгож ахиулжээ
 
Ши Жиньпин энэ оны анхны гадаад айлчлалаа Хойд Солонгосоос эхлүүлэв
Ши Жиньпин энэ оны анхны гадаад айлчлалаа Хойд Солонгосоос эхлүүлэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!