Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 10 секунд

ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүсчилсэн уулзалтыг зохион байгуулж байна. Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт өнөөдөр Булган аймгийн төв Булган хотод эхэллээ.

Уулзалтад хойд бүс буюу Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүд, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нийт 400 гаруй хүн оролцож байна.

Уулзалтыг нээж Хойд бүсийн зөвлөлийн дарга бөгөөд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир хэлсэн үгэндээ Булган, Хөвсгөл, Орхон аймгуудын хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, улсын эдийн засгийн өсөлтөд оруулж буй хувь нэмэр, цаашдын чиг хандлагын талаар товч мэдээллээ. Хойд бүсийн аймгууд нийт 29.6 малчин өрхтэй, 2025 оны эцсийн байдлаар 9.4 сая толгой мал тоолуулжээ. Бүсийн хэмжээнд тариалангийн 83.7 мянга га талбайтай. Хойд бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг ухаалаг хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэж тодорхойлсон гэдгийг Бүсийн зөвлөлийн дарга онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Булган аймагт ажиллах үеэрээ хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтад оролцож, Засгийн газрын бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Ерөнхий сайд төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцолж, эдгээр зорилго, хөтөлбөрийн хүрээнд богино хугацаанд хэрэгжүүлэх эрх чөлөөний дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг боловсруулсан гэдгийг хэллээ.

Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа ажлуудыг уулзалтад оролцогчдод танилцуулав.

Тухайлбал, ХХААХҮЯ эх оронч худалдан авалт хийх санаачилга, шийдвэр гаргаж дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа, салбарын бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагагүй баримт бичиг, гэрчилгээ, давхардсан хяналт шалгалтыг хөнгөвчлөх шийдвэрийг гаргасан.

Ингэснээр Валютын өсөлт, импортын хамаарал зэргээс шалтгаалан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тогтвортой байдлыг хангах ажлын байрыг хадгалж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл олголтын шат дамжлагыг багасгах, зарим зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх хугацааг сунгах арга хэмжээг аваад байгаа зэргийг онцлов.

617 иргэнд, ААН-д 98.22 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ
617 иргэнд, ААН-д 98.22 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!