
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНХАУ сэтгүүлчдийн холбоо хамтран 2026 оны тавдугаар сарын 11-16-ны өдрийн хооронд хамтарсан сурвалжилга хийлээ. Сурвалжилгын багт монголын талаас 25 сэтгүүлч, хятад талаас мөн 25 сэтгүүлч оролцсон юм.
Бид тавдугаар сарын 10-ны өдөр Замын-Үүд рүү вагоноор хөдлөлөө. Замын-Үүдэд буугаад цааш жижиг тэргэнд хуваагдан сууж Эрээн хотод зорчих байв. Найман эгнээ жижиг тэрэг урдах машин нь урагшлахад алдахгүй хойноос нь урагшилна. Хэрэв хоцорвол ар дахь машин нь урдуур чихэх учир урд машинаа алдахгүй тийн дагацгаана. Нөгөө талд дахин найман эгнээ машин оочир хүлээн эгнэн зогсоно. Тэр дунд Замын-Үүдийн худалдаа эрхлэгчид банштай цай, зайрмаг, ус ундаа гэх мэтийг зарахаар машин дундуур орилсоор алхана. Өглөөний 08.00 цагт вагоноос буусан бид бага үд буюу 11.00 цаг орчимд хил давав.
Ингээд Замын-Үүдээс ганцхан байшингаар дамжин хилийн цаана гарахад огт өөр газар угтлаа. Замынхаа хоёр талаар битүү мод тарьчихсан, түүнийгээ услах систем нь бүрэн ажиллагаатай, хилийн наана шороо тоос бужигнасан хуурай агаар ганцхан байшингийн цаана чийглэг зөөлөн уур амьсгал болон хувирах нь тэр. Яагаад ганцхан байшингийн наана, цаана ийм хоёр өөр ертөнц бий болсныг гайхан Эрээн хотын төвийг зорилоо.

11-ний өдөр Эрээн хотод хятад улсын сурвалжилгын багийнхантай нэгдлээ. Эхний өдөр Эрээн хотын худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав. Шинээр ашиглалтад орсон гурван давхар, шилэн хана, чулуун хавтангаар баригдсан уг барилга нь 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг ажээ. БНХАУ-ын Эрээн хотын худалдааны чөлөөт бүс нь 18 га газар нутагт худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс хэлбэрээр байгуулагдсан байна. Тус бүсэд өнөөдрийн байдлаар 48 аж ахуйн нэгж байгууллага дөрвөн чиглэлд үйл ажиллагаа явуулж эхлэхэд бэлэн болсон байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, хил орчмын аялал жуулчлал. Дээрх дөрвөн чиглэлийг тэргүүлэх салбар болгосон бөгөөд цаашид нэмэгдүүлэн долоо болгох юм байна. Өнөөдрийн байдлаар тус чөлөөт бүсийн дэд бүтцийн ажилд 1.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг хийжээ. БНХАУ-ын Эрээн хотын чөлөөт бүс нь хуурай замын авто болон төмөр замыг түшиглэн байгуулагдсан худалдаа, эдийн засгийн жишиг чөлөөт бүс болох хэтийн зорилго тавьсан байна. Үүнд хүрэхэд Монгол Улсын Замын-Үүдийн чөлөөт бүстэй хамтран ажиллаж худалдаа, эдийн засгийг гурван улсын коридор байгуулах ёстой гэж Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн удирдлагын газрын дэд дарга Дөү Шяопин ярилаа. 2027 он гэхэд Эрээн болон Замын-Үүд чөлөөт бүсийн хооронд авто замын дэд бүтэц холбогдож, худалдаа, эдийн засгийн урсгал өрнөнө гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлж байв. Энэ хүрээнд Монгол талын төлөөлөлтэй удаа дараагийн уулзалт хийж буй гэнэ. Эрээн хотын худалдаа эдийн засгийн чөлөөт бүс үйл ажиллагаа нь эхэлсэн нөхцөлд 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа тус бүсэд явуулахаар хүсэлтээ хятад талд ирүүлсэн байна. Харин Монгол Улсын Замын-Үүд чөлөөт бүсийн хувьд татваргүй барааны дэлгүүр хэлбэрээр цөөн аж ахуйн нэгж ажиллаж буй. Үүнийг өргөжүүлж хоёр улсын хамтарсан үйлдвэрлэл худалдааны чөлөөт бүс болох ёстой гэж хятадын тал үзэж байна. Эрээн хотын худалдаа эдийн засгийн чөлөөт бүс нь 6 сая тонн ачаа тээврийг эргэлдүүлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ. БНХАУ-д худалдаа, эдийн засгийн 23 чөлөөт бүс байгаагийн нэг нь Эрээн хотынх. Тус бүс нь ӨМӨЗО-д байдаг 3 чөлөөт бүсийн нэг. Ачаа барааны эргэлт, хил орчмын худалдаа эдийн засаг, аялал жуулчлалыг цогцоор нь шийдсэн чөлөөт бүс болохын тулд Замын-Үүдийн чөлөөт бүстэй нягт ажиллах шаардлагатай байгаагаа айлын тал олон удаа дурдаж байв. Ташрамд дуулгахад, Монгол-Хятадын худалдаа эргэлтийн 80 хувь, зорчигч тээврийн 70 хувь нь Замын-Үүд-Эрээн боомтоор хийгддэг байна. Цаашид Эрээн боомт нь чөлөөт бүстэйгээ хамтран төмөр замын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлж, Тяньжинь, Таншань усан боомтоос ирэх ачаа барааг хуурай замын Монгол, Орос, Европт хүргэх гол цэг болгохоор төлөвлөжээ.

Ингээд бид Эрээн хотын музейтэй танилцлаа. Тус музей анх 1986 онд байгуулагджээ. Эрээн хотыг худалдааны чөлөөт бүс болгохоос гадна аялал жуулчлалын бүс болгох зорилт тавьсан тул музейгээ 2016 онд шинэчлэл өргөтгөн байгуулж, 33 м өндөртэй үлэг гүрвэл амьдарч байсан үетэй адилхан болгож зохион байгуулжээ. Монголын говиос үлэг гүрвэлийн араг яс их олддог. Эрээнд ч бас энэ төрлийн үзвэрүүд маш их олддог байна. Эрээн хотын музейд зургаан төрөл зүйлийн 20 гаруй төрлийн үлэг гүрвэлээр хийсэн 200 гаруй үзмэр бий. Үүднээсээ авхуулаад үлэг гүрвэл угтана. Музей рүү орох шатны бариулаа хүртэл дотор байх үзмэрүүдийнхээ толгойгоор хийжээ. Оронгуут өөдөөс тухайн үед амьдарч байсан хамгийн том махчин үлэг гүрвэлийг яг хэмжээгээр нь баримлаар хийж байршуулжээ. Үүднээс тайлбарлагч тосон аваад үзмэр бүрээ нэг бүрчлэн нямбайлан тайлбарлана. Чулуужсан өндөгнөөс эхлээд хэзээнээс ямар үүслээр үүсэн, мөхөх хүртлээ ямар замыг туулсан бүх түүхийг өгүүлнэ. Мөн дунд нь баримтат кино гарган, англи монгол хадмалаар орчуулан үзэгчдэдээ хүргэх нь нэн таатай. Тухайн үеийн мод ургамал, уул ус, амьтан араатанг бас чихмэлээр дуу шуу, хөдөлгөөн оруулан яг л бодит мэт орчныг бүрдүүлжээ. Бүр махчин үлэг гүрвэлийн хоол боловсруулалтыг хүртэл хийсэн баримал дээрээ гэрлээр гарган хэрхэн явагдаж байгаа талаар тайлбарлана.

12-ны өдөр бид Монголд хэрэглэдэг жимс, хүнсний ногооны 70-80 хувийг бэлтгэн нийлүүлдэг Эрээн хотын Хао Ган жимс ногооны үйлдвэртэй танилцлаа. Энэхүү үйлдвэр нь монголд жимс жимсгэнэ, хүнсний ногоо, нарийн ногоо нийлүүлдэг томоохон үйлдвэр юм. Жил бүр үйлдвэрийн экспортын хэмжээ нэмэгдсээр 2023 онд 113 мянган тн, 2024 онд 143 мянган тн жимс, ногоо экспортолж байсан бол 2025 онд 173 мянган тонныг нийлүүлсэн байна. Энд ногоо жимсийг хөлдөөж, боловсруулан, савлаад стандартын шаардлага хангасан ачаа тээврийн машинаар зөөвөрлөн Улаанбаатар хотод хүргэдэг. Тээврийг монголын 69 аж ахуйн нэгж хариуцан ажилладаг байна. Ачаа тээврийн жолооч Т.Гүнжаргал ярихдаа "Монголд жимс, ногоо авдаг 60 гаруй компани байдаг. Тэдний бүх жимс ногоог энэ агуулахаас, 200 гаруй жимс ногоо тээвэрлэх зориулалттай машинаар ачаа тээвэрлэдэг. Эрээнээс гараад Улаанбаатар хүртэл 10 цаг явдаг. Эрээн хотын энэ жимс ногооны агуулах нь цэвэрхэн, стандарт нормтой учраас жимс, ногооны чанар бол маш сайн байдаг. Нэг машинд бүдүүн ногоо 20-25 тонн, нарийн ногоо 19-22 тонн ачиж тээвэрлэдэг. 7 хоногт 2 удаа явах тохиолдол бий" гэлээ. Тус үйлдвэр хүнсний ногоо, жимс жимсгэний 80 агуулахтай. Агуулах бүр 40-50 тоннын багтаамжтай. 0 градусаас 3 хэмд жимс ногоог хадгалдаг байна. Энд хятадын 30 гаруй аж ахуй нэгж, иргэн жимс ногоог бэлтгэн нийлүүлдэг байна.

Эндээсээ бид Улаанцав хотыг зорин хөдөллөө. Эрээн хотоос автобусаар 4 цаг явж хүрэх газар. Нөгөө л зам дагасан шигүү мод, байс гээд таарах нуур гэлтэй наранд гялалзсан том зүйл харагдах нь ус биш тариан талбайд үрсэлгээ хийгээд битүү гялгар уутаар бүтээсэн нь холоос наранд гялтганан том нуур ч юм шиг, гол ч юм шиг харагдах ажээ. 4 цаг автобусаар явж байхад зам дагасан мод нь үл тасарна. Энд мод тариалалтыг утгаар нь хийжээ. Заримдаа бүр бүхэл бүтэн ой тарьчихсантай ч таарна. Бас нэг атаархам зүйл нь замын сүлжээ. Таг хөдөө талд явж байж зам нь дээгүүр доогуургүй сүлжилдэн урсаж, эцэс төгсгөл үгүй давхих чөлөөт урсгал ч юм шиг. Эсвэл үсээ цэмцийтэл сүлжсэн нямбай хүүхэн шиг янз бүрээр сүлжилдэн урсана. Ингээд 4 цагийн дараа бид Улаанцав хотод ирлээ.

Улаанцав хот нь ӨМӨЗО-ны төв хэсэгт байрладаг бөгөөд нийт 54,500 хавтгай дөрвөлжин километр талбайг хамардаг. Бүртгэлтэй хүн амын тоо нь 2.551 саяд хүрч, байнгын оршин суугч хүн амын тоо нь 2025 оны эцэст 1.557 саяд хүрчээ. Харьяандаа 11 хошуу, шянь, дүүргийг хариуцдаг. “Үндэсний соёл иргэншсэн хот”, “Үндэсний цэцэрлэгт хот”, “Үндэсний ариун цэврийн хот”, “Үндэсний хүнсний аюулгүй байдлын жишиг хот” зэрэг цол хүртсэн бөгөөд “Хятадын төмсний нийслэл”, “Хятадын тал нутгийн зуслангийн нийслэл”, “Хятадын овьёосны нийслэл”, “Хятадын тал нутгийн тарагны нийслэл” гэсэн нэр хүндтэй.
Энд бид УБТЗ-аар дамжуулан Европын зах зээлд хятадын барааг гаргах Улаанцавын төмөр замын логистикийн төвтэй танилцсан юм. БНХАУ-ын төрийн бодлогоор 2016 оноос эхлэн зэрэглэлээ нэмэгдүүлж, 2024 оны нэгдүгээр сараас эхлэн Улаанцавын Хятад-Европын ачаа тээврийн шуурхай түгээлтийн төв болон өргөжүүлжээ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй га талбайд тус логистикийн төв ажиллаж байна. Энд төмөр замын ачаа тээвэр, авто замын ачаа тээврийг нэгтгэж, мөн үйлдвэрлэлийн бүс байгуулан цогцоор нь ажиллаж байгаа юм. Тус төмөр замын логистикийн төвд ӨМӨЗО-ны хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг европын зах зээлд гаргах, мөн орос, европоос оруулж ирэх уул уурхай, мод зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулан хятадын дотоод зах зээлд нийлүүлэх тээвэрлэлт, үйлдвэрлэлийн цогцолбор юм. Хятад-Европын төмөр замын тээвэрлэлтийн хүрээнд жилд 1086 удаагийн галт тэрэгний цувааг гаргадаг байна. Хүнс, тоног төхөөрөмж, авто машин зэргийг төмөр замаар голлон тээвэрлэдэг. Тухайлбал, биднийг очиход ӨМӨЗО-ны Баяннуурт ургуулж хураасан наранцэцэгийн хар самрыг европын зах зээлд гаргахаар ачиж байв. Тус төвийн эдийн засгийн хөгжил хариуцсан Жон Дун Ён -ын хэлж буйгаар Хойд болон Бээжингийн тойргийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг европт гаргах, Таньжин усан боомтын ачаа тээврийг хойд бус нутаг болон Монгол, Орос руу тээвэрлэх гол цэг болж байна. Энэ төв нь хятадын барааг экспортлох, мөн зарим улсын бүтээгдэхүүнийг импортлох ажлыг хийж байна. Манай энд зарим аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг савлах, багцах гэх мэт үйлдвэрлэлийн ажил явагддаг. Тухайлбал, манай логистикийн төвөөр дамжуулан 30 мянган тонн самрын үрийг европ руу гаргаж байна гэж танилцууллаа. Тус парк нь “боомтын гаалийн баталгаат үйлчилгээ, орчин үеийн логистик, олон улсын худалдаа, боловсруулалт, үйлдвэрлэлийг хослуулан ажиллаж 2024 оны байдлаар тус паркт 21 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, нийт үйлдвэрлэлийн өртөг нь 2.51 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Мөн нийт татварын орлого 44.54 сая юаньд хүрсэн байна. Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, Монгол Улстай хамтран Европт гаргах ачаа тээврийг нэмэгдүүлэх бодлого барьж цувааны хүлээгдлийг бууруулах дээр талууд ажиллах шаардлагатай байгаа. Учир нь европ руу явж буй Казакстанаар явдаг төмөр замын тээврээс 2800 км товч зам нь Улаанцав-Эрээн-Монгол-Оросоор дамжин 30 гаруй хотоор өнгөрч европт хүрдэг төмөр зам юм.

Үүний дараа Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй Жүнжинь датагийн Улаанцав дахь баазтай танилцлаа. Сэргээгдэх эрчим хүчний Жүнжинь датагийн Улаанцав дахь бааз нь БНХАУ-ын томоохон хот, муж, төр, хувийн хэвшлийн дата мэдээллийг хадгалж, дахин ашиглуулах нөөц бааз суурь бөгөөд мэдээллийг аюулгүй, стандартын дагуу хөргүүртэй байгууламжид хадгалахдаа сэргээгдэх эрчим хүчээр дата серверийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах цогцолбор юм. Улаанцав дахь энэхүү дата баз нь 2021 оноос эхлэн төлөвлөж, 2025 онд ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлжээ. Тус төсөл нь нийт 30 гаруй га талбайг хамарч, нийт 91 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийгдээд байна. Үүний үр дүнд 450,000 м.кв бүхий барилга байгууламж барьж ашиглалтад оруулсан. Мөн Тус төв нь өнөөдрийн байдлаар 338,000 кВт-д эрчим хүчийг хэрэглэж байна. Цаашид 720,000 кВт хүртэл эрчим хүчний хэрэглээтэй бааз болохоор төлөвлөж, барилга байгууламж, серверийн төвөө өргөтгөн барьж байгаа юм байна. Тус дата төвийн жилийн хэрэглээ 2.19 тэрбум кВт·ц-т хүрэх бөгөөд 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэглээгээ хангах юм байна. Энэхүү дата төв нь БНХАУ-ын төр болон бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн дата мэдээлэл хадгалах 12 серверийн танхим байгуулж, 25,000 компьютерын тавиур байршуулаад байна. Энэхүү дата төвийн эрчим хүчний хэрэглээг хангах сэргээгдэх эрчим хүчний төсөл нь 2024 оны аравдугаар сараас 2025 оны есдүгээр сарын хооронд хийгджээ. Жүнжинь датагийн Улаанцав дахь баазын сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтад 1.63 тэрбум юанийг зарцуулаад байна. 200,000 кВт, цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий салхин сэнсний 26 ширхэг турбин байгууламж, нарны эрчим хүчний 100,000 кВт эрчим хүч үйлдвэрлэх станц зэргийг 30 орчим га талбайд байрлуулж, ашиглалтад оруулжээ. Нарны эрчим хүчний станц дээр нэг талын давхар бүрхүүлтэй N төрлийн 710Wp нарны хавтанг ашигладаг байна. Жүнжинь дата төв нь 220 кВ-ын дэд станцыг 2025 оны зургаадугаар сарын 19-нд ашиглалтад оруулжээ. Үйл ажиллагааны үр дүнгийн хувьд төсөл бүрэн хүчин чадлаараа сүлжээнд холбогдсоны дараа жил бүр 854 сая кВт цахилгаан үйлдвэрлэх бөгөөд шинэ эрчим хүчний суурилуулалтын ашиглалтын түвшин нь 96.8 хувиас дээш байхаар төлөвлөсөн гэнэ. Төслийн ногоон цахилгаан хэрэглээний орлого 40 хувьд хүрч, нийт нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 480,000 тонн бууруулах боломжтой гэж компанийн удирдлага танилцууллаа.

Ингээд Улаанцав хотын хүлэмжийн аж ахуй болон ногоо тариалалт, үрслэгээний газруудтай танилцлаа. Органик аргаар помидор тарих хүлэмжийн аж ахуй нь бүхэл бүтэн помидорын ой мэт. Үүдээр нь л хөл тавихад амьд амьтан байх боломжгүй мэт бүхчим халуун уур амьсгал угтана. Бидний зарим агааргүйдэж буцаж гарч, шийртэй хэд орж хүлэмжийг сонирхон үлдлээ. Шилэн хананы цаанаас тарилсан помидорын ой шиг шигүү ургасан их ургац харагдана. Цаашлах тусам хэмжээ нь багассаар ургалтын хугацаагаараа ялгарах ажээ. Бидэнд амсуулахаар ургацынхаа дээжийг ширээ дүүрэн өрж тавьсан байлаа. Амт нь яг л шинэхнээрээ болц нь гүйцсэн амтат помидор байх нь тэр. Бүгд л ам уралдан ямар гоё амттай юм бэ хэмээн магтав.

Дараа нь бид Улаанцав хотын үрслэгээний газрын бяцхан аж ахуйтай танилцлаа. Хүүхдүүдээ дагуулаад очих боломжтойгоор тохижуулсан тус газрын үүдээр ороход л өнгө алагласан олон янзын цэцэг угтав. 100 гаруй төрлийн цэцэгт ургамал болон боловсруулсан ногоо жимсээ энд худалдаална. Зөвхөн ногоо жимс ч гэлтгүй жимсний шүүс, ундаа, зайрмаг, смүүтий гээд гэр бүл, найз нөхдөөрөө зорин ирж тоглож, ном унших орчныг ч бүрдүүлжээ. Үндэсний хөгжмийн хэсэгт нь 20-иод төрлийн хөгжим байршуулж хажууд нь байх кнопыг дарахад тухайн хөгжим нь эгшиглэх нь тэр. Амарч зугаалж, алжаалаа тайлан өнгө алагласан цэцэгсийн дунд алхах тавтай орчныг бүрдүүлсэн нь зөвхөн үрслэгээний худалдаа бус бүх зүйлийг давхар шийдсэн онцгой шийдлийг эндээс харж болохоор байв.
Энэ өдрийн орой бид хурдны галт тэргээр Бээжин хотыг зорьсон юм. Бээжин хотод роботын үйлдвэр, нано технологийн үйлдвэр, автомашины үйлдвэрүүдтэй танилцсан тэмдэглэлээ дараагийн дугаарт хүргэх болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!